ГХЯ-ны ажилтнууд Элчин сайд нарын томилгооны асуудлаар сайддаа хандлаа

Нийтэлсэн: Админ 2021-07-02 15:55:00

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ДЭД САЙД Б.МӨНХЖИН, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР НАР ТАНАА

Элчин сайд нарын томилгооны асуудлаар Монгол Улсыг гадаад орнуудад төлөөлөн ажиллах ДТГ-ын тэргүүн нарыг томилох ажил багагүй хугацаанд гацсаны дараагаар 25 ДТГ-ын тэргүүнд нэр дэвшүүлэх асуудлыг тус яамны саналыг үндэслэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн тухай мэдээллийг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр авлаа. Элчин сайдад нэр дэвшигчдийг тодруулах явц ил тод бус байдалд явагдсаны зэрэгцээ зарим нэр дэвшигчийг ямар шалгуураар сонгосон нь ойлгомжгүй байгаад яамны ажилтнууд ихэд гайхаж байгаа тул эмэгтэй дипломат ажилтнуудын төлөөлөл бид энэ асуудлаар яамны удирдлагад хандаж байна. Улс эх орон, яамныхаа нэр хүндийг хувийн сонирхлоос ямагт дээдэлж, дипломат албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хүмүүсийн хувьд “олгой хагаравч тогоон дотроо” гэдгийг санан, уг асуудлаарх байр сууриа эхний ээлжинд яамны удирдлагадаа илэрхийлэх нь зөв гэж үзсэн болно.

Энэ асуудал нь Элчин сайдаар ажиллах болзол, шалгуурыг хангасан гэж үзэн тодорхой оронд томилогдох саналаа яамны удирдлагад илэрхийлж байсан, яамны системд 20 гаруй жил, түүний дотор зөвлөх болон түүнээс дээш албан тушаалд 10 гаруй жил ажилласан бидний асуудал биш, цаашид дипломат албаны нэр хүнд, ажлын үр дүнтэй холбоотой, улмаар төрийн тусгай энэ албанд тууштай ажиллах эсэхдээ эргэлзэн, бидний байдлыг анхаарч байгаа өсөх ирээдүйтэй залуу ажилтнуудын хувь заятай холбоотой тул бид энэ шударга бус байдлыг харж, мэдэрч буй хэрнээ дуугүй өнгөрч хэрхэвч болохгүй гэж үзлээ. Бид яамны удирдлага биднийг хүлээн авч уулзан, АНУ, Кувейт, Франц, Сингапур, Швейцар улсад Элчин сайдаар ажиллахаар нэр дэвшигчдийг ямар шалгуураар сонгосон тухайгаа танилцуулахыг хүсэж байна.

-Яагаад манай чухал “гуравдагч хөрш” болох АНУ-д сэтгүүлч-аялагч, хэлний мэдлэгийн хувьд тааруу, яриа хэлэлцээний ур чадваргүй хүнийг томилохыг дэмжив?

Олон улсын харилцааны улам бүр хурцдаж буй өнөөгийн нөхцөл байдалд их гүрнүүдээс шууд болон шууд бусаар бидэнд үзүүлдэг дипломат дарамтыг энэ хүн дааж, улсын язгуур эрх ашгийг хамгаалж чадах уу? Ийм хүн томилохыг нөгөө улс хэрхэн хүлээн авахыг та бүхэн эрхбиш тунгаан бодсон биз ээ.

-Яагаад Польш улсын хүчний байгууллагын хар жагсаалтад орсны улмаас өмнө ажиллаж байсан улсаас хугацаанаас нь өмнө татсан, эх орондоо ирснээс хойш ажилласан тайлангаа тавих бүр хэл яамаар ч үзэгдээгүй хүнийг дахин томилохыг дэмжив? Энэ жагсаалтад орсон зарим хүнийг ажлаас нь халсан, заримыг нь яамандаа авахгүй байгаа бус уу?

-Яагаад манай өөр нэг чухал “гуравдагч хөрш” болох Франц улсад сүүлийн 2 жил орчмын хугацаанд түр хамаарагч ажиллуулсны дараагаар ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн даргаар дөнгөж томилогдсон хүнийг огцом дэвшүүлэн томилохыг дэмжив?

Нэгдүгээр нарийн бичгийн даргаас Элчин сайд болж болдог юм бол бид мэтийн зөвлөх, дэд захирал, захирлын албан тушаалыг цөөнгүй жил хашсан хүмүүс цаашид юунд найдаж, юунд тэмүүлж ажиллах вэ? -Яагаад дипломат албыг цалин хөлс багатай ч ачаалал ихтэй хэмээн голж олон жилийн өмнө орхин гарсан хүнийг Ази тив дэх чухал түнш оронд томилохыг дэмжив?

-Яагаад өмнө нь хоёр удаа Элчин сайдаар ажилласны дараа өвчний шалтгаанаар хүсэлт гарган үргэжлүүлэн гадаадад ажилласан, өөрөөр хэлбэл сүүлийн 7 жил гадаадад ажилласан хүн 3 дахь удаагаа Элчин сайдаар ажиллахыг яамны удирдлага дэмжив ээ?

Энэ хүнд 3 дахь удаагаа Элчин сайдаар ажиллах боломжийг гадаад оронд ажиллаж байхад нь олгосон хэрнээ сүүлийн 4-5 жил төвд ажилласан бидэнд яагаад 1 удаа Элчин сайдаар ажиллах боломж олгохгүй байна вэ?

Дээрх нэр дэвшигчидтэй холбоотой шударга бус байдал бидний ажиллах эрч хүч, урам зоригийг мохоож байгаагийн зэрэгцээ бид үүний улмаас манай залуу ажилтнуудын авч буй буруу ойлголтод илүү санаа зовниж байна. Улс, яамны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллах хэрэггүй, ажлаа унагачихгүй хэмжээнд бай, хажуугаар нь дээрээс татах хүнтэй ойрт, мөнгө хуримтлуул, тэгвэл “тооноор орж ирэн Элчин сайд болох боломжтой” гэсэн ойлголтыг залуу ажилтнуудад өгч байна шүү дээ. Биднийг хүлээн авч уулзан, цаашид Элчин сайд нарын томилгоонд баримтлах бодлого, зарчмын талаар нээлттэй ярилцана хэмээн найдаж байна.

 

Т.Батцэцэг, Э.Сарантогос, В.Оюу, Д.Гэрэлмаа, Б.Болормаа

2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр