Р.БОЛД: УИХ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДАЛ НЬ МАНЫН БҮЛГИЙН ХУРАЛ, УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨР ЯРИХ АСУУДАЛ БИШ

Нийтэлсэн: Админ 2018-11-15 3:01:35

Р.БОЛД: УИХ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДАЛ НЬ МАН-ЫН БҮЛГИЙН ХУРАЛ, УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨР ЯРИХ АСУУДАЛ БИШ


-УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал нь хууль зөрчсөн-

 

УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болдоос УИХ-ын даргыг огцруулах үндэслэл бий юу гэдэг асуудлаар тодрууллаа. 

 

-УИХ-ын даргыг огцруулах тухай асуудал МАН-ын бүлэг болон Удирдах зөвлөлийн хурлаар яригдсан. Эдгээр улс төрийн байгууллагууд УИХ-ын даргыг огцруулах боломжтой юм уу. Хуульд юу гэж заасан байдаг вэ?

-2016 оны сонгуулиар УИХ-д МАН эрх баригч болсон. Энэ утгаараа буюу улс төрийн албан тушаал гэдэг утгаараа УИХ-ын дарга, бүлгийн дарга, Хотын даргын асуудлыг эрх барьж буй нам өөрийн удирдах дээд байгууллагаар авч хэлэлцэх намын дүрэмтэй. Яг УИХ-ын даргыг огцруулах асуудал нэгэнт сонгууль эхэлснээс хойш УИХ-ын бүрэн эрх хэрэгжээд явж байхад шууд улс төрийн нам удирдах байгууллагын шийдвэрийг гаргах нь хууль зүйн үндэсгүй. Яагаад гэвэл энэ асуудал нь Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулиар зохицуулагдаж байгаа юм. Тухайлбал Үндсэн хууль болоод УИХ-ын тухай хуульд УИХ-ын дарга дөрвөн жилийн хугацаагаар сонгогдоно. УИХ-ын даргыг сонгууль болсны дараа нийт гишүүд нэр дэвшүүлж, нийт гишүүдийн санал хураалтаар шийдвэрлэнэ гээд заасан байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна хэмээн заасан байгаа. Гэхдээ УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлд үүнийг зохицуулсан заалт бий. УИХ-ын дарга өөрчлөх асуудал гарвал хэрхэх вэ гээд. Сая хэд хоногийн өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж гурван асуудал намын дарга тавьсан. Түүний нэг УИХ-ын даргыг ажлаа өг гэдэг асуудал. Үндэслэл нь 60 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон учраас гэсэн агуулгатай юм байна хэмээн би ойлгосон. Тэгэхээр намын удирдах зөвлөл дээр намын дарга яг энэ асуудлыг шууд тавьсан асуудал нь хууль бус байсан. УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлд УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах, томилох асуудлыг намын бүлгийн хурлаар хэлэлцэнэ гэсэн заалт байгаа.


-УИХ-ын даргыг ямар үед чөлөөлөх огцруулах вэ?

Монгол Улсы УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн нэгээс тав дахь заалтад маш тодорхой заасан байгаа. Нэгдүгээрт нас барсан тохиолдолд, хоёрдугаарт өөр ажилд шилжсэн юм уу, өөрөө хүсэлт гаргаад өргөдлөө өгсөн тохиолдолд, гуравдугаарт УИХ-ын даргыг чөлөөлөх нь зүйтэй гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаран тохиолдолд чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэнэ. Мөн гэмт хэрэгт холбогдож шүүхийн шийдвэрээр нотлогдсон ийм зүйл гарсан нөхцөлд УИХ дахь намын бүлэг УИХ-ын даргыг чөлөөлөх, томилох асуудал хэлэлцэнэ. Яг энэ асуудал үүсээгүй УИХ-ын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа, өөрөө өргөдөл гаргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэсэн шүүхийн шийдвэр тогтоогдоогүй, өөр ажилд шилжээгүй, ажил үүргээ биелүүлэх боломжгүй хүртэл өвчин зовлон учраагүй  байгаа ийм нөхцөлд Удирдах зөвлөл дээр энэ асуудлыг тавьсан нь хууль зөрчсөн асуудал байсан. Гэхдээ түүн дээр энэ асуудлыг ярилгүй бүлгийн хурлаар ярина гээд  МАН-ын УИХ-ын асуудлаа дараагийн өдөр ярина хэмээн хойшлуулсан. Энэ бол МАН-ын бүлгийн хурал, Удирдах зөвлөлөөр ярих асуудал биш.

Яагаад гэвэл Монгол Улсын УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн нэгээс тав дахь зүйлд заасан үндэслэлүүд гараагүй нөхцөлд энэ асуудлыг МАН-ын бүлэг хөндөж ярих хууль зүйн үндэслэл байхгүй. МАН-ын бүлгийн өчигдрийн хурлаар энэ асуудал хууль бус учраас гээд хэлэлцээгүй юм  байна гэж би хувьдаа ойлгосон. УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудал Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулиар зохицуулагдана.


-УИХ-ын дарга өөрөө өргөдлөө өгсөн тохиолдолд чөлөөлөгдөх боломжтой юм байна. Өөрөө өргөдлөө өг хэмээн шахалт үзүүлээд байгаа юм уу?

-Удирдах зөвлөлийн хурал дээр намын дарга У.Хүрэлсүх тийм асуудал тавьсан гэсэн. Би өөрөө оролцоогүй хэвлэл мэдээллээс тийм мэдээлэл авсан. “Та өргөдлөө өг, огцор” гэсэн. Тэгэхээр ямар нөхцөлд өөрөө өргөдлөө өгөх нь бас хуулийн заалттай. Өөр ажилд шилжих, өөр хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрөө хүсэлт өргөдлөө гаргах юм бол чөлөөлөх асуудлыг эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж санал хураалт явуулж дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж энэ асуудал шийдэгдэнэ.


-Тэгэхээр өөрөө өгөх хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй гэсэн үг үү?

-Өөрөө бүлэг, Удирдах зөвлөлийн хурал дээр тайлбар хэлсэн байсан. “Нэгдүгээрт би ажил үүргээ гүйцэтгэж байна, хууль зөрчөөгүй. Монгол төрийг хэвийн үйл ажиллагааг явуулахын төлөө би зүтгэж ажиллаж байна. Би өөрөө өргөдөл гаргах тийм үндэслэл байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр бичигдсэн байсан.

-60 тэрбум төгрөгийн асуудал юу болж байгаа вэ?

-Би шүүх, хууль, АТГ-ын асуудал руу ормооргүй байна. Хуулийн байгууллагын дүгнэлт тухайн үед гарсан юм байна лээ. Ахиж шалга гэсэн юм байна дахиад шалгаад аль шатанд явж байгааг мэдэхгүй.

 

Р.Хишигжаргал