Фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээлийг авч, төлбөр төлдөг аппликэйшн гаргажээ

Нийтэлсэн: Админ 2019-06-12 12:08:18

Хэрэглэгчид өрсөлдөгч компаниудын аппликэйшнийг хэрхэн ашиглаж буй талаарх мэдээллээ Фэйсбүүк компанид худалдах боломж бүрджээ.

Тус компани өчигдөр хэрэглэгчдийн мэдээллийг Фэйсбүүк рүү дамжуулах зорилготой Study хэмээх шинэ аппликэйшнийг танилцууллаа. Уг аппликэйшнийг утсандаа татаж авсан тохиолдолд тухайн хэрэглэгч гар утсандаа буй бусад аппликэйшнийг хэрхэн ашигладаг, хэр их цагаар ашигладаг гэх мэт мэдээллийг Фэйсбүүк рүү дамжуулах юм байна.

Өмнө нь Фэйсбүүк 13-35 насны хэрэглэгчдийн мэдээлэл цуглуулж, сар тутам 20 хүртэлх долларын төлбөр төлөх Facebook Research нэртэй аппликэйшн гаргахаар ярьж байсан ч Apple компанитай тохиролцоонд хүрч чадаагүй тул уг төсөл зогсжээ.

Харин Фэйсбүүк компани шинээр гаргаад буй Study аппликэйшний цуглуулж буй датаны талаарх мэдээллийг хэрэглэгчдэд нээлттэй, ил тод байлгах тал дээр анхаарч байна гэж The Guardian сайт мэдээлжээ. Харин Apple компани “Хэрэглэгчийн утсан дахь бусад аппликэйшнүүдийн талаарх аналитик мэдээллийг зар сурталчилгаа болон маркетингийн зорилгоор ашиглахыг хориглоно” гэсэн заалттай байдаг тул Study аппликэйшн iPhone барьдаг хэрэглэгчдэд хүрч чадахгүй бололтой. Тиймээс Study аппликэйшн нь Google-ийн Play Store байршиж байгаа бөгөөд 18-аас дээш насны хэрэглэгчид л татаж авч, ашиглах боломжтой аж.

Фэйсбүүк компани Study аппликэйшний нээлтийн үеэр “Энэ ажил нь Фэйсбүүкийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулахад чухал үүрэгтэй гэж бид итгэж байна. Түүнчлэн хүмүүсийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж,  хэр удаан хадгалах талаар хэрэглэгчид бүрэн мэдээлэлтэй байх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх