ХОМ-ээ буруу мэдүүлсэн “МИАТ”-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанааг ажлаас нь чөлөөлжээ

Нийтэлсэн: Админ 2019-05-10 10:02:00

Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн холбогдох заалтыг үндэслэн “МИАТ” ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаагийн 2017, 2018 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгахад зарим зөрчил илэрчээ.

Б.Амарсанаа нь өөрийн болон гэр бүлийн гишүүний цалингийн орлогыг дутуу мэдүүлсэн, мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг 2017 онд худалдсаны орлого, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжийн хүүгийн орлогыг мэдүүлээгүй байна. Түүнчлэн өөрийн болон гэр бүлийн гишүүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэгт байрлах нэг орон сууц, Хан-Уул дүүрэгт байршилтай хоёр орон сууц, Баянзүрх дүүрэг дэх нэг авто зогсоолыг тус тус мэдүүлээгүй аж.

Дээрх зөрчлийг үндэслэн Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасан хариуцлагыг тооцуулах шаардлагатай гэж үзэн Авлигатай тэмцэх газраас “МИАТ” ХК-д “МИАТ” ХК-д бичиг хүргүүлжээ.

Харин “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрөөс Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн хариу албан бичигт Б.Амарсанааг дээрх зөрчилтэй нь холбогдуулан Сургалтын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн талаар дурдсан байна.