“Эрдэнэт”-ийн 49 хувь Л.Эрдэнэбилэгтээ үлдсэн нь дээр байсан уу?

Нийтэлсэн: Админ 2022-09-05 10:12:09

“Эрдэнэт”-д хоёр төрлийн овоолго байдаг. Эхнийх нь тодорхой нөхцөлд үр ашигтай буюу балансын бус хүдрийн дөрвөн овоолго, хоёр дахь нь исэлдсэн хүдрийн дөрвөн овоолго бий.

Эдгээрийг “Эрдэнэт”-ийн ирээдүйд ашиглахаар бэлтгэсэн хүдрийн овоолго гэнэ. Гэвч эрх зүйн ямар зохицуулалтаар гэдэг нь тодорхойгүйгээр, ил тод сонгон шалгаруулалтгүйгээр нэр бүхий хүмүүс, аж ахуйн нэгжид шилжүүлэх болсон. Одоогоор овоолгуудыг гурван кмпани ашиглаж байна. Эхнийх нь “Эрдмин” ХХК-ийн төсөл байдаг. 1994 оны гуравдугаар сарын 14-нд тухайн үеийн “Эрдэнэт” концерн 51 хувь, “Ар Си Эм” корпораци 49 хувийг эзэмшиж хоёр тал гэрээ байгуулсан. “Эрдмин” ХХК-ийг 100 мянган ам.долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулсан. Тус компанийн хувьцаа эзэмшигч болон хувьцааны хувь хэмжээ, компанийн дүрмийн санд 2001, 2005 онуудад тус тус өөрчлөлт орж байсан. Уурхайн овоолгууд дахь исэлдсэн хүдэр дээр туршилт, судалгааны ажлыг 1994 оноос хойш хийж гүйцэтгэсний дүнд жилдээ 3000 тонн катодын зэс үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай, Dump Leaching-SX/EW технологи бүхий “Эрдмин” ХХК-ийн туршилтын үйлдвэр баригдаж 1997 онд ашиглалтад орсон.

Үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөцийн тухайд 1995-2011 оны хооронд 14.7 сая.тн исэлдсэн хүдэр, 2.8 сая.тн балансын бус хүдэр нийт 121.5 мян.тн зэс агуулсан 17.5 сая.тн исэлдсэн болон балансын бус хүдрийг “Эрдэнэт”-д гэрээгээр нийлүүлсэн.

Дараагийнх нь “Ачит Ихт” ХХК-ийн төсөл. 2010 оны есдүгээр сарын 03-ны өдөр “Эрдэнэт” болон “Ачит Ихт” ХХК-уудын хооронд хамтын ажиллагааны 5/255-10 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээний 2.2.3 дахь хэсэгт зааснаар 5-6 сая ам.долларт багтааж, 18-24 сарын дотор туршилтын үйлдвэр барих, “Эрдэнэт” 34 хувь, “Ачит Ихт” ХХК 66 хувь эзэмшихээр заасан. Гэсэн ч төслийн компанийг байгуулж чадаагүй. Тухайн гэрээ нь Орос-Монголын Зөвлөлөөр батлагдаагүй гэдгийг“Эрдэнэт”-д хийсэн  аудитын дүнэлтэд дурдсан байдаг. Мөн 2011 оны дөрөвдүгээр сард ТЭЗҮ батлалгүйгээр газар шорооны ажлыг эхлүүлсэн. 2013 онд “Эрдэнэт” болон “Ачит Ихт” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд “Эрдэнэт” 34 хувь эзэмших, төслийн гүйцэтгэх удирдлага 10 хувь хүртэл эзэмших, 10 жилийн хугацаанд хүчинтэй байхаар заасан. 2014 онд үйлдвэр ажиллаад гурван жил болсны дараа ТЭЗҮ-ээ батлуулсан. 2014 оны аравдугаар сарын 10-нд “Ачит Ихт” ХХК нь Катодын цэвэр зэсийн үйлдвэрээ нээж байв. 2015 оны зургадугаар сарын 26-нд “Эрдэнэт” болон “Ачит Ихт” ХХК-ийн хооронд хамтын ажиллагааны гурав дахь гэрээг байгуулсан. Гэрээнд “Эрдэнэт” -ийн 34 хувийг өөрчилж, катодын зэсийг борлуулсан борлуулалтын орлогоос “Эрдэнэт” -д төлөх ашиглалтын төлбөрийн хэмжээ нь 2015 онд 0,5 хувь, 2016 онд 1.0 хувь, 2017 онд 1,5 хувь, 2018-2034 он дуустал 2.0 хувь байх, мөн уг гэрээ 20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэж тусгасан. Уг гэрээгээр “Эрдэнэт”-ийн 34 хувь, төслийн гүйцэтгэх удирдлагын 10 хувь эзэмших асуудал байхгүй болсон. Гэрээнд нэмэлт хийж есдүгээр овоолгыг нэмж өгөхөөр заасан. 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд “Ачит Ихт” ХХК нь “Эрдэнэт”-ийн зөвшөөрөлгүйгээр “үүсмэл орд”-ын гэрчилгээг холбогдох байгууллагаас авсан. 2018 оны есдүгээр сарын 7-нд өдөр “Эрдэнэт”-ээс “Ачит Ихт” ХХК-д “... “Эрдэнэт”-ийн эзэмших 34 хувийг эзэмших хувьцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсний дараа давуу эрхийн хувьцаа гаргах асуудлыг шийдвэрлэх” зэрэг асуудлыг тусгасан хүсэлт хүргүүлжээ. Харин “Ачит Ихт” ХХК нь уг хүсэлтийг хүлээж аваагүй байдаг.

Гурав дахь нь “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн төсөл гэж бий. “Зэс эрдэнийн хувь” ХК-иас “Эрдэнэт”-ийн ашиглах эрхтэй исэлдсэн хүдрийн овоолгуудыг ашиглан зэсийн үйлдвэр байгуулах саналыг ТӨХ-нд 2009 оноос хойш удаа дараа гаргасан.

Улмаар ТӨХ-ноос холбогдох шийдвэрүүд гаргасан ч хэрэгжээгүй. 2013 оны тавдугаар сарын 2-ны өдөр “Эрдэнэт”, Орхон аймгийн ИТХ, “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хооронд 5/016-13 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г таван жилийн хугацаатайгаар  байгуулсан. Уг гэрээнд “...Туршилт судалгааны ажлыг гүйцэтгэн, хагас үйлдвэрлэлийн туршилтыг явуулж дууссанаар эдийн засгийн үр ашигтай болох нь тогтоогдвол хүдэр ашиглах, хамтарсан үйлдвэр байгуулах, шинээр байгуулагдах хамтарсан үйлдвэрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 34 хувь эзэмших, “Зэс эрдэнийн хувь” ХК исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудаас дээж авах, хагас үйлдвэрлэлийн туршилт судалгааны ажил явуулах, санхүүжилтийн эх үүсвэрийн асуудлыг бие даан шийдвэрлэхээр” тусгасан. “Зэс эрдэнийн хувь” ХК нь 2015 оны хоёрдугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан тул “Эрдэнэт”, Орхон аймгийн ИТХ, “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хооронд 2015 оны аравдугаар сарын 30-ны өдөр “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах”  №5/277-15 тоот гэрээг 20 жилийн хугацаатайгаар байгуулсан. Энэхүү гэрээнд “Эрдэнэт”-ийн исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудыг “Зэс эрдэнийн хувь” ХК ашиглаж эхэлсэн. Тус компани борлуулалтын орлогоосоо тооцож “Эрдэнэт”-д исэлдсэн хүдрийн овоолго ашигласны төлбөр төлөхөөр заасан байна. Улмаар 2020 оноос эхлэн “Эрдэнэт”-тэй байгуулсан гэрээний дагуу бүтээн байгуулалтын ажил нь хийгдэж байгаа юм байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР