З.Энхболд: Ерөнхийлөгч зээл тэглэх бодолгүй байгаа
Хуучин оны /2019/ босгон дээр Ерөнхийлөгч Х.Баттулга оргилуун дарс өргөнгөө нэгэн үг хэлсэн нь шинэ оны эхний өдрүүдийн гол сэдэв болж байна. Тэр нь “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэсэн тухай.
Ер нь ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэрх боломжтой юу?. Газрын доорхи баялгаа ашиглах зорилгоор ард түмэн хүртээлтэй байлгаж чадах уу? гэсэн асуулт эндээс хөвөрсөн нь мэдээж.
Тэр дундаа дарс өргөнгөө нэг удаа зээл тэглэхээ илэрхийлсэн Ерөнхийлөгчийн үгэнд “итгэсэн” ахмадууд нийслэл гэлтгүй хөдөө орон нутгаар олширчээ. Бүгдээрээ дор бүрнээ утсаа шүүрэн авч танил тал, ах дүү, хамаатан садан руугаа шинэ оны эхний өдөр утас цохиж өнжсөн болов уу. Гэвч энд нэг асуулт байна.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг парламентаар хэлэлцэх үеэр яг асуудлыг хэлэлцэж байжээ. Ердөө жилийн өмнө. Тэгэхэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ипотекийн зээлийг буулгах асуудал дээр Ерөнхийлөгч ажиллах уу? Ямар байр суурьтай байгаа вэ. Мөн шагналын асуудлыг шийдэж өгөөч. 23 настай залуу Алтангадас одон авсан байхад 23 жил ажилласан хүн авч чадахгүй байна. Гуравдугаарт, Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж амлаж байсан. Энэ амлалт нь хэвээрээ юу гэдэгт тодорхой хариулт өгөөч” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод асуулт дайж байв.
Хариуд нь З.Энхболд дарга “Бүх асуудал дээр хориг тавих бодолгүй байгаа. О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээн амалсан гэж цуурхал тараахаа болих хэрэгтэй. АН Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлсний хувьд “Хэрэв сонгогдвол гурав их наяд орчим төгрөгийн зээлийг төлөх талаар ард түмэндээ туслаарай” хэмээн захиа, даалгавар өгсөн. Ерөнхийлөгчийн байр суруь одоо ч хэвээр байгаа.
Үндсэн хуулийн 6.1-т заасан байгалийн баялгийн ногдол ашгаас энэхүү зээл төлөгдөх боломжтой. Гэхдээ иргэддээ ногдол ашиг хуваарилснаар зээлээ төлөх, эсвэл өөр зүйлд зарцуулах нь иргэдийн сонголт юм.
Иймд Ерөнхийлөгч өөр ямар нэгэн эх үүсвэрээр зээлийн төлбөр тэглэх бодолгүй байгаа. Эрх нь ч Үндсэн хуулиар олгогдоогүй.
Шагналын хувьд үргэлж маргаан дагуулдаг. Гишүүд шагналын өргөдөл хүлээж авахаа зогсоомоор юм билээ. Шагналын журамд УИХ-ын гишүүн шагналын өргөдөл хүлээн авна гэж заагаагүй. Тэтгэвэрт гарсан хүн бол орон нутгийнхаа засаг захиргаагаар, ажил хийж байгаа бол холбогдох салбарынхаа яаманд өргөдөл өгөх журамтай" гэсэн хариултыг өгч байжээ.
Тэгэхээр шинэ оны босгон дээр ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарсан тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээнд багтсан үг нийгэм ялангуяа улс төрийн хүрээнд багагүй маргаан дагуулах бололтой.