"ТРАФИГУРА"-Д ТАЛ ЗАССАН МОНГОЛ ДАРГА НАР

Нийтэлсэн: Админ 2018-07-23 10:45:11

“ТРАФИГУРА”-Д ТАЛ ЗАССАН МОНГОЛ ДАРГА НАР



Монголчууд бид саяхнаас “Трафигура” гэдэг танилтай болсон. Харамсалтай нь шинэ танил маань бидний амин зуулгын шалтгаан, улсын маань стратегийн бүтээгдэхүүн болсон шатахуунаар маань “оролдсон” таагүй үйлдэл хийдэг компани юм.


 

Бас манай улсад тѳлѳх онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй юм байна. Энэ талаар “Үндэсний шуудан” сонинд “…Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт орших шатахуун нөөцлөх агуулахад тэд хууль бус үйл ажиллагаагаа сүүлийн хэдэн жил хийж, монголчуудыг хуурамч шатахуунаар хохироож иржээ.Биднийг Багахангай дүүрэгт байрлах тус агуулахад очиход харуулын албаны ажилтан нь “Манайх орон нутаг руу шатахуун их хэмжээгээр нийлүүлдэг. Гадны хүн орохыг хориглодог. Мөн компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.


 

Гэсэн ч тус агуулахад өдөрт 280 вагон керосин, хийн конденсатын нэрмэл дистиллят, хөнгөн фракцын бензин буюу нафта хэмээх бодисуудыг буулгаж, түүнийгээ нууцын зэрэглэлд найруулан “янзлаад” шатахуун болгон түгээх станцуудад зах зээлийн үнээс хямдаар нийлүүлдэг байна.

 

 

Өөрөөр хэлбэл, шатахууныг дээрх бодисуудаар шингэлэн найруулж, арвижуулаад чанаргүй, хуурамч шатахуун болгодог гэсэн үг. Тус шатахууныг Монголдоо дээгүүрт ордог шатахуун түгээх станцууд худалдан авч, улсын хэмжээн дэх шатахуун түгээгүүрүүдээ хангадаг гэнэ.

 

 

Ингэж найруулсан шатахуун нь машины бензин насос, явах эд ангийг маш богино хугацаанд эвддэгийг холбогдох албаны хүмүүс баримт, судалгаатайгаар гаргаад байгаа билээ. Түүнчлэн тус компани дээрх бодисуудыг ашигласныхаа төлөө улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй аж.

 

 

Тодруулбал, зөвхөн 2017, 2018 оны байдлаар Монгол Улсын хилээр дээр нэр дурдсан, хуурамч шатахуун үйлдвэрлэх гол түүхий эд болох бодисыг нийтдээ 202 мянган тонныг оруулж ирсэн байдаг аж.

 

 

Эндээс бодож үзэхэд л сүүлийн хоёр жилд эдгээр нефтийн төрлийн бүтээгдэхүүнээс гаалийн албан татварт 3.6 тэрбум, онцгой албан татварт 55.6 тэрбум, хямдралтай үнээр импортолсон шатахуун, дизелийн түлшинд ногдох гаалийн болон НӨАТ-т 3.8, нийтдээ 63 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх боломжтой байжээ. Гэсэн ч улсын төсөвт нэг ч төгрөг төлөөгүйгээр барахгүй өдгөө ч хэдэн зуун вагоноор нь зөөсөөр байгаа юм.

 

 

Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл ойролцоогоор улсын татвараас 63 тэрбум төгрөгийг нуун дарагдуулж, хууль бусаар ашиг олж буй хэрэг үргэлжилсээр байгаа гэсэн үг. Монголын банкны салбарт тэргүүлэгч “Голомт” банкны таван хувийг 21.2 тэрбум төгрөгөөр өдгөөгөөс зургаан жилийн өмнө худалдан авч байсан “Трафигура” компани Монголын коксжих нүүрс, зэс, алт, төмрийн хүдрээс олсон орлогоо охин компаниуддаа хуваан байршуулдаг гэнэ. Улмаар уг мөнгийг барилга, орон сууц, махны үйлдвэрлэл, уул уурхайд хөрөнгө оруулах замаар угааж, эргэлдүүлдэг байна. Ингээд зогсохгүй хөрөнгө оруулсан дотоодын компаниудыг Н.Жононбаяр хууран мэхлэхийг оролдсон тохиолдол ч цөөнгүй аж.

 

 

Тодорхой жишээ дурдвал, өнгөрсөн жил нэгэн алтны лицензтэй уул уурхайн компанид зургаан сая 250 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хамтран үйл ажиллагаа явуулсан ч уурхайгаас гарч буй алтнаас нь тус компанийн ажилтнууд удаа дараа хулгайлж байгаад баригдсан байна. Ийм маягаар тухайн компанийг алдагдалд хүргэж, хөрөнгө оруулсан зардлаа “Нөөц багатай орд байсныг нуун дарагдуулж хөрөнгө оруулуулсан байж болзошгүй” хэмээн шалтаглаж, гаргасан хөрөнгөө буцааж нэхэмжлэхийг оролддог аж.

 

 

Түүнчлэн тухайн орд газрын нөөцийг бага, ашиггүй гэсээр орхиулаад дараа нь өөрсдөө хямд үнээр худалдан авч ашиглахыг байнга оролддог тухай эх сурвалж дурдаж байлаа. Ийн дотоодын компаниудад хохирол учруулчихаад хууль хяналтынхнаас айхгүй байгаагийн шалтгаан нь тус компани Монголын хууль хяналтын том газруудыг гартаа атгаж, бүх талын мэдээллийг гаргуулан, хүссэнээ хийдэг гэнэ.

 

 

Хамгийн наад захын жишээ гэхэд ТЕГ-ын мэргэжилтнүүдээр алт, зэсийн орд бүхий газруудын мэдээллийг гаргуулж, хүчингүй болгосон лицензүүдийг сэргээх маягаар олборлолт явуулдаг байна. Түүнчлэн хууль бус үйл ажиллагааных нь талаар ямар нэгэн мэдээлэл хуулийн байгууллагад өгвөл “Байж болох хамгийн хүнд хэлбэрээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шоронд хатаана” хэмээн сүрдүүлдэг тухай ч эх сурвалжууд дурдаж байлаа. Тэгвэл энэхүү компанийг Монголд ийнхүү дураараа дургих боломжийг хэн олгоод байна вэ.

 

 

Эндээс Монголын хууль хяналт болоод гааль, татварын газрынхан хэрхэн бүлэглэлээр ажилладгийг харж болохоор сүлжээг анзаарч болно. Тодруулбал, Трафигура компанийн хуурамч шатахуун үйлдвэрлэх ажлыг Н.Жононбаяр хэмээх 1987 онд төрсөн залуу гүйцэтгэдэг байна. Харин хил, гаалийн асуудлыг түүний ээж, ГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга н.Эрдэнэсүрэн гэгч эмэгтэй хариуцдаг гэдгийг эх сурвалж онцоллоо” гэж бичсэн байдаг. Хамгийн гол нь энэ компанийн “арыг даадаг” нѳхѳр нь Монголын хууль хяналтын байгууллагыг толгойлж байсан, Монгол Улсыг тѳлѳѳлѳн гадаадад Элчин сайдаар суудаг нѳлѳѳ бүхий этгээд байдаг талаар бас бичсэн байгаа юм.

 

 

Энэ хүнээс болдог уу, аль эсвэл “Трафигура” компанийнхан “тулж ажилласан” уу. Хяналт тавьж, иргэдээ хамгаалах ёстой манай хэдэн дарга таг чиг. Уг нь ѳдийд Ерѳнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар хоёр дуугүй суугаад байгаа нь анхаарал татаж байна. Ядаж МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ШѲХТГ-ын дарга Б.Лхагва нар хүртэл амаа хамхичихаад байгаа нь хачирхалтай. Иймээс “Трафигура”-д тал засах шалтгаан манай дарга нарт байна. Тэдэнд татгалзахын аргагүй санал тавьчихаагүй байгаа даа гээп иргэд хардаад эхэлсэн байна.

 

 

Эх сурвалж: news1.mn Ѳ.Гомбо