“Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлууд эхэллээ

Нийтэлсэн: Админ 2019-07-02 15:39:26

Бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүүгийн өвчлөлийг бууруулах, улмаар төрөлхийн тэмбүүг устгах талаар эрүүл мэндийн салбарын хэмжээнд дорвитой арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Энэ ажлын хүрээнд эмэгтэй биеэ үнэлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүдийн сургалтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулж, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, тус аймгийн Замын-Үүд сумын ЭМТ-ийн БЗДХ-ын кабинетын эмч нар  болон “Төгс бүсгүйчүүд”, “Хатан замнал”, “Чуулсан үгс”, “Эмэгтэйчүүдийн итгэл найдвар” зэрэг 4 ТББ-ын төлөөлөл оролцон өндөр эрсдэлт бүлгийнхэнтэй харилцах арга барил, тэдний дунд зохион байгуулах арга хэмжээний талаар ярилцан, харилцан туршлага судлан, цаашид анхааран хамтран ажиллах асуудлаа ярилцсан байна.

 

 

Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн БЗДХ, ХДХВ, ДОХ-ын Тандалт судалгааны албаны мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй баг Эрүүл мэндийн сайдын 2017 оны 305 дугаар тушаалаар батлагдсан “БЗДХ, ХДХВ-ийн тусламж үйлчилгээний заавар”-ын хэрэгжилт, тэмбүүтэй өвчтөний эмчилгээний дараах хяналт, хавьтал судлалын үйл ажиллагаа, ялангуяа жирэмсэний  хяналтын тусламж үйлчилгээ зэргийг хянах хуудсын дагуу дэмжлэгт хяналтыг хийн, эмч мэргэжилтнүүдэд ажлын байранд нь зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах ажлыг Сэлэнгэ, Булган, Ховд аймагт хийж байгаа юм. Үүний үр дүнд өвчтөний оношилгоо, эмчилгээнд мөрдөх зааврыг хэрэгжилтийг газар дээр нь үнэлэн, улмаар шинэчлэхэд шаардагдах нотолгоог бүрдүүлнэ.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх