Д.Амарбаясгалан даргын хүслийг Алтайчууд хүлээж авах уу

Нийтэлсэн: Админ 2019-05-17 15:00:00

МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргав. Өчигдөрхөн гарсан эл шийдвэр өнөөдрийн анхаарал татах болж байна уу гэвэл тийм.

МАН-ын төдийгүй УИХ-ын гишүүд ч Хяналтын ерөнхий хорооныхоо шийдвэрийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Гэхдээ эсэргүүцэж. УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл УИХ-ын гишүүний үйл ажиллагаатай холбоотойгоор намын Хяналтын ерөнхий хороо ёс зүйн дүгнэлт гаргах ёсгүй гэдгийг чуулганы индэрээс шүүмжлэв. Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгаа УИХ-ын гишүүдийн байр суурь мэдээж зөв. УИХ-ын дарга Г.Занданшатарынх ч үндэслэлтэй. Харин гэнэтхэн хуралдаж хоёр гишүүндээ хариуцлага тооцохоор болсон Хяналтын хорооны цаад шалтгаан юу байв гэдэг нь сонирхол татаж байгаа юм.

Учир мэдэх нэгний яриагаар болон олон нийтийн сүлжээгээр гарах болсон шүүмжлэл, хардлагаар Хяналтын ерөнхий хороо хуралдаж, ийм шийдвэр гаргасны ард МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байгаа бололтой. Энэ нь ч үнэний ортой юм байна. НИТХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон тэрбээр хотын тойргоосоо нүүр буруулж, хөдөө тийш зүглэх болсон. Цаашлаад 2020 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймгаас нэр дэвших бэлтгэлээ базааж эхэлсэн нь олимпиад зохион байгуулж, хурдан удмын адуу тарааж яваа нь бэлхнээ харуулна. Гагцхүү нийслэлийн ИТХ-д хоёронтаа сонгогдсон тэрбээр яагаад буурь сэлгэж, бүр Говь-Алтайг онилох болов. Хариулт нь маш тодорхой.

Учир нь, ЖДҮ-ээс зээл авч, өөрийн хамаарал бүхий компанидаа хөрөнгө оруулсан нь түүнийг хотоос сонгогдох боломжийг нь хаасан байж мэднэ. Хотын сонгогчид ч иргэдийн боломжийг хулгайлсан Д.Амарбаясгалан даргад итгэл хүлээлгэх магадлал тун бага юм. Тиймээс төрөлх нутаг Говь-Алтайд нэр дэвших, тэгэхдээ бүр УИХ-ын гишүүн болох хүсэл нь МАН-ын генсекийг тийш хөтөлсөн болов уу. Гэхдээ Д.Амарбаясгалан даргад Говь-Алтай аймгаас нэр дэвших боломж бий юу. Алтайчууд түүнд итгэл хүлээлгэж төрд илгээх үү гэдэг нь сонин. Бараг боломжгүй. Учрыг одоо сийрүүлье.

Монгол Улс 21 аймагтай. Үүнээс газар нутгийн хэмжээгээрээ хоёрт ордог ч хөгжлөөрөө сүүл мушгидаг нэг аймаг бий. Тэр нь Говь-Алтай. Нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбогдоогүй, ундны усны хомсдолтойгоос гадна газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог гээд энэ аймагт зовлон их.

Үе үеийн парламентад сонгогдсон УИХ-ын гишүүд энэ аймгийн хөгжилд хувь нэмэр оруулахаа амлаж гарч ирдэг ч мөрийн хөтөлбөр нь усанд хаясан чулуу шиг бүдгэрч ирсэн нь өнөөгийн Говь-Алтайн бодит төрх. Гэхдээ 2016 онд Говь-Алтайгаас УИХ-д сонгогдсон Ш.Раднаасэд гишүүний өнгөрсөн хугацаанд аймагтай хийсэн ажлыг арай өөрөөр харж болохоор байгаа юм. Учир нь, 2016 оноос хойш Говь-Алтай аймгийн дийлэнх сумд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шинэ барилгатай болж, үүрэн холбоо, эрчим хүч, дэд бүтцэд холбогджээ.

Алтайчуудын мөнхийн шалан болсон ундны усны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх “Тайшир Алтай” усан цахилгаан станцын ажил ч урагшлах болсон. Байдрагийн гүүр, Дэлгэр сумыг холбосон автозамын ажил ч өрнөж эхлээд байна. УИХ-д ганцхан төлөөлөлтэй ч Говь-Алтайд бүтээн байгуулалтын ажил бодит хөрсөн дээр бууж эхэлсний эндээс харж болно. Нэг үгээр МАН-ын генсекийн “бай”-ндаа оруулсан Говь-Алтайн тойрогт Д.Амарбаясгалан гэхээсээ одоогийн төлөөлөл Ш.Раднаасэд гишүүнийх илүү, жин дарна. Д.Амарбаясгалан дарга нэр дэвшихэд нам доторх хамгийн хүчтэй, тойрогтой нэр хүнд сайтай яваа өрсөлдөгч нь гишүүн Ш.Раднаасэд гэсэн үг. Тиймээс Д.Амарбаясгалан дарга аль болох харлуулах, нэр дэвших эрхийг нь боогдуулж, ямар ч хамаагүй аргаар өөрийнхөө замыг засч эхэлсэн нь МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэрээр ийн илрэв бололтой.

 

Б.Жаргал