ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт

Нийтэлсэн: Админ 2019-12-02 10:18:00

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Тамгын газрын ахмад настан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, АИХ-ын депутат, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Гомбожавын Очирбатад 90 насны нь ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэв.

Г.Очирбат нь МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 1992-1997 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаад гавьяаны амралтад гарчээ.

Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг энэ удаагийн парламент амжилттай хийсэнд УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргээд нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан батлах бусад хууль, тогтоомжийн талаар санал бодлоо илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар ахмад настан Г.Очирбатад баяр хүргэж, эрүүл энхийг хүсээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон бусад хуулиудын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр удахгүй УИХ-аар Сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Засгийн газрын тухай, Шүүхийн тухай зэрэг 30 гаруй хууль, тогтоомжийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байгааг хэллээ.

УИХ-ын даргын захирамжаар баталсан Ахмадын сангийн дүрэмд УИХ-ын Тамгын газрын ахмад настнуудын ойг тэмдэглэн баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байхаар заасан байдаг. 2919.11.25.  http://www.parliament.mn/n/59ky

УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкнаас (АХБ) Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсыг хариуцан ажиллахаар томилогдсонд нь ноён Павит Рамачандранд баяр хүргээд, Азийн хөгжлийн банк Монгол Улсад өрнөсөн ардчилсан шинэчлэлийн жилүүдэд итгэлт, дотнын түнш байж, байнга туслан дэмжсээр ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.

Ноён Павит Рамачандран танай улс болон манай байгууллагын хамтын ажиллагаа урт удаан хугацаанд үргэлжилж байна. Монгол Улсын төр, засгийн улс төр, эдийн засгийн шинэчлэлээ улам гүнзгийрүүлэх идэвх чармайлтыг бид өндрөөр үнэлж, ямагт дэмжсээр ирсэн бөгөөд цаашид хамтын ажиллагаа урт хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд АХБ бидний хэрэгжүүлж байгаа бодлогын шинэчлэлийг дэмжиж, гол түнш болж байгаад бид талархдаг. Хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг сэргэж, зорилтууд амжилттай хэрэгжиж байна. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарах нь бидний тулгамдсан асуудал болж байна.

Эдийн засгийн өсөлтийг дэмжих, банк санхүүгийн шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх, эрчим хүч, дэд бүтцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх томоохон зорилтууд хүлээгдэж байгаа. 2020 он бидний хувьд чухал жил байх болно. Тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд бодлогын тогтвортой байдал чухал хөшүүрэг болох ёстой гэв. Ноён Павит Рамачандран Монгол Улсын банкны салбарт хийгдэж буй өөрчлөлт амжилттай өрнөж байгааг тэмдэглээд “саарал жагсаалт”-аас гарах, эдийн засгаа сайжруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр Та бүхэнтэй нягт хамтран ажиллах болно хэмээн онцлов. Мөн тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амжилттай хийж, баталсанд Улсын Их Хурлын даргад баяр хүргэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Энэхүү өөрчлөлт парламентат ёсоо бэхжүүлэх, засаглалын тогтвортой байдал, хяналт-тэнцлийг хангах, эдийн засгаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зэрэг зорилтод чиглэсэн бөгөөд Монгол оронд хөгжил дэвшил авчирч, өөрчлөгдөн шинэчлэгдэх суурь нөхцөл болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 2019.11.25.  http://www.parliament.mn/n/hmky

УИХ-ын дарга Г.Занданшатар Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойг тохиолдуулан  Монголын нийт ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.

УИХ-ын дарга мэндчилгээндээ, өдгөөгөөс 95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байжээ.

Анхдугаар Үндсэн хуулиар бүх шатны Ардын хурал нь шинэ төрийн үндэс болохыг хуульчлахын хамт ард түмнээс төрийн хэрэгт оролцох эрх чөлөөг Монгол Улсын түүхэнд анх удаа тунхаглан зарласан байна.

Анхдугаар Үндсэн хуульд Монголын газар шороо, хөрсөн дорхи баялаг, ой мод, ус рашаан, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарлажээ. Түүнчлэн Ази тивд анх удаа эмэгтэйчүүдэд эрчүүдийн адил тэгш эрх олгож, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хуульчилж, нийгмийг ардчилах шинэ үйлсийн эхлэлийг тавьсан юм.

Мөн “БНМАУ-ын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба, бас мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, парламентын засаглалын эхийг тавьсны үргэлжлэл нь өнөөгийн байнгын ажиллагаатай парламент - Улсын Их Хурал юм. Тиймээс энэ өдөр тусгаар тогтнол, үндэсний бахархлаа дээдлэн, эх түүхийн үнэ цэнийг мэдэж ухаарах, хойч үеийнхэндээ утга учрыг нь ойлгуулан өвлүүлэх явдал эрхэм чухал болохыг онцлов.

Мөн парламентат ёсоо бэхжүүлэх, засаглалын харилцан хяналт-тэнцлийг зохистой болгох, хууль шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр зарим нэг нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн талаар бид сүүлийн 10 гаруй жил ярьсан. Тиймээс Улсын Их Хурал эрдэмтэн судлаачидтайгаа зөвлөлдөж, улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох Өөрчлөлт шинэчлэлт, эрх зүйн хувьсгалын эхлэл тавигдана гэдэгт итгэлтэй байна гэдгээ тэмдэглэв. 2019.11.26. http://www.parliament.mn/n/hxky

Монгол Улсын Их Хурлаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьсан билээ. 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нотлон баталгаажуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг нотлон баталгаажуулж, Төрийн тамга дарах ёслолын үйл ажиллагааг Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойн өдөр хийснээрээ онцлогтой юм.

Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, эрдэмтэн судлаачид, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд болон албаны бусад хүмүүс оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр хэлсэн үгэндээ “1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх асуудлыг Монголын ард түмэн, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш идэвхтэй хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн зүгээс дөрвөн удаа төслийг өргөн барьж байсан. Миний бие УИХ-ын 2018 оны намрын чуулганы нээлт дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцооны зохист хэлбэрийг сонгох болон улс төр, нийгмийн хуримтлагдсан асуудлыг нэг мөр шийдэх эрс өөрчлөлт хийхийг парламентын гишүүдэд уриалсан билээ.

Өнгөрсөн хаврын чуулганаар Улсын Их Хурал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр шулуудаж, нийгмийн захиалгыг хагас боловч биелүүлээд байгааг бид чамлах хэрэггүй. Үгүй бол бид дахиад найман жил хүлээхэд хүрнэ. Улс орны хөгжил тэр хугацаагаар саарч, нийгмийн зохицуулалт цаг үеийн шаардлагаас хоцрон сугарч үлдэх болно.

Учир иймд улс орны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмбэлэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ” хэмээн онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Үндсэн хуульд байршуулж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцдог. 2019.11.26.  http://www.parliament.mn/n/huky

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Өдгөөгөөс 95 жилийн тэртээ 1924 оны намар, өвлийн заагаар Монгол нутгийн өнцөг булан бүрээс 77 төлөөлөгч Нийслэл хүрээнд цуглаж, Улсын анхдугаар Их хурлаа хуралдуулсан түүхтэй. Тус Их хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэн баталсны дотор анхны Үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халан, төрийн эрх барих дээд байгууллагаа ард иргэд нь сонгуулиар бүрдүүлдэг Бүгд Найрамдах засаглалыг сонгосноо зарлан тунхагласан түүхтэй. Энэ бол XX зууны Монголын түүхэнд тохиосон онцгой чухал түүхэн үйл явдал байсан билээ. 2019.11.26.  http://www.parliament.mn/n/h5ky

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойг тохиолдуулан “Тусгаар тогтнол ба Үндсэн хууль” сэдэвт хүндэтгэлийн лекцийг Тусгаар тогтнолын ордонд уншлаа. Хүндэтгэлийн лекцэд төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, Зөвлөлдөх санал асуулгад оролцож байсан төлөөлөгчид, оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 800 гаруй хүн оролцов. УИХ-ын дарга Г.Занданшатар лекцийнхээ эхэнд ард иргэддээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зүйл, заалт бүрийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Тэрбээр, “1924 онд баталсан Анхдугаар Үндсэн хуулиараа Монголчууд төрт ёс оршин тогтнохын үндэс болсон Тусгаар тогтнолоо зарлан тунхаглахын зэрэгцээ ардчилсан тогтолцооны үндэс суурийг тавьсан. Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан байдаг. Эдгээр хууль бүрт тусгаар тогтнол, олон түмний эрх ашгийг эн тэргүүнд тавьж байсан. Хамгийн сүүлийн буюу 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хууль шинэ сонголтоо баталгаажуулах, ардчилсан засаглалаа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Гэхдээ цаг хугацаа улирч, улс орон хөгжин дэвших тусам нийгмийн харилцаанд шинэ зохицуулалт шаардагдаж байдаг. Шинэ Үндсэн хуулийг ч энэ жам ёсны үзэгдэл тойрсонгүй. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ ч бид түүхэн уламжлалаа хадгалсан гэдгээ онцлон тэмдэглэмээр байна.

Сүүлийн 20 гаруй жилийн турш, гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлийг энэ удаагийн парламент 158 хоногийн турш тасралтгүй хэлэлцэн баталлаа. Улсын Их Хурал эрдэмтэн судлаачидтайгаа зөвлөлдөж, улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Энэ зүйл заалт бүр эрүүл нийгэм, шударга төр, хариуцлагатай засаглалын хөгжингүй эдийн засаг руу та биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох Өөрчлөлт шинэчлэлт, эрх зүйн тав дахь хувьсгалын эхний томоохон алхмыг хийсэн гэж үзэж байна гэлээ. 2019.11.26.  http://www.parliament.mn/n/7dky

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бирагийн Чимидийн мэндэлсний 85 жилийн ойн хүрээнд “Үндсэн хуулийн эхийг баригч - Б.ЧИМИД” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны Их танхимд болов. Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Чимид” сан, МУИС, Монголын хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутагт томилолтоор ажиллаж буй учир түүний илгээлтийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав уншиж танилцуулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар энэхүү хуралд мэндчилгээг ирүүлжээ. Түүнчлэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат үг хэлж, Б.Чимид агсантай хамтран ажиллаж байсан үеийн дурсамжаасаа хуваалцав.

“Чимид” сангийн тэргүүн Ч.Батцогт “Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор үр хүүхдүүд бидний санаачилгаар, анд нөхөд, эрдэмтэн шавь нарын дэмжлэгтэйгээр 2013 оноос эхлэн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн. Ардчилсан нийгмийн байгууллын үнэт зүйл болох Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, хууль дээдлэх үзэл дадлыг нийт иргэн, төрийн байгууллага, улс төрчид, хууль тогтоогчдод, залуу үеийнхэнд хэвшүүлэх, олон нийтийн энэ чиглэлээр соён гэгээрүүлэх, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор 2010 онд “Чимид” санг байгуулсан” гээд Б.Чимид агсантай хамтран ажиллаж байсан эрдэмтэн судлаачид, анд нөхөд, шавь нарт нь талархал илэрхийлэв.

Мөн УИХ-ын гишүүн, Б.Чимидийн нэрэмжит анхны шагналтан, Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан "Дэлхий нийтийн Үндсэн хуулиудын нийтлэг зарчим ба Монгол загвар" сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулав. Энэ удаагийн хуралд дотоод, гадаадын 20 шахам эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Уг хурал нь олон улсын хэмжээнд хийгдэж буй хоёр дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал бөгөөд АНУ, ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг долоон улсын эрдэмтэн, судлаачид оролцов.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан болон хэлэлцүүлэгт санал бодлоо хуваалцсан төр, нийгмийн зүтгэлтэн, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн төлөөллүүд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бирагийн Чимидийн эх барьж батлуулсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн үзэл санаа, түүхэн ач холбогдлын талаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулахаас эхлээд эцэслэн батлуулах хүртэлх бүхий л явцад түүний барьж байсан зарчим, байр суурь, хуульч, сурган хүмүүжүүлэгчийн нь арга барил, мэдлэг, туршлагын талаар дурсамж, сэтгэгдлээ хуваалцав. 2019.11.28. http://www.parliament.mn/n/68ky

УИХ-ын дарга Г.Занданшатар төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бирагийн Чимидийн 85 насны ойн хүрээнд болж буй “Үндсэн хуулийн эх баригч – Б.ЧИМИД” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. УИХ-ын дарга мэндчилгээндээ, олон улсын эрдэм шинжилгээний энэ хурал Монгол төрийн түүхэн, чухал үйл явдалтай давхцан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. УИХ 14 хоногийн өмнө 1992 оны ардчилсан Үндсэн хуульд суурь үзэл баримтлалынх нь хүрээнд улс төр, эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэсэн нэмэлт, өөрчлөлт орууллаа. Уг нэмэлт, өөрчлөлтийг Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нотлон баталгаажууллаа. Ийнхүү Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засан сайжруулах, засаглалын хяналт-тэнцэл, тогтвортой байдлын тогтолцоог бүрдүүлэх, парламентыг хариуцлагажуулж, шүүхийн хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлага, засаг захиргааны эрх зүйн үндсийг тогтоох зэрэг чиглэлээр сүүлийн 10 гаруй жил, гурван парламент дамжин өрнөсөн санал санаачилгыг өнөөгийн парламент үндэсний хэмжээний зөвшилцөл ойлголцлын хүрээнд бодит ажил хэрэг болгож чадлаа. Үндсэн хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт өмнө нь УИХ-д өргөн мэдүүлж байсан хэд хэдэн төсөл болон эрдэмтэн, судлаачдын дүгнэлт, судалгаа, ард иргэдийн санал бодолд суурилсан. Түүнчлэн Б.Чимид агсан “Улс төрийн явцуу бүлэглэлүүдийн албан тушаал, эрх ямбын өрсөлдөөний золиос болсон өөрчлөлтийг жам ёсны хэмээн андуурч хууртагдан, Үндсэн хуулийн үнэт зүйл болсон гол зарчмаасаа хазайхад хүрүүзэй гэж л болгоомжилмоор байдаг юм” гэж хэлснийг марталгүй санаж, мөрдлөг болгосон. Үндсэн хуулийнхаа үнэт зүйлийг хөндөлгүйгээр жам ёсны өөрчлөлт оруулсан гэж үзэж болно. Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталж, дагаж мөрдсөөр даруй 27 жил болоод байна. Ард Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, нарийн бичгийн дарга Б.Чимид агсан Үндсэн хуулийн эхийг баригч төдийгүй, Үндсэн хуулийн агуулга, үзэл санааг тайлбарлан таниулах, түүний дархлааг сахин хамгаалахад нэн чухал хувь нэмэр оруулсан нь та бидний эрхэмлэх учиртай үнэт өв мөн билээ. “Чимид” сангаас зохион байгуулдаг Үндсэн хуулийн талаарх эрдэм шинжилгээний хурал жилээс жилд өргөжин тэлж байгаа бөгөөд энэ удаа Монгол, ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг орны эрдэмтэн, судлаачид оролцож, илтгэл хэлэлцүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль судлалд томоохон хувь нэмэр оруулсан чухал үйл явдал болж байна гээд Үндсэн хууль судлалыг төр засаг, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал байнга анхааралынхаа төвд байлгаж, ямагт дэмжин, байнгын тасралтгүй байдлыг хангах нь чухал бөгөөд Үндсэн хууль судлал хөгжин гүнзгийрэх тусам Үндсэн хуулиа сахин дагах, хэрэгжүүлэн биелүүлэх зарчим хангагдаж, Үндсэн хуульт байгуулал, Монгол Улсын бүрэн эрхт байдал бэхжих болно хэмээжээ. 2019.11.28. http://www.parliament.mn/n/79ky

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж санал хураалт явуулан төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Дараа нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тогтоолын төсөл батлагдсанаар хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгохоор болж байгаа юм.

Хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Мөн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны саналаар анхны хэлэлцүүлгээр баталлаа. Үргэлжлүүлэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн /Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэл, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. УИХ-аас 1996 онд Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан мөрдүүлж, академийн үйл ажиллагааг хууль, эрх зүйн хувьд зохицуулж иржээ. Тус хуулийг хэрэгжүүлж ирсэн хугацаанд бий болсон улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан энэхүү хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Түүнчлэн  Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг  төсөл санаачлагч гишүүн Б.Баттөмөр танилцуулгадаа онцлов. Хуралдааны төгсгөлд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулах болон Усны үндэсний хороог Усны үндэсний зөвлөл болгож статусыг дээшлүүлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд ажиллуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 58,5 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. 2019.11.28http://www.parliament.mn/n/6dky

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа тогтоох гэсэн зорилтын хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад  хийсэн албан ёсны айлчлалын үеэр Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд хоёр улсын төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээ нь  21 зүйлтэй бөгөөд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахаас гадна улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа бизнес, зам тээвэр, дэд бүтэц, харилцаа холбоо, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, түүх соёл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон. Гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-аар соёрхон батлуулахаар өргөн мэдүүлээд байгааг сайд танилцуулгадаа дурдав. 

Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив. 2019.11.29http://www.parliament.mn/n/6uky

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Одоогоос 30 жилийн өмнө Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хуульт ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгосон түүхэн өөрчлөлт шинэчлэлт байв.  Тиймээс ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон үйл явдал гэдэг утгаараа нийт ард түмний баяр юм. Энэ үүднээс олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийж, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн үнэ цэнийг үнэлэн дүгнэж, Монгол орны түүхийг бодит үнэнээр нь баталгаажуулах, бэхжүүлэх, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. 2019.11.29.  http://www.parliament.mn/n/9dky

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар  Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжив.

УИХ-аас 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсан. Уг хууль батлагдсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтад “холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулж 2019 оны 1 дүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгажээ.

Баяжуулсан хүнсний тухай хуулиар зарим төрлийн хүнсийг баяжуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан бөгөөд уг хууль батлагдахаас өмнө зөвхөн хүнсний давсыг иодоор баяжуулах асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулж байв. Иймээс Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийн зохицуулалт нь Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардал үүсгэж байгаа учраас хуулийн давхардлыг арилгах үүднээс Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулжээ. Мөн уг хуулийн төслийг дагалдуулж Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Дараа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар Байгаль орчны хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилго бүхий хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулж ажиллуулсан. Энэ хуулийн төслийн гол зорилго нь байгаль орчны талаарх хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгаж, нэг мөр цэгцэлж авахад чиглэж байгаа юм. Судалгааны явцад ажлын хэсгээс байгаль орчны чиглэлийн 19 хуульд нийтдээ 469 давхардал, хийдэл, зөрчил байгааг мониторинг хийж гаргаж ирсэн. Энэ үндсэн дээр 14 хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгахаар төслүүдийг боловсруулаад байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд илтгэлдээ дурдав. 2019.11.29http://www.parliament.mn/n/98ky

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэжлүүлж, санал хураалт явуулан төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Дараа нь Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцуулсан юм. Дэлхий нийтэд хэрэглэж байгаа ихэнх эм, биобэлдмэл, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан, эсхүл түүнээс санаа авч үйлдвэрлэсэн байдаг. Гэвч Монгол Улсын хувьд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх зохицуулалт бүрдээгүй, биотехнологийн шинжлэх ухаан дорвитой хөгжөөгүйгээс генетик нөөцийг хангалттай хэмжээнд судалж тогтоогоогүй, бүртгээгүй, хүний нөөцийн чадавх бүрдээгүй зэргээс байгаль дээрээс хувь хүн, гадаад, дотоодын хуулийн этгээд генетик нөөцийг зөвшөөрөл, хяналтгүйгээр цуглуулж ашиглуулдаг, гадагш гаргадаг, үр шим хүртээх талаар гэрээ байгуулж чадахгүй гадаад улс руу алдсаар байна. 

Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

Хуулийн төсөл батлагдсанаар генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрэлдэхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээл дээр гарах боломж бүрэлдсэнээр эдийн засгийн бодит эерэг үр дүн бий болно хэмээн төсөл санаачлагч үзжээ. 

Мөн хуралдаанаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа тогтоох гэсэн зорилтын хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад  хийсэн албан ёсны айлчлалын үеэр Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд хоёр улсын төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээ нь  21 зүйлтэй бөгөөд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахаас гадна улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа бизнес, зам тээвэр, дэд бүтэц, харилцаа холбоо, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, түүх соёл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилж өргөн мэдүүлсэн Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших 16 жилийн хугацаанд үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсээр ирсэн боловч хуулийн зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх шаардлага үүсээд байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулжээ. Төсөл батлагдсанаар Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх болох эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь баталгаажиж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, холбооны үйл ажиллагаанд цаашид баримтлан ажиллах зарчимыгтодорхойлон хуулийн нэр томьёог тодотгож, холбооны зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүний тогтолцоо, эрх хэмжээг хуулийн хүрээнд зохицуулж, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл тодорхой болж, төрийн болон төрийн бусад байгууллага, сууц өмчлөгч, нийтийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага хоорондын харилцааг зохицуулах, орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, бүртгэл, засвартай холбоотой харилцааг зохицуулах хууль зүйн болоод практикийн ач холбогдолтойг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. 2019.11.29.  http://www.parliament.mn/n/99ky

 Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх