"МИНИ" БИЗНЕС ЭРХЛЭГЧ ХОСУУД
“МИНИ” БИЗНЕС ЭРХЛЭГЧ ХОСУУД
“Нар ээсэн намрын налгар өдөр гэж ийм дулаахан, агаар нь хацар илбэсэн өдрийг хэлдэг байх даа” гэж тэнүүн бодол тээсээр алхаагаа жирийн үеийнхээс хэд дахин хурдасгав. Учир нь өнөөдөр би онцгой, ажилсаг хүмүүстэй уулзахаар цаг товлосон юм. Тэд бол залуухан хосууд. Аж амьдралаа авч явахын тулд элдэв шалтаг тоочихгүйгээр бор зүрхээрээ зүтгэж яваа Монголын мянга мянган залуу гэр бүлийн төлөөлөл. Хамгийн түрүүнд надтай мэндлэн, “Би ярихдаа жаахан тааруухан хүн дээ” гэж сандрангуй учирлах залууг Б.Гүндсамбуу гэдэг. ШУТИС-ийн III дамжааны оюутан. Харин хажууд нь нөхрөө наласхийн суугаа бүсгүй Н.Минж-Од. Анагаахын их сургуулийн II дамжааны оюутан. Тэд хичээлээ тарангуут хамтдаа айлын гэр цэвэрлэж, хоолны махыг нь жижиглэх, гар аргаар хэрчсэн гурил бэлтгэх, захиалгаар бууз хийдэг “мини” бизнес эрхлэгчид. “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг үгний утга учрыг ойлгож яваа хосууд өөрсдийн ажил, амьдралын тухай амттай яриа өгүүлснийг сийрүүлж байна.
Хамтдаа байхад бүхнийг давна
Б.Гүндсамбуу, Н.Минж-Од нар хөөрхөн охинтой. Хоёулаа оюутан учраас өвөө, эмээ нь гуч охиноо харж байгаа. “Эцэг, эх болонгуут үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бусдын гар харж, залхуурч суухгүй, үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн бодол цаанаасаа л төрдөг юм билээ” гэж хосууд надтай хуучлав. Олон хүүхэдтэй цаг наргүй ажилтай хамаатны эгчийндээ хааяа тусалдаг байсан нь “мини” бизнесээ эхлүүлэх суурийг тавьжээ. Хамаатны эгч нь “Та хоёр ажлыг чин сэтгэлээсээ хийж байна. Өөр үйлчлүүлэгч олдоно шүү. Иймэрхүү ажил хийж үзвэл яасан юм” гэж ятгажээ. Ингээд тэд 3 өрөө байрыг 50.000, 2 өрөөг 35.000, 5 кг гурил зуурч, хэрчихэд 15.000, өөрсдөө гурилаа авчраад зуураад хэрчвэл 21.500, З кг махыг гуляш, нарийн мах, цуйван гэхмэтчилэн төрөл, төрлөөр нь бэлтгэхэд 10.000 төгрөгийн үнэ ханш тогтоож, анхны ажлаа хийснээс хойш багагүй туршлагажжээ. Хичээлээ тарангуутаа захиалга өгсөн айл руугаа яарч явдаг учраас бид хоёр сул чөлөөтэй цаг бага болчихоод байна гэж тэд ярив. Учир нь гурван өрөө байрыг цэвэрлэхэд 4 цаг, хоёр өрөө байрыг цэвэрлэхэд 3 цаг зарцуулдаг байна. Хааяа бага зэрэг ядардаг ч хамтдаа ажиллаж байгаа болохоор нэгнээсээ урам аваад улам их хичээдэг гээд тэд инээмсэглэв.
“Амьдралын лекц сонссон нь”
Оюутан хосууд маань өглөө эрдэмтэн багш нарынхаа хичээлийг сонсдог бол орой ажил хийлгэсэн зарим айлуудын ах эгч нараас амьдралын лекц сонсдог. Энэ тухай Б.Гүндсамбуу “Саяхан 21 дүгээр хороололд нэг айлд гэрийг нь цэвэрлэж өгсөн юм. Бид хоёрыг хараад “Бүхнийг тэгээс эхэлж хамтдаа бүтээсэн амьдрал хамгийн үнэ цэнэтэй байдаг. Ах эгч хоёр нь яг та хоёр шиг ингэж л амьдралаа эхэлсэн гээд зөндөө удаан ярьсан” гэлээ. Бас нэг айлын эзэгтэй гэр цэвэрлэж байх зуур тэдэнд хоол хийж өгөөд дараа дахиж цэвэрлэгээ хийлгэнэ. Тэгэхдээ “Бүр амттай хоол хийж өгнө өө” гэж хэлсэн чинь сэтгэлд их дотно сайхан санагдсан гэв. Хажуугаас эхнэр нь “Хайраа нөгөө Натур төвийн ойролцоо гэрээ цэвэрлүүлдэг ах бас гоё хүн тийм ээ” гэхэд Б.Гүндсамбуу “Бид хоёрыг мундаг байна. Ажил хийвэл сайхан амьдарна. Болж байна, бүтэж байна гээд урмын үгээр мялаадаг ах манай байнгын үйлчлүүлэг болсон” хэмээв.
Ажлын амт мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэв
“Хөлсөө урсгаж ажиллахаар мөнгөний үнэ цэнийг илүү их ойлгодог юм билээ. Одоохондоо ар гэр, эцэг эхээсээ мөнгө авахгүйгээр өөрсдөө аж амьдралаа болгож байна. Орлого зарлагаа нарийвчилж бичээд, дараагийн орлогоороо гэртээ юу авах вэ гээд боддог” гэж Б.Гүндсамбуу хэлэв. Түүний мөрөөдөл бол өөрийн гэсэн ресторантай болох. Энэ хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд тогоочийн сургалтанд хамрагдаж байгаа гэнэ. Цаашдаа хувийн бизнестэй болж, гэр бүлээ сайн сайхан авч явахад одоогийн хийж буй “мини” бизнес туршлага болох нь дамжиггүй. Хосууд хийж байгаа ажлаа хэзээ ч хар бор гэж гомдоллож байгаагүй. Эхэндээ найз нөхдөөсөө ийм ажил хийж байгаагаа нуудаг байсан ч одоо өөрсдийн ажил хөдөлмөрөөсөө ичих шаардлагагүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрчээ.
-Тэд намуухан дуу, жигд хоолойгоор ярьж байснаа гэнэт чимээгүй болчихлоо. Энэ зуур би “Та хоёроос тэс хөндлөн юм асуучих уу. Нэг нэгнийхээ ямар зан чанарт дуртай вэ?
-Б.Гүндсамбуу: Манай эхнэр их сайхан сэтгэлтэй. Өчигдөр л гэхэд “Шөлөндөө” хоолны газар хоол идэж байхдаа тэнд юм идэхгүй суугаад л байсан нэг ахыг анзаараад чадах чинээгээрээ хоол унд авч өгсөн.
-Н.Минж-Од: Нөхрийн маань шийдэмгий зан нь таалагддаг. Ямар нэг зүйлийг хийнэ гэсэн бол хийдэг.
Ийм өөдрөг, гэгээн яриагаар бидний уулзалт өндөрлөв. Гэхдээ би яаран боссонгүй. Ярицлага хийхдээ ашиглахаар бэлтгэсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн тухай албан тоо баримтаа сөхөн харсаар үлдлээ.
Сэтгүүлчийн өнцөг
Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Ажиллах хүчний судалгаа”-нд дурьдсанаар Монголын ажилгүй иргэдийн хамгийн түгээмэл хэлдэг хоёр шалтгаан байдаг аж. Энэ бол нийт ажилгүй 49.5 мянга нь буюу 49.3 хувь нь өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа шалтгаанаа “Ажил хайгаад олдохгүй байна” , 11.2 мянга буюу 11 хувь нь“Миний эзэмшсэн мэргэжилд тохирох ажил олдохгүй байна” гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаагийнхаа бурууг үргэлж бусдаас хайдаг, ямар нэг шалтаг, шалтгаан тоочдог бидний гэм биш зан судалгаанаас ч цухалзаж байна. Монгол Улс бол залуучуудын орон гэж бахархан ярих нь бий. Гэтэл улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 15-24 насны нийтдээ 92 мянган залуучууд ажилгүй, хатуухан хэлбэл “лааз өшиглөж” явна. УИХ-аас залуучуудын эрх зүйн байдлыг сайжруулахаар 2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих хууль, холбогдох агентлагаас Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг 2016 онд баталсан. Гарааны бизнесийг дэмжих, залуучуудыг ажилтай орлоготой болгох олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Ямар ч сайн сайхан хөтөлбөр хэрэгжүүлээд гол бай, хүрэх эзэд нь хандлагаа өөрчлөхгүй бол үр дүн тааруухан байх нь ойлгомжтой. Тиймээс ид ажиллах насандаа элдэв шалтаг тоочиж, гараа хумхин суухгүйгээр манай сурвалжлагын баатрууд шиг дор бүрнээ чадах чинээгээрээ хөдөлмөрлөж “мини” бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид болцгооё.
Ц.Оюунтунгалаг