Г.Жигжидсүрэн: Хувь хүний ертөнцийг үзэх үзэл, мэдрэмжийг л харна даа
Уран бүтээлчид, сонирхогчдын дунд зохион байгуулдаг “Дува” богино хэмжээний кино наадмын ээлжит уралдаан удахгүй эхлэх гэж байна. Уг наадмыг Үндэсний брэндийн бодлогын зөвлөлөөс зохион явуулдаг юм. Тус наадам нь кино уран бүтээлчдийн шинэ үеийг бэлтгэх, тэдний сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа гэж ярих урлагийнхны үнэлгээ өндөр байдаг юм билээ. Ингээд тус наадмын ерөнхий шүүгч, Кино урлагийн дээд сургуулийн багш СГЗ, МУАЖ найруулагч Г.Жигжидсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Нийгмийн сайн сайхны төлөө гэгдэх “Дува” богино хэмжээний бүтээлийн талаарх таны сэтгэгдлийг эхлээд сонсох нь зөв болов уу?
-Сүүлийн жилүүдэд Монголын кино урлаг гэгээтэй харагдаж эхэллээ. Чадвартай залуу үе ч гарч ирж байна. Гадаад, дотоодын кино урлагийн сургуульд сурсан, янз бүрийн техник, арга барилтай залуу уран бүтээлчид төрж байна. Энэ нь ч дэлхийн кино урлагийнхантай хөл нийлүүлэн алхахад чухал алхам. Үүнийг л олзуурхаж хараад байгаа юм. Уг наадам нь авьяасын ундарга залуучуудад өөрийгөө нээн гарч ирэхэд нь дэм болж байна гэж хардаг. Энэ жилийн наадмын хувьд өнгөрсөн жилийнхээс чансаа нь дээшилж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Түүнчлэн бусад улсуудад ч мөн 10 хүртэлх минутын богино хэмжээний бүтээлийн уралдаан болдог юм билээ. Өнгөрсөн жилийн “Дува” наадмын шилдэг бүтээлийг харьцуулж үзсэн юм. БНХАУ, Тайван зэрэг орнуудтай харьцуулахад манай улсын залуу уран бүтээлчдийн бүтээл дутах юмгүй харагдсан.
-Цаашид кино урлагийн уран бүтээлчид олон улсад гарч өрсөлдөхөд шаардлагатай зүйл юу байна гэж та харж байна?
-Сэтгэлгээний л өөрчлөлт чухал. Монголын кино урлаг мөнгөгүй болохоор гацчихаад байна гэж ярьдаг юм. Гэтэл мөнгөндөө биш шүү дээ. Асуудал сэтгэлгээнд л бий. Мөн Монголын кино урлагийг бодлогоор дэмжих шаардлагатай байна. Кино урлагийн тухай хуультай болъё гээд 20 орчим жил ярилаа. Өнөөг хүртэл байхгүй л байна. Би 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам гэж анх байгуулагдахад Кино циркийн бодлогыг хариуцсан хэлтэст ажиллаж байсан юм. Энэ үед гадаадын орнуудын хууль ийм байдаг гэж харуулж, кино урлагийн тухай хуультай болох төсөл хүртэл гаргаж байлаа. Киноны тухай хуультай болох замыг гаргасан гэх үү дээ. Гэтэл яагаад биелээгүй гэхээр тухайн үед Хууль зүйн яам, Сангийн яамнаас дэмжээгүй. Сангийн яамнаас киноны тухай хууль гарахаар сүүлдээ театрын тухай хууль, хөгжмийн тухай хууль гэж гарч ирэх юм уу гэж хэлж байсан. Уг нь киноны тухай хууль гэдэг нь бодлого тодорхойлох л зүйл шүү дээ. Харин ёүүлийн үед нааштай зүйл сонсогдож байна. Хэд хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч киноны тухай хуулийн талаар сонирхож асуусан юм. Энэ үеэр зарим ярилцсан зүйлүүд ч бий.
-Тэгвэл кино урлагийнхан удахгүй төрөөс бодлого, дэмжлэгтэй болох сайхан мэдээ ойртож л байгаа юм байна?
- Тийм шүү.
-Өнгөрсөн жилийн хувьд ямар бүтээл шилдгээр шалгарч байв?
-Өнгөрсөн жилийн хувьд “Амьдрал сайхан” бүтээл шалгарсан. Загасчны гэр бүлийн тухай байсан. Амьдралын сайхан гэр бүлээ хайрлахаас эхэлдэг гэсэн санааг гаргаж өгсөн нь шүүгчдэд их таалагдсан. Мөн 1, 2, 3, 4, 5 гэж гудамжинд, ажил дээрээ ч тоолоод байдаг хүний тухай бүтээл байна. Хүн стресст орохдоо бухимдлаа яаж тайлах вэ гэхээр бүх зүйлийг мартаад удаан гэгч нь чанга тоолоход таны сэтгэл санаа гайгүй болдог гэж мэргэжлийнхэн ч хэлж байгаа юм л даа. Уг санаагаар бүтээл хийж, амьдруулж чадсан байсан. Ер нь уран бүтээлчдийн ур ухаан бүтээлээ амилуулж чадсан эсэхээс л харагдана шүү дээ.
- Ер нь ямар бүтээлийг сайн бүтээл гэж хэлэх вэ?
-Хувь хүний ертөнцийг үзэх үзэл, мэдрэмжийг л харна даа. Тиймээс тухайн бүтээлчийн тусгалаас л шалтгаална.
-Уг наадмаас төрсөн шилдэг бүтээлүүдийг бүрэн хэмжээний кино болгох санаа бий юу?
-Нэг цаг орчмын бүтээлийг кино, 10 орчим минутын киног кино биш гэж үзэж болохгүй. Богино хэмжээний кинонд бүрэн хэмжээний киноноос илүү санаа шингэсэн байдаг. Богино байх тусмаа л уран бүтээлчдээс чадвар шаарддаг юм. Тухайлбал, өгүүллэг байлаа гэхэд хамгийн богино өгүүллэг л хүний авьяасыг гаргаж ирж байгаа юм шүү дээ. Үүнийг уран бүтээлчдийн сэтгэхүй, цар хүрээг гаргаж ирдэг том үзүүлэлт гэж хардаг. Уг наадмыг олзуурхдагийн шалтгаан нь энэ юм. Мөн энэ жилээс “Дува” богино хэмжээний бүтээлийг хоёр сард нэг удаа зохион байгуулж байхаар тогтсон.
Б.Лхам