Х.Нямбаатар: Голомтын Д.Баясгалан хуулийн зөвлөхөө УДШ-ийн шүүгчээр томилуулахыг санаархаж байна

Нийтэлсэн: Админ 2020-10-28 17:49:00

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа. УДШ-ийн шүүгчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт болон хуульч С.Батхүлэг нарыг нэр дэвшүүлэв.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар С.Батхүлэгийг дэмжих боломжгүй гэсэн бол Ц.Цогт шүүгчийг дэмжиж буйгаар илэрхийллээ.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: “Голомтын Д.Баясгалан гэдэг хүнд шуналаа тат гэж хэлмээр байна. Өөрийнхөө ажилчдаас Их хуралд дэвшүүлнэ, Тавантолгойн төмөр замын ажлыг тендергүй авч хийнэ. Одоо өөрийнхөө хуулийн зөвлөхийг Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах гэж байна.

Шүүхийн тухай хуулийг тодоос тод зөрчиж, хууль дээд зарчмын зөрчиж байгааг боль гэж хэлмээр байна.  Голомт банкны хуульчийн Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжихгүй. “Голомт” банкны захирал Монголын дараагийн эзэн болох гэж байгаа бол бид зүгээр харж байгаад эзний ширээнд нь суулгахгүй. Би баримттай ярина. Нэр дэвшигч С.Батхүлэгийн намтраас 2006-2011 онд “Голомт” банканд хуулийн хэлтэст хуульч, хуулийн хэлтсийн захирал, 2013-2015 онд тус банкы удирдлагын ажлын албаны зөвлөх,  2016 оноос санхүүгийн зөвлөх, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байна.

2015 оны зургаадугаар сараас эхэлж ажилласан гэж тооцохоор дөрвөн жил зургаан сар өмгөөлөгчөөр ажилласан гэж үзье. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих шаардлагад давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан байх, шүүгч прокуророор 10-аас доошгүй жил ажилласан байх, хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд 10-аас доошгүй жил ажилласан байх гэдэг шаардлагуудын аль нэгийг хангасан байх ёстой юм байна. Улсын дээд шүүх хэрэг маргааныг хяналтын журмаар эцэслэж шийддэг хамгийн дээд байгууллага. Хоёрдугаарт, Улсын дээд шүүх бол эрх зүйн хөгжүүлэлт хийдэг шүүх. Түүнээс биш компаниуд хуулийн зөвлөхөө уралдаж тавьдаг газар биш. Би Ц.Цогт дээр ямар ч зүйл ярихгүй. Ц.Цогтыг дэмжиж байна. Ц.Цогт бол шүүхийн нүүр царай болж, ид өсөж яваа шүүгч. Энэ хүнд 200 хувийн санал өгч байна.  С.Батхүлэгийг хувь хүнийх нь тухайд яриагүй. Түүний анкет, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль хоёрыг л ярьж байна. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх асуудлаас хойшлуулъя” гэв.

 

С.Саран