Л.Оюун-Эрдэнийн ярьсан “системийн авлига” бодол нь уу, бодитой юу?!
Л.Оюун-Эрдэнэ ярихдаа “…1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхий сайд М.Энхсайхан огцорсон. Ингээд Ц.Элбэгдоржийн Засгийн газар 23-нд байгуулагдаж, долдугаар сарын 24-нд огцорсон. Гурван сарын настай Засгийн газар юунд анхаарав гэхээр 10 гаруй удаа "Эрдэнэт"-ийн талаар ярьсан байдаг. "Эрдэнэт"-ийн захирал Ш.Отгонбилэгийг солих тухай, хоёрдугаарт Сэргээн босголт банкийг Голомт банктай нэгтгэсэн 80 дугаар тогтоол.
Системийн авлигын асуудал энд үүсэж байгаа юм. Тухайн үед Оюутолгой, Тавантолгой гэж байгаагүй. Ганц "Эрдэнэт" л байсан. "Эрдэнэт"-ийг тойрч, ерөнхийдөө системийн авлига үүсэж эхэлж байгаа юм” гэсэн байна.
Тэгэхээр эндээс “…Системийн авлига гэж юу вэ” гэдгийг эхлээд харах ёстой болно.
Үүнийг тоймчилж ойлгоход их амархан. Системийн авлигын хор хохирол нь асар их байдаг. Голдуу нийтийн эрх ашгийг хөнддөг. Ихэнх тохиолдолд хохирлыг мөнгөн дүнгээр тооцох аргагүй бөгөөд манайхан үүнийг “…Боломж хулгайлах” гэж томъёолдог. Учир нь системийн авлигын бүтцийн цөм нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд байдаг. Тэд УИХ, Засгийн газар, хууль шүүхийн байгууллагууд, бизнесийнхэн, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудыг “халаасалж” авдаг.
Ийм учраас авлигын ийм систем асар нарийн зохион байгуулалттай, бас хуулийн хамгаалалт дор оршдог. Энэ бүтэц дэх “нэгж”-үүдийг илрүүлэх, шалгах, хариуцлага тооцоход хүндрэлтэй гэсэн үг.
“Онол”-ын хувьд ийм систем Монголд бодитой бий юу. Аль эсвэл “…Монгол системийн авлигад идэгдээд байна” гэсэн агуулга нь ердөө л Л.Оюун-Эрдэнийн л бодол уу.
Тэгвэл яг энэ системийн авлигын талаар манайд арваад жилийн өмнөөс мэр сэр дуугарч эхэлжээ. Сүүлийн 2-3 жилд улам их ярих болсон байна.
Тухайлбал:
2015.12.30. МУИС-ийн дэд захирал О.Мөнхбат “…Өмнө нь үзэгдэл байсан авлига гэдэг зүйл 25 жилийн дотор систем болтлоо бэхжээд байна”.
2017.12.8. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “…Монгол улс төрийн системийн авлига буюу авлигын хамгийн хүнд үе шат руу алгуурхан гулсан орж байна”.
2018.5.14. НҮБ-ын REDD хөтөлбөрийн тайланд “…Монголын улс төр болон төрийн байгууллагуудад авлига системтэйгээр тогтсон”
2019.4.2. Эдийн засагч Д.Жаргалсайхан “…Монгол улсад авлига бүхэл нийгмийн тогтолцоог гажуудуулж, завхруулахын хэрээр улам бүр нарийсч засаглалтай хутгалдан, зохион байгуулалттай, систем болон хувирч, өндөр түвшний авлига болжээ”.
2023.1.11. Үндсэн хууль судлаач, иргэн Д.Ламжав "…Манай улс системийн авлига руу гулсан орсон нь ойлгомжтой болсон. Ялангуяа сүүлийн үед хийсэн хурал, цуглаан үүнийг нотолж байна. Гол буруутан нь засгийн эрхийн төлөө тэмцэж гарч ирсэн сүүлийн үеийн зоригтой залуус. Ийм байдалд хүрэхэд Үндсэн хууль нөлөөлсөн үү гэвэл би тийм гэж хэлнэ”.
2021.12.8. Х.Тэмүүжин “…Нэг хүний авлигын асуудлыг шийдэхэд зориулсан Эрүүгийн хуулийн арга замаар системийн авлигатай тэмцэж чадахгүй. Монголд авлига ужгирсан, системийн шинжтэй төдийгүй авлига дагасан соёл намд, төрд нэвт шингэсэн байгааг улс төрийн санхүүжилтаас харж болно”.
2023.10.3. “Датаком” компанийг үүсгэн байгуулагч Д.Энхбат “…Авлига бол хүн биш систем, процесс. Авлигачин бол тэр системийн ердөө нэг эрэг, шураг нь. Тиймд авлигачинтай хариуцлага заавал тооцож байх ёстой ч түүнийг төрүүлсэн, түүнийг тэжээж ирсэн цаад систем, процессийг нураахгүйгээр авлига арилахгүй”.
2023.11.21. УИХ-ын гишүүн Ц.Туваан “…Монгол Улс хамуундаа баригдсан борлон шиг л болчихоод байна. Энэ бол авлига. Эрх барих дээд байгууллага, Засгийн газар хуулийнхан, дунд шат гээд системийн авлига гэдэг зүйлд өртсөн”.
2023.12.18. АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “…Системийн авлига хомсдолын социализмаар илэрч гарч байна”.
2024.4.2. Эдийн засагч, улс төр судлаач П.Батхишиг “…Авлигатай тэмцэх нь чухлыг иргэдийн боловсрол мэдлэгээс үл хамааран ойлгуулахгүй бол удахгүй танай хүүхэд, найз нөхөд авлигаар баяжиж хөлжигсдийг шүтэж, тэдэн шиг болохыг хүсч энэ хэрээр авлигыг хүлээн зөвшөөрөх түүнд татагдан орох болно. Латин Америк, Африкийн олон орнуудын жишээ авлигын ийм цаламд орж, системийн авлигаар улс орноо хэдхэн хүн цөлмөж, дийлэнх нь ядуугийн туйл болж буйг харуулдаг” гэж ярьсан байх юм.
Засгийн газар долдугаар сарын 24-нд огцорч, наймдугаар сарын 10-нд онцгой дэглэм тогтоон Ш.Отгонбилэгийг солиод Д.Дорлигжавыг "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар томилсон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД