Допинг хэрэглэсэн таван бөхийг энэ наадамд барилдуулахгүй шийдвэр гарчээ

Нийтэлсэн: Админ 2019-07-05 14:58:22

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдож, хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байсан таван бөхийг энэ жилийн наадмаар барилдуулахаар болоод байсан билээ. Энэхүү маргаан бөхчүүдийг дахин талцуулж, Ч.Санжаадамба аварга тэргүүтэй бөхчүүд эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм.

Тэгвэл Үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн таван бөхийн барилдах эрхийг шийтгэлийн хугацаанаас өмнө сэргээснийг цуцалж, эрх хассан хугацааг хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын таван бөх энэ жилийн наадамд барилдахгүй хэвээр болсон байна.

Наадмын өмнө болдог сорилго барилдаан зургадугаар сарын 23-д Бөхийн өргөөнд болоход Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш нар барилдахаар ирээд байсан ч бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ талаар Бөхийн холбооноос мэдээлэл хийж, дээрх шийдвэрийн талаар эргэн харах болно гэж байсан бол түүнийгээ цуцалжээ. Хэрвээ эдгээр бөхчүүд наадамд барилдах юм бол бөхчүүд томоохон эсэргүүцэл хийх болно гэдгээ мэдэгдэж байсан.

ТАЙЛБАР:

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд бөхчүүдээс барилдааны үеэр болон гэнэтийн шинжилгээг авсан. 2017 оны арванхоёрдугаар сар болон 2018 оны нэг, хоёрдугаар сард авсан шинжилгээнд 43 бөх хамрагдаж, долоон бөх /хоёр нь чөлөөт бөхийн тамирчид/ хориотой эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдож, барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан билээ. Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын таван бөхийн барилдах эрхийг шийтгэлийн хугацаанаас нь өмнө гаргасан ч дахин цуцалсан байна. Дээрх бөхчүүд шийтгэлийн хугацаагаа дуусгаж, 2020 оноос барилдах эрхтэй болох аж.

МҮБХ-ны Тэргүүлэгчид нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэдний олонх буюу МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Улсын арслан Д.Азжаргал, Улсын гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, Улсын харцага Л.Бадарч, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, бөх тайлбарлагч Ц.Батнасан, гарын даа Ё.Амарбаясгалан нар тогтоолыг дэмжин гарын үсэг зурж дээрх таван бөхийг энэ жилийн наадмаар барилдах боломжтой шийдвэрийг гаргажээ. Харин энэхүү шийдвэрт Улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Ц.Мягмарсүрэн, МҮБХ-ны дэд тэргүүн, Улсын заан Ц.Магалжав, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, бөх судлаач Б.Цогтбаатар нар гарын үсэг зурахаас татгалзсан байна.

МҮБХ-ны Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэр энэ долоо хоногт цуцлагдаж, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүд Үндэсний их баяр наадамд барилдах боломжгүй болсон байна.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх