Ц.Нямдорж: “Рио тинто” жаахан зөөлрөх талдаа болсон гэж би ойлгоод байгаа
УИХ-ын гишүүд аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж болно. Тэгэхдээ шүүмжлэлтэй хандаж байгаа бол баримттай үнэн зүйлийг хуулийн хүрээнд ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүд Төрийн ордонд хов хутгаж, гүтгэлэг тараах ажил хийдэггүй учиргүй юм. Харамсалтай нь сүүлийн он жилүүдэд “Оюутолгой”-н гэрээний талаарх хардлага, гүтгэлэг тараах ажлыг ард иргэд, сэтгүүлчид биш УИХ-ын гишүүд л хийж байгаа. “Оюутолгой”, “Дубай”-н гэрээний тухайд 2009 онд УИХ 57 дугаар тогтоол гаргаад Засгийн газарт зөвшөөрөл өгч, тэр зөвшөөрлийн хүрээнд Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. С.Баярцогт тэр ажлын хэсгийг ахалж байсан. Тэр үед С.Баяр Ерөнхий сайд, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, би ч сайд байсан. Ийм үе. Энэ гэрээ бол Монгол Улсад барууны орнуудын хөрөнгө оруулалт хийж байгаа өмнө нь хийж байгаагүй, хожим нь үл хийгдэх анхны том гэрээ. Энэ зөвхөн ганц үйлдвэрийн асуудал биш. Үүнийг дагасан улсын аюулгүй байдал, бүрэн эрхт тусгаар тогтнол, улсын гадаад харилцааны асуудал гэсэн олон үр дагавартай гэрээ болсон. Гэрээ байгуулагдсанаас хойш 10 жил болж байна. Энэ хугацаанд одоогийн байдлаар 9 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн орлогоос давах хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Эзгүй талд Монголын Засгийн газраас ганц ч төгрөг гаргалгүйгээр үйлдвэр боссон. Одоо далд уурхай ажил ид явагдаж байгаа. Тэнд 15 мянган хүн ажиллаж байгаа. Үүний 95 хувь нь монголчууд. Энэ төслийг тойрсон 20-оод мянган аж ахуй нэгж ямар нэгэн байдлаар бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байна. Сая УИХ-ын ажлын хэсэг гурван асуудлаар “Оюу толгой” компани, Монгол Улсын Засгийн газрын хооронд асуудал яригдаад байсан. Нэгдүгээр асуудал нь “Оюутолгой”-г зогсоох шийдвэр гаргах гээд байна. Гишүүд чинь тийм зүйл ярьж байна. Ажлын хэсэг байгуулагдаад олон удаа шалгаж байна. Энэ танай улсын байр суурь мөн үү гэдэг зүйлийг байнга яриад байсан. Хоёрдугаар асуудал нь танай захиргааны хэргийн шүүх дээр “Дубайн” төлөвлөгөөг хүчингүй болгох маргаан явагдаж байгаа. Энэ танай Засгийн газрын байр суурь мөн үү гэдэг асуудал яригдаад байсан. Гуравдугаар асуудал нь Татварын шалгалт орж акт тавигдсан. Энэ татварын маргаантай асуудлыг эвийн журмаар шийдье гэхэд нь манай талаас албан ёсны тайлбар өгөөгүй байсан. Ийм байдалтай бараг хоёр жил болсон. Сая Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа гэнэт Захиргааны хэргийн шүүх хурал хуралдаад Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгосон. Тэр төлөвлөгөөг хүчингүй болгох хүртэлх арга хэмжээг ав гэсэн УИХ-ын тогтоолын төсөл хэлцэгдэж эхэлсэн. Ерөнхийдөө бол “Оюу толгой” төслийг шууд зогсоох нөхцөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гарсан. Энэ асуудлыг өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярьсан. Ямар ч байсан УИХ-аар эцсийн хариугаа өгье гэдэг асуудал яригдаад байгаа. Миний хувьд энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой гэдэг хатуу байр суурьтай байдаг хүн. Үүнийг хамгаалж байна гэж үзээд байгаа юм. Энэ зөвхөн нэг үйлдвэрийн асуудал биш. Үүнийг зогсоох юм бол дааж давах аргагүй маргаанд Монгол Улсын Засгийн газар орно. Энэ маргаанд ялагдах магадлал маш өндөр. “Дубайн” төлөвлөгөөний тухайд гэнэт очоод гарын үсэг зурчихсан. Энэ төлөвлөгөөг шүүмжлээд байгаа хүмүүстэй би ижил байр суурьтай байгаа. Тэгэхдээ Сайханбилэг гэдэг хүн төлөвлөгөөг батлах үедээ Монгол Улсын Ерөнхий сайд байсан нь үнэн. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд нь захирамж гаргаад энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг Бямбасайхан, Д.Ганболд гэдэг хүнд өгсөн үнэн. Тэр төлөвлөгөөгөөр 15 банк хөрөнгө босгож 4 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалтыг далд уурхайн гэрээнд хийсэн нь бас үнэн. Хүний юмыг авчихаад бид аваагүй гээд зугталтай нь биш. Манай Ч.Сайханбилэг гэдэг хүн Ерөнхий сайд байгаагүй гэж зугталтай нь биш. 2015 онд ёстой л бандан тас гэдэг юм болсон. Тэр жил манай нам тэр засгийн газрын бүрэлдэхүүнд байсан нь бас үнэн. Хүч тэнцвэргүй маргаанд орох эрсдэлд Монгол Улс сөхрөх аюул нүүрлэж байгаа учраас энэнээс болгоомжлох ёстой гэдэг байр суурьтай байгаа юм. “Оюу толгой”-г тойрсон хардлага сэрдлэг бол бүх хэмжээнээс давсан. “Оюу толгой”-н гэрээг байгуулсаныхаа төлөө 2 тэрбум долларын хахууль авсан. Нэг тэрбумыг нь С.Баяр, нөгөө нэг тэрбумыг нь гарын үсэг зурсан дөрвөн сайд авсан гэдэг асуудлыг телевизээр олон нийтэд цацаад олон жил болж байна. Ийм гүтгэлэг явж байгаа юм. 250 сая доллар авсан гээд байгаа сайдынхаа нэрийг АТГ-т өг гэж хэлж байна. 250 сая долларын хахууль авсан сайд хэн бэ гэдгийг зарлахыг яриа гаргасан гишүүдээс шаардах гэж байгаа юм. Ийм хардлага сэрдлэг нь ард түмний тархийг угааж байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол миний ярьж байгаа зүйлтэй ижил байр суурьтай байгаа. Энэ төслийг зогсоож болохгүй, монголын эрх ашигт дааж давашгүй хохирол дагуулаад Монгол Улс их гүрнүүдийн хаачинд хэрчигдэх аюул бодитойгоор нүүрлэлээ гэдэг ерөнхий санаан дээр нэгдсэн. Гэрээг шинэчлэх тал дээр бид гурван удаа уулзсан. Энэ гэрээг чинь монголын ард түмэн ойлгохгүй байна гээд тулгаж ярьсан. Ямар ч байсан гэрээн дээр ажиллая. Тал талаасаа ойлголцоё гээд явж байгаа. Гэрээнд өөрчлөлт оруулах, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах бололцоотой. “Рио тинто” жаахан зөөлрөх талдаа болсон гэж би ойлгоод байгаа.