Хөл хориотой холбоотой Засгийн газрын багц шийдвэрүүд

Нийтэлсэн: Админ 2020-11-30 8:04:00

УОК болон Засгийн газрын хуралдаанаас өчигдөр /2020.11.29/ гарсан шийдвэрүүдийг багцлан хүргэж байна. Улсын хэмжээнд авсан бүх нийтийн бэлэн байдлын зэргээ хэсэгчлэн цуцлахаар болов. Халдварыг хяналтдаа авсан гэж үзэн Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Орхон болон халдвар гараагүй аймгуудад 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж сулруулж байгаа бол нийслэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног буюу 2020 арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар боллоо.

 

Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй 18 чиглэлийн байгууллага

Түүнчлэн хөл хорионы хязгаарлалтад үл хамаарч байсан 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж, албан байгууллага дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, онлайн худалдааны салбарын үйл ажиллагааг нээх шийдвэр гаргав. Ингэснээр:

Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа.

Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа

Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэх үйл ажиллага

Банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллагын үйл ажиллагаа

Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тэвэрлэлтийн үйл ажиллагаа

Гоо сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа

Арьс шир, ноос ноолуур, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа

Сав баглаа боодол, хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа

Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа

Бараа материалын цахим худалдаа, хүргэлтийн үйл ажиллагаа

Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /тооны хязгаарлалттай/

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа

Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа

Оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хязгаарлалтад үл хамаарах юм.

Хөл хориог сунгасан 10 хоногт ямар ажил хийх вэ?

Хөл хориог сунгасан 10 хоногт батлагдсан тохиолдлын ойрын болон хоёрдогч бүх хавьтлыг бүрэн илрүүлж, бүгдийг нь тогтооно гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлсэн. Халдварын голомт илэрсэн бүсийн тандалтыг илүү өргөн хүрээнд хийх аж. Өнгөрсөн хугацаанд томуугийн тандалтын нэгжээр дамжуулан Covid-19-ийн тандалтыг давхар хийж байсан. Өчигдрөөс тандалтын цэгээ дөрөв дахин нэмж, ард иргэдийн дунд Covid-19 халдвар тархсан уу гэдгийг дахин нягталж шалгана.

 Иргэд орон нутгаас идшээ хэрхэн татах вэ?

Хот руу чиглэсэн мах болон хүнсний тээврийг хориглоогүй. Баруун аймгууд ХХААХҮЯ- тай хамтраад аймгаасаа Улаанбаатар хот руу иргэдийн идшийг зохион байгуулалттайгаар хүргэж өгөх, тэр машинуудаа эргүүлээд орон нутаг руугаа хүнс, тэжээл зөөх ажлыг хийж байна. Хөл хорионы хугацаанд "Монгол шуудан" компанитай хамтраад аймгууд руу долоо хоногт  хоёр удаа хүргэдэг үйлчилгээгээр дамжуулан орон нутгаас Улаанбаатар хот руу хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлсэн. Нийтдээ 546 захиалга ирэн хүргэлт хийгдэж байгаа аж. Энэ үйлчилгээг ашиглаж иргэд орон нутгаас идшээ авах боломжтой юм. Учир нь, "Монгол шуудан" компанийн тээвэрлэлт бүх аймгийн төвд хүрдэг.

Архангайн иргэдийг хотоос гаргахгүй

Нийт 7181 хүн Улаанбаатар хотоос Архангай аймаг руу буцах хүсэлтээ бүртгүүлжээ. Архангай аймагт аав, хүү хоёроос халдвар гарсан, эрсдэлтэй хоёр сум байгаа учраас тус аймгийн Улаанбаатар хотоос буцах хүсэлтэй 7181 хүнийг түр хойшлуулах шийдвэрийг гаргав. Гэхдээ арванхоёрдугаар сарын 10-ны дотор Архангай, Сэлэнгэ аймгийн иргэдийг Улаанбаатар хотоос явуулж, дээрх аймгуудад байгаа хотын иргэдийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Харин бусад аймгийн иргэдийг орон нутаг руу нь буцаах ажлыг зохион байгуулна. Нийслэлээс орон нутаг руу буцах 91 мянган хүн бүртгүүлсэн. Өдөрт нэг цэг дээр 7,000 хүнээс шинжилгээ авахаар 20 цэг ажиллаж байгаа. Нийт орон нутаг буцах  91 мянган иргэний 29 мянга нь хувийн унаагаар, үлдсэн нь хот хоорондын тээвэр онгоцоор явна гэсэн хүсэлт ирүүлсэн. Гарах үедээ бүртгэлийн QR код шинжилгээний бичгээ үзүүлнэ. Түүнчлэн нийслэлийн 11 мянган иргэн орон нутагт гацжээ. Тэдгээр иргэдийг ирэх долоо хоногоос эхлэн татан авна гэж Шадар сайд хэлэв. Гэхдээ гэртээ ирэх иргэд халдвар тархсан бүсээс ирэх бол түргэвчилсэн шинжилгээ, боломжтой бол PCR шинжилгээ өгсөн байх ёстой.

Уурхайн ажилчид шинжилгээ өгсний дараа ээлжээ солилцоно

Уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилчдын ээлжийг 21 хоног болгож, тухайн аж ахуйн нэгжүүдийнх нь саналд үндэслэн ээлж солих хуваарь гаргаж эхэлжээ. Уурхайчид тусгайлсан цэгүүдэд шинжилгээ өгсний дараа ээлжээ солилцох юм. Уул уурхайн 4200 гаруй хүн ээлж солих шаардлага үүсчээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ажлын хэсэг байгуулан, шинжилгээнд хамруулах аж ахуйн нэгж тус бүрийг хуваарилах аж.  Одоо ээлжээсээ буух иргэд хамгийн багадаа 21, дээд тал нь 35 хоноод ирж байгаа. Тиймээс уул уурхайн компаниудын ээлж солигдохтой холбоотой тусгайлсан цэг нээж, ажиллуулна.

4143 алба хаагчид урамшуулал олгохоор болов

Халдварын голомтот бүсэд нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах, хавьтагчдыг олж тогтоох, тусгаарлах байр, хяналтын цэг, эргүүл, хяналт шалгалтын чиглэлээр нэмэлтээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, дотоодын цэргийн 4143 алба хаагчид урамшуулал олгохоор болов. Түүнчлэн ДХИС-ийн 2200 гаруй сонсогч нийтийн хэв журам сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Тавдугаар курсийн сонсогчдыг Тээврийн цагдаагийн мэдэлд шилжүүлж, Улаанбаатар хотын постуудад нэмэлтээр ажиллуулж буй. Цагдаагийн байгууллагын албан хаагчид гурван ээлжээр найман цагаар үүрэг гүйцэтгэж байгаа.

Тусгай үүргийн нислэгийг арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл үйлдэхгүй

Гадаад улсад байгаа иргэдийг бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан 10 хоногт татаж авахгүй. Тусгаарлах байруудад ойрын хавьтлын 8 мянга гаруй иргэдийг тусгаарласан учир гаднаас иргэдээ татах асуудлыг түр хойшлуулжээ. Ойрын хавьтлын иргэдийн ажиглалтын 14 хоногийг дуусгаад, байруудаа сулласны дараа нислэг үйлдэх боломжтой аж. Мөн тусгаарлах байруудтай холбоотой асуудлыг цэгцлэх юм байна. 8-10 дугаар сард хэд хэдэн шалгалт хийж, зөвхөн есдүгээр сард гэхэд л 10 гаруй газрыг хаажээ. Цаашид гадаадаас иргэдээ татан авахдаа халдвар хамгааллыг чанд мөрдүүлэх бөгөөд нэг өрөөнд нэг хүн гэсэн зарчмыг баримтална. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, бүх тусгаарлах байранд дахин үнэлгээ хийхээр болжээ.

17-гоос доош градусын согтууруулах ундааг худалдаалах эсэхийг нийслэл шийдвэрлэнэ

Архи согтууруулах ундаагаар үйлчлэх эсэх эрхийг аймаг, нийслэлийн Засаг захиргааны байгууллага шийдвэрлэнэ. Засгийн газрын хуралдаанаар 17-гоос доош градусын согтууруулах ундааг худалдаалах саналыг дэмжжээ. Учир нь, согтууруулах ундааг хориглосноор архины хууль бус наймаа, чанаргүй архины худалдаа гаарах эрсдэлтэй учир бага градустай согтууруулах ундааг худалдаалахыг ийн дэмжсэн байна. Эцсийн шийдвэрийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргана.

Чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгсэлд QR код авч хөдөлгөөнд оролцоно

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зарласнаас хойш 22357 тээврийн хэрэгсэл QR код авч хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс хүнсний үйлдвэрлэл, түгээлтэд хамгийн их буюу 10250 ширхэг QR код олгосон байна. 13 чиг үүргийн алба хаагчид өөрсдийн хувийн унаагаар зорчих хүсэлтэй мөн түгээлт, бараа татахдаа хувийн машинаар явдаг гэх асуудлыг НОК-т маш олон хүн тавьсан учраас уг хүсэлтийг нь шийдвэрлэхээр болжээ.

Өнөөдрөөс эхлээд 13 чиг үүргийн байгууллагын ажилтан албан хаагчдад тодорхой тоон хязгаарлалт тогтоон хувийн машинд нь QR код өгнө. Мөн нэмж үйл ажиллагаагаа эрхлэх эрх нь нээгдсэн таван чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгсэлд QR код авч хөдөлгөөнд оролцоно.