У.Хүрэлсүх: Улаанбуудайн урамшууллыг 100 мянгад хүргэнэ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар газар тариалангийн бүс нутаг Төв, Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Энэ онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн юм.
Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцуулсан байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, хүн амаа хүнс тэжээлээр хангах буянтай хариуцлагатай ажлаа нэр төртэй хийж байгаа тариаланчдад талархал илэрхийлээд, стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын үнийг тогтвортой байлгах, хангамжийг сайжруулах үүднээс улаанбуудайн урамшууллыг тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцон олгож ирснийг энэ жилийн нөхцөл байдал тариаланчдын хүсэлтийн дагуу улаанбуудайн урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж, 100 мянгад хүргэнэ гэдгээ Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа мэдэгдсэн байна.