Амазон зарагдаагүй бараагаа хандивлана

Нийтэлсэн: Админ 2019-08-16 12:50:19

Дэлхийн хамгийн баян эр Жефф Безосын удирддаг Amazon компани ирэх есдүгээр сарын нэгнээс эхлэн "Fulfillment by Amazon Donations" хүмүүнлэгийн төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ хүрээнд тус компани агуулахад буй борлуулагдаагүй бараа бүтээгдэхүүнээ хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хандивлахаар болжээ. Amazon-ий мэдээлж буйгаар, хүмүүнлэгийн төслийн хүрээнд эрэлт, хэрэгцээгүй эсвэл хэрэглэгчдээс буцаагдсан бараа бүтээгдэхүүнийг хандивлах аж. Төсөл эхний ээлжинд АНУ болон Их Британид хэрэгжих гэнэ. Тодруулбал, тус компани АНУ-ын Good360, Их Британийн Newlife, Barnardo зэрэг байгууллагатай хамтран ажиллахаар болжээ. Гэхдээ Amazon-той хамтран ажиллах хүсэлтэй байгууллага бүрт энэ төсөл нээлттэй байх болно гэв.

Amazon компанийн хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн төслийн гол зорилго нь агуулахад нь хадгалагдаж буй эрэлт багатай, борлуулагддаггүй бараа бүтээгдэхүүнийг багасгах аж. Мөн Францын RTL телевизийн бүтээсэн баримтат кинонд Amazon компани 2018 онд зөвхөн Франц улсад гэхэд хоёр сая бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ. Өнгөрсөн тавдугаар сард Их Британийн Daily Mail сонин Amazon компани сая, сая шинэ бараа бүтээгдэхүүн болох телевизор, ном, гал тогооны хэрэгсэл, тоглоомыг устгалд оруулж байна гэж мэдээлж байсан. Энэ үед Amazon компани тайлбар хийхээс татгалзаж байв.

Сонирхуулахад, Үүний зэрэгцээ, Amazon худалдан авагчдад хэтэрхий том хайрцагтай бараа бүтээгдэхүүн илгээж буй түншүүдээ торгохоор болсноо есдүгээр сарын 3-нд зарласан билээ.

 

Эх сурвалж: Forbes

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх