АНУ-ын шинэ элчин сайдын “Хамар дор” өрнөсөн булхай
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр тун ноцтой мэдэгдэл хийлээ. Тэр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага байгааг хөндөөд, үгүй бол нэг гишүүний шийдвэр гаргах түвшин дэх оролцоо хэтэрхий том байгааг тодотгов. Үнэхээр гүйцэтгэх засаглалын тэргүүний хэлсэн нь үнэн. Монголд өнөөдөр 76 гишүүний оролцохгүй юм нэг ч үлдсэнгүй. Тэд бүх асуудалд хутгалдаж, бүх юмыг будлиантуулж байна. Энд ч нэг томилгоо байна оролцоно, тэнд ч нэг нүүрсний хулгай байна оролцоно. Ер нь оролцохгүй зүйл, ярихгүй сэдэв гэж үгүй боллоо. Угтаа бол УИХ-ын гишүүн хүн хууль тогтоох үндсэн ганц л ажилтай. Өөрөөр ямар нэгэн ажил, албан тушаал хавсарч эрхлэх нь ч хуулиар хоритой. Гэвч байдал шал өөр байгааг УИХ-ын ганцхан гишүүний жишээгээр энд өгүүлье.
Үндсэн сэдэв рүүгээ орохын өмнө хэсэг тайлбар бичих нь зөв байх. АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад 350 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж буйг Та бид мэднэ. Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах зорилготой энэ төслийн мөнгөний төлөө Монголын улстөрчид, бизнесийн бүлэглэлүүд хэрхэн өрсөлдөж буйг ч бид өмнө нь хөндсөн. Тэгвэл энэ удаад зарим баримтыг нэмж дэлгэе.
Саяхан Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт болов. 100 гаруй хүн нэрээ дэвшүүлж өрсөлдсөн гэдгээс үзвэл маш өндөр шалгуур, маш том өрсөлдөөн тэнд өрнөсөн байх ёстой. Угаасаа ч Америкийн тал сонгон шалгаруулалт зарлахдаа л хэтэрхий гэмээр өндөр босго тавьж өгсөн байдаг. АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах хүнийг сонгох гэж байгаа учраас ингэхээс ч өөр арга байхгүй биз ээ. Тэд сүүлийн 12 жил бизнесийн болон төрийн өндөр албан тушаал хашсан, жилийн 10 сая ам.доллароос дээш өртөгтэй төсөл хөтөлбөр удирдаж байсан гэхчлэн уртаас урт шалгуур тавьсан байв.
Харин энэ бүх шалгалт, шалгуурыг давж, сонгон шалгаруулалтад нь нэгдүгээр байр эзэлж түрүүлсэн хүнийг харахаар эргээд Америкийн талд эргэлзэхэд хүрч байна. Яаж яваад ийм хүн энэ өндөр шалгуурыг нь давчихдаг байна аа гэж айх, гайхах зэрэгцэж байна. Шалтгааныг нь тайлбарлавал, сонгон шалгаруулалтад нэгдүгээр байр эзэлсэн Энхтүвшингийн Энхгэрэл гэх эмэгтэй нь тун ядмаг намтартай. УИХ-ын гишүүн М.Батчимэг агсны туслахаар дөрвөн жил ажиллаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Тамгын газарт мэргэжилтнээр хэсэг ажилласан. Мөн тэр Э.Содонтогосыг Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд эхлээд мэргэжилтэн, дараа нь Тамгын газрын дарга гээд хоёр жил гаруй ажилласан байгаа юм. Мөн 2021 оны 12-р сарын 14-нөөс хойш “Голомт сан”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Энэхүү сан нь нэг хувьцаа эзэмшигчтэй ашгийн төлөө бус сан бөгөөд Данзандоржийн Баясгалангийн нэр дээр бүртгэлтэй байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, Голомт банкны эзэн Г.Баясгалангийн байгуулсан санд яг одоо гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байгаа нэгэн аж. Тэгэхээр нөгөө Америкийн талын тавиад байсан 12 жил гэдэг шалгуурыг яаж давсан нь тун сонин. Бас эргэлзээтэй нь Монголын Мянганы сорилтын сангийн захирлын албан тушаалаас Э.Содонтогосыг чөлөөлсөн шалтгаанууд ч Э.Энхгэрэлд хамаарах учиртай. Тэр яах аргагүй сүүлийн хоёр жил Э.Содонтогостой хамт удирдлагын багт нь ажиллаж байсан хүн.
Гэтэл энэ хүн 100 гаруй хүнтэй өрсөлдөөд АНУ-ын тэр өндөр босгыг давчихав гэсэн чинь угаасаа л тэр түрүүлэх зургийг Монголын улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхэн зурчихсан байсан юм байна. Түүнийг сонгон шалгаруулах гэж УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн биеэр шалгалт авах комисст нь ч орсон байна. Товчхондоо, тэр зүтгүүлж буй хүнээ нэгдүгээр байрт оруулахын тулд УИХ-ын гишүүний албан тушаалд хаа хамаагүй төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын хамгийн сүүлийн шат болох нэр дэвшигчтэй хийх ярилцлагыг хийж, дүн тавьж байгаа юм. Иймээс л Э.Энхгэрэл гэх эмэгтэй түрүүлэхгүй гээд ч яах билээ дээ. Ц.Мөнх-Оргилын жишигээр УИХ-ын бусад гишүүд ийм ажил хийгээд эхэлье гэж төсөөлье л дөө. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын ярилцлага авахын тулд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ очихтой л адил. Ингэхээр л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын гишүүдийн оролцоог хумих ёстой гэсэн яриа зөв болж таарч байгаа юм.
Харин энд ойлгомжгүй нэг зүйл үлдэж байна. Ардчиллын баталгаа, хүний эрхийг дээдлэгч, авлига, хээл хахуулийн эсрэг гэгддэг АНУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайд яагаад энэ бүхнийг хажуугаар дуугүй өнгөрөв өө. Тавьсан шаардлага, шалгуурт нь тэнцэхгүй хүнийг УИХ-ын гишүүн зүтгүүлээд ялуулж байхад яагаад дуугай байна вэ?
Гэтэл АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар Ричард Буанган тун саяхан томилогдсон байдаг. Тиймээс л шинэ, хуучин Элчин сайд солигдох явц дунд Монголын улстөрчид хамар доор нь будлиан хутгасан байх талтай байгаа юм. Түүнээс Америкийн тал арай ч татвар төлөгчдийнхөө мөнгийг Монголын улстөрчдийн гарын салаагаар урсгая гэж бодохгүй биз ээ.
Хамгийн ноцтой зүйлийг эцэст нь сануулахад, тэр 350 сая ам.доллар бол Америкийн татвар төлөгчдийн мөнгө. Энэ мөнгөний зарцуулалтын үр дүнд Улаанбаатар хот усан хангамжийн асуудлаа шийдвэрлэх ёстой. Хэрэв чадахгүй бол бид тун мөдгүй цэвэр усны хомсдолд орох аюултай. Гэтэл улстөрчдийн тавиул энэ төслийг нураавал яах вэ? Хохирлыг нь хэн хүлээх вэ? Америкийн тал төслийн мөнгөө татаад л авчихна, санхүүжилтээ зогсоочихно. Үр дүнд нь Улаанбаатар хот цэвэр усны хомсдолд орно. Эндээс Америк биш, монголчууд л хохирно. Нөхцөл байдал ийм хүнд байхад яах гэж Э.Содонтогосыг чөлөөлсөн юм? Яагаад Монголын Мянганы сорилтын санг хагас жил гаруй “эзэнгүй” байлгав. Яагаад Э.Содонтогосын үед Тамгын газрын дарга байсан Э.Энхгэрэлийг одоо зүтгүүлээд байгаа юм, яагаад одоо гүйцэтгэх удирдлагаар хангаж буй Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан Д.Энхжаргалыг жинхэлж болохгүй байгаа юм бэ?
Энэ бүхэн яагаадын хариулт нь энэ төслийн нийт өртөг нь 350 сая ам.долларт гэдэгт байгаа юм. Ийм их хэмжээний мөнгөний хажуугаар Монголын улстөрчид нүдээ аниад өнгөрч чадахгүйд л оршино. ЖДҮ-гийн мөнгийг ичихгүй хусдаг улстөрчдөд 350 сая ам.доллар гэдэг дэндүү амттай бялуу харагдах нь ойлгомжтой. Тэдэнд өнөө маргаашгүй усгүй болж мэдэх Улаанбаатарын асуудал бол 30 дахь асуудал. Ийм л учиртай юм.
Эх сурвалж "24tsag.mn" А.Бат