Ерөнхий сайдын суудал "улс төрийн наймаа"-нд явах уу?!
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт болоход 49 хоног үлджээ. Сар гаруй гэсэн үг. Тэр хүртэл энэ сонгуулийн хамгийн гол үйл явдлууд өрнөнө. Одоогоор УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд тодорхой болчихоод байна.
Үргэлжлээд, ердөө дөрөв хоногийн дараа улс төрийн намуудын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлнэ. Энэ нь 2024 оны тавдугаар сарын 14-20-ны хооронд явагдана. Уг асуудлыг намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагынхаа хуралдаанаар хэлэлцэж, нууцаар санал хураагаад олонхийн саналаар шийднэ. Ерөнхийдөө, тавдугаар сарын 20 гэхэд улс төрийн намуудын нэр дэвшигчид тодорчихно. Тэгээд тавдугаар сарын 25 гэхэд СЕХ-нд нэр дэвшигчдийнхээ материалыг хүргүүлнэ. Харин СЕХ нэр дэвшигчийн баримт мэдээллийг хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэхийг шийднэ. Зургадугаар сарын 1-ний дотор гэсэн үг. Улмаар нэр дэвшигчдэд зургадугаар сарын 10 гэхэд “Нэр дэвшигчийн үнэмлэх”-ийг гардуулна. Ойрын үеийн “хуанли” хуульд зааснаар нэг иймэрхүү байгаа юм.
Хамгийн гол нь улс төрийн намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчидтэйгээ хамт сонгуулийн дараа хэнийг Ерөнхий сайдаар “томилох”-оо зарлах ёстой болжээ. Үндсэн хуульд 2019, 2023 онуудад хоёр ч удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүгээр бүсчилсэн том тойрогтой, 126 гишүүнтэй болгосон.
Үүнээс гадна, энэ удаагийн сонгуулиас хойш УИХ-ын сонгуулиар Ерөнхий сайдаа сонгодог тогтолцоо руу орчихсон байгаа юм. Учир нь дээрх өөрчлөлтүүдээр Ерөнхий сайдын эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, бие дааж танхимаа бүрдүүлэх боломж нөхцөлийг хангах агуулгыг гаргасан. Угтаа энэ бол дэлхийн нийтлэг жишиг агаад сонгодог парламентын утга аж. Учир нь тэр хэрээр гүйцэтгэх засаглалын эрх, үүрэг давхар баталгаажсан.
Монгол улс төр, нийгэм, эдийн засгийн асуудал хэн гэдэг Ерөнхий сайдтай болсноос ерөнхийдөө хамаарахаар болчихсон. Товчхондоо, хэн гэдэг Ерөнхий сайдтай байхаас “…Энэ улс хаашаа явах вэ” гэдэг шууд хамаарна. Хууль эрх зүйн орчин, бусад нөхцөл нь бий болчихсон. Ийм л болчихсон юм. хэн нэгэн “бүтэхгүй” Ерөнхий сайд тавигдвал дээр хэлсэнчлэн улс төр, нийгэм, эдийн засаг бүхэлдээ бүтэлгүй тал руугаа л явна. Тийм хамааралтай болсон хэрэг.
Ганц жишээ сөхье. Дөрвөн жил сөрөг хүчин явсан МАН-ынхан 2016 оны сонгуулиар ялалт байгуулж, 65 суудалтай болж байв. Тэр жилийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулган 2016 оны долдугаар сарын 5-нд хуралдсан. МАН-ын Нарийн бичгийн дарга С.Бямбацогт “...Намын дарга М.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж байна” хэмээн чуулганд зарласан. Гишүүд ч, чуулганыг харж суусан олон нийт ч гайхсан. Тэр үед чуулган дээр УИХ-ын гишүүн Лу.Болд “…Ялсан намын дарга ямар албан тушаалд очих нь тухайн намын асуудал. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд та нар цөөнхийн суудалд сууж байхдаа “…Намын дарга УИХ-ын дарга байх нь буруу. Ерөнхий сайд байх ёстой” гэдэг байсан. Энэ бодол тань өөрчлөгдсөн үү. Ерөнхий сайдад намын даргаас өөр хүн тавих гэж байгаа нь хэврэг, хүчгүй Засгийн газрыг бий болгох үндэс болох юм биш биз дээ” гэхэд М.Энхболд “…Манай бүлгийн гишүүдээс ийм зүйл ярьж байсныг үгүйсгэхгүй. Манай намын албан ёсны байр суурийг илэрхийлэх мэдэгдэл, албан бичигт ийм зүйл байгаагүй. Манай намын дүрэмд “…Намын дарга Ерөнхий сайд байж болно” гэж заасан болохоос “…Намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн заалт байхгүй. Ирэх дөрвөн жил нэлээд амаргүй байна гэдгийг бид мэдэж байгаа. Засгийн газар ачааны хүндийг үүрэх нь ойлгомжтой. Засгийн газраар ажил хийлгэж, ачаа үүрүүлж, хариуцлага тооцоход харин ч намын дарга УИХ-ын дарга байсан нь дээр дээр болов уу гэж бодож байна. Тийм ч учраас намынхаа Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээж авсан” гэж хариулж байгаад УИХ-ын дарга болж байсан түүх бий.
Улмаар 2016 оны долдугаар сарын 8-ны чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг томилуулах саналаа танилцуулсан. УИХ-д олонх болсон МАН-аас УИХ-ын Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилуулахаар хүргүүлсэн саналыг Ерөнхийлөгч дэмжсэн нь тэр. Тэгээд томилогдсон.
Гэвч энэ нь үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН-д “зодоон” болох, 33:32-ын бүлэгт хуваагдах, Ерөнхий сайд нь ганцхан жилийн дараа огцрох суурийг тавьж өгсөн. Зөвхөн Ерөнхий сайдаар ч тогтоогүй, 2019 оны нэгдүгээр сарын 29 -нд УИХ-ын дарга М.Энхболдыг ч огцруулсан. Товчхондоо, 2016 оны сонгуулиар байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганы шийдвэрээс М.Энхболд УИХ-ын даргаас огцрох хүртэл хоёр жил хагасын хугацаанд эрх баригч намынхан хоорондоо тэмцэлдсэн. Ер нь бол энэ нь зөвхөн энэ намын асуудал ч бус Монголын улс төр, нийгэм, эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлсэн нь тодорхой юм. Ганц л жишээ дурдахад энэ. Гэхдээ өчигдрийн тэр явдал өнөөдөрт сургамж болж үлдэх учиртай. Тэгээд ч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “…Ингэж болохгүй” гэдгийг бараг чиглүүлээд өгчихсөн. Түүнчлэн дэлхийн жишиг, сонгодог парламентын “хууль”-аар Ерөнхий сайдын нэр сонгуулиас өмнө тодорхой болохгүй бол энэ албан тушаал улс төрийн наймаанд явчих магадлал өндөрссөн. Хэдийгээр том намуудын Үндсэн дүрэмд “…Намын дарга Ерөнхий сайд байж болно” гэсэн агуулга бүхий “өгүүлбэр” байдаг ч энэ нь заавал хэрэгжүүлэх учиртай хууль биш. Тийм учраас Ерөнхий сайдын суудал сонгуулийн дараа улс төрийн наймаанд явчихаж мэдэх л юм. Арга нь амархан. Олонд таалагдах хүмүүсийг тойрогт явуулж, жагсаалтад бичээд сонгуульд ялчихна. Дараа нь, араас нь Ерөнхий сайд болоод гарч ирнэ. Ийм магадлал маш өндөр. Тэгэхдээ 2016 онд МАН-ын дарга М.Энхболдын өгч байсан тайлбарыг л давтаад дуусаа шүү дээ. Тэр утгаар нь л, “…Улс төрийн намууд Ерөнхий сайдаа зарлах нь зүйтэй” гээд байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД