“VOO”, ингэж хууль зөрчихгүй ээ!
Юм уг нь хуулиараа явбал хаа хаанаа амар. Гэвч эрх мэдэлтэн, мөнгө хоёрын өмнө хууль гууль болдог жишиг Монголд тогтоод удаж дээ. Эхлээд нийгмийн сэтгэл зүйг бэлдэнэ, бэлдсэн хөрсөндөө дуртай “үр”-ээ тарьж, дураараа дургих бүх ажлаа хийнэ. Нэгэнт эхэлчихсэн зүйлээ буцаах боломжгүй болтол нь явуулж байгаад Монголын хуулийг өөрчлүүлнэ. Ийм схем яваад байна уу даа гэж хардмаар үйл явдлууд олон өрнөж байгаагийн нэгэн жишээг одоо Тантай хуваалцъя. Цар тахал дэлхий нийтэд дэлгэрэхтэй зэрэгцэн нэгэн сурталчилгаа Монголын телевизүүдээр цацагдаж эхэлснээс энэ бүхэн эхэлсэн байдаг юм.
Уншигч Та санаж байгаа бол 2020 оны нэгдүгээр сараас эхлээд Мобиком корпорацын “VOO” үйлчилгээний сурталчилгаа идэвхжсэн. Яг л “VOO” гээд л сүнгэнээд өнгөрөх хурдан галт тэргэнд суугаад “нисчихэж” байгаа мэт, эсвэл “Вүүүү” гээд уулга алдам үзэсгэлэнт газраар явж өнгөрч байгаа юм шиг... гэсэн сурталчилгаанууд тэр цагаас алхам тутамд, минут бүрт үзэгддэг болсон.
Үнэхээр л “VOO, ямар үйлчилгээ юм бол” гэж сонирхож үзмээр их сурталчилж байлаа. Сурталчилгаанд автаад үнэхээр ч сонирхож үзсэн. Үйлчилгээ нь яг л бидний сүүлийн хэдэн жил IPTV-гээр эсвэл агаарын хиймэл дагуулын сүлжээгээр авдаг олон сувгийн үйлчилгээ. Өөрсдийнх нь сурталчилснаар энэхүү үйлчилгээ нь гар утас, төхөөрөмж, компьютераасаа дэлхийн шилдэг сувгууд болон Монголын өргөн нэвтрүүлгийн олон сувгийг үзэх боломжтой байсан. Мобикомын аль ч салбараас төхөөрөмж худалдан аваад өөрийн тв-гээр энэ үйлчилгээг авч болно гээд удалгүй тэлсэн. Энэ салбарт өрсөлдөөн нэмэгдэж байвал хэрэглэгч бидэнд л хэрэгтэй болохоор талархан хүлээж авсан, бас стратегийн салбарт ийм хурдан ороод ирсэн үйлчилгээг бага зэрэг судалсан.
Харамсалтай нь харилцаа холбооны салбарын ХААН суудалд байгаа, давамгай аж ахуйн нэгж гэдгээр бүртгэгдсэн “Мобиком” корпорацын танилцуулсан “VOO” нь Монгол Улсын хэд хэдэн хууль, тогтоолыг ноцтой зөрчиж байгаа нь тогтоогдон тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, өнгөрсөн оны долдугаар сарын мэдээллээр “VOO” үйлчилгээг үзүүлэгч нь өргөн нэвтрүүлгийн болоод арилжааны 16 телевизтэй нэгээс гурван жилийн гэрээ байгуулаад төлбөрөө төлчихсөн, 3 мянга шахам хэрэглэгчтэй болчихсон байсан юм. Өөрөөр хэлбэл “VOO” нь олон сувгийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргээд эхэлсэн байв. Үүнийг нь ч Харилцаа холбооны зохицуулах хорооны улсын байцаагчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр батлагддаг юм. Нэхэн сануулбал, 2020 оны аравдугаар сард Харилцаа холбооны зохицуулах хороо зөрчлийн хэрэг үүсгэж, улсын байцаагч хяналт шалгалтаа эхлүүлсэн бөгөөд хоёр сарын дараа Мобиком корпорацыг хууль зөрчжээ гэсэн дээрх дүгнэлт гарсан хэрэг л дээ. Одоо ямар хууль зөрчсөн бэ гэдгийг нарийн задалъя.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь тусгай зөвшөөрөл авах бөгөөд олон суваг дамжуулах үйлчилгээ гэж “Утастай, утасгүй, хиймэл дагуулын сүлжээгээр радио, телевизийн олон сувгийг хэрэглэгчдэд гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэхийг хэлнэ” гээд тодорхой заасан. Нэг үгээр хэлбэл хэрэглэгчдэд олон сувгийг хүргэх үйлчилгээ үзүүлэх хэний ч эзэмшлийн компани байсан заавал эхлээд тусгай зөвшөөрөл авсан байх ёстой гэдгийг ингэж тодорхой заасан байдаг юм. Тэгвэл “VOO” үйлчилгээг үзүүлдэг Мобиком корпорацын охин компани болох “Мобинэт” ХХК нь ийм зөвшөөрөлгүй бөгөөд зөвхөн интернэтийн үйлчилгээ эрхлэх л зөвшөөрөлтэй байсан юм. Ингээд зогссонгүй. Хуулиа эхлээд зөрччихөөд дараа нь хуулийн дагуу зөвшөөрөл хүссэн процесс болсон байгаа юм. Ухаандаа дэлгүүрээс саван хулгайлсан эмэгтэйд 10 жилийн ял оноож байсан Монголын төрд хуулийг нь уландаа гишгэчихснийхээ дараа “Мобинет” хууль ёсны зөвшөөрөл хүссэн байдаг.
Тодуулбал, олон сувгийн үйлчилгээ хэрэглэгчдэд үзүүлж эхэлснээсээ хойш найман сарын дараа “Мобинэт” ХХК нь тусгай зөвшөөрөл Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүсчээ. Энэ нь 2020 оны наймдугаар сар. Гэсэн ч тус компанид тусгай зөвшөөрлийг олгоогүй байгаа бөгөөд олгох ч ёсгүй юм. Учир нь УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд баталсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд олон сувгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг олгож болохгүй хэд хэдэн субъектыг нарийн зааж өгсөн байдаг юм. Үндэсний аюулгүй байдалд нөлөө үзүүлэхүйц стратегийн салбар учраас УИХ онцгой анхааран хуулиар хязгаарласан байдаг хэрэг л дээ. Ямар аж ахуйн нэгжүүд олон сувгийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй гэдгийг Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд хэрхэн тусгасныг харцгаая.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиас...
“7.3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах этгээдэд олгохыг хориглоно.
7.3.1.Төрийн байгууллага, иргэн
7.3.2.Улс төрийн нам, эвсэл, тэдгээрийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага
7.3.3.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд
7.3.4.Шашны байгууллага
7.3.5.Төлөөлөн Удирдах Зөвлөл, эсхүл удирдлагын баг (захирал, дэд захирал, менежер)-ийн 30-аас дээш хувь нь гадаадын иргэн эзэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага”
“VOO” үйлчилгээг үзүүлэгч “Мобинэт” ХХК бол “Мобиком” гэсэн ганцхан хувьцаа эзэмшигчтэй компани. Харин “Мобиком” корпораци бол Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй KDDI. Энэ паблик компанийн хамгийн том хөрөнгө оруулагч нь “Тоёота” корпораци.
Эндээс харахад Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай Мобиком корпорацын бас л 100 хувийн охин компани “Мобинэт”-д олон сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож болохгүй гэдгийг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7.3.3 болон 7.3.5-аар тодорхой заагаад өгчихжээ. Энэ ташрамд сануулахад “VOO” үйлчилгээг анх танилцуулж байсан Мобиком корпораци нь 2020 оны зургадугаар сард өөрийн охин компани болох интернэтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий “Мобинэт” ХХК руу шилжүүлсэн байдаг юм. Ингэж шилжүүлсэн нь 2020 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дээрх заалтуудаас бултах нэгэн заль нь байсан юм. Том хөрөнгийн биржид бүртгэлтэй, паблик компанийн хөрөнгө оруулалттай Мобиком корпорац Монголын хуулийг ингэж нэгэн жишээн дээр хоёронтаа гишгэсэн билээ. Харилцаа холбооны зохицуулах хорооны улсын байцаагч ч, түүнийг нь хянасан прокурор нь ч “Мобинэт” ХХК-ийн эрхлэн явуулсан “VOO” үйлчилгээ нь Монгол Улсын Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчсөн байна гээд дүгнэлтээ гаргачихсан.
Харамсалтай нь Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдсантай холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сард багтаан гаргах байсан энэ хуулийг зөрчвөл Зөрчлийн хуулиар ямар шийтгэл ногдуулах тухай санкцыг агуулсан төслийг Засгийн газар, харьяа агентлаг нь өргөн бариагүйгээс Мобиком корпораци Монголын хуулиас “ял” завшаад сууж байгаа билээ.
Монголын хуулийг гууль болгосон энэхүү асуудлаар одоо Зөрчлийн хэрэг үүсээд явж байгаа бөгөөд Монгол төрийн эс үйлдлээс болоод хэрэг нь цагдаагийн шүүгээнд хэвтэж байна. Яагаад гэвэл, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчвөл хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн хуульд зааж өгөөгүй, зааж өгөх хугацаатай үүрэг хүлээсэн Засгийн газар нь таг дуугай явсаар байсан нь зарим этгээдэд ял завших завшаан болж хувирсан хэрэг л дээ.
Эх сурвалж: www.24tsag.mn