“Солонго 1” /MON18/, “Солонго 2” /MON19/2” төслийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ

Нийтэлсэн: Админ 2025-01-08 12:24:00

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Солонго-1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих” төсөл хэрэгжүүлэх нэгжээр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Колон Глобал” корпораци, зөвлөх үйлчилгээний ажлыг “Мүүён Си Эм” төлөөний газрууд тус тус гүйцэтгэж байгаа билээ. Тус төслийн нэгжийн төлөөлөл өнөөдөр /2025.01.08/ уулзаж, төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлууд болон цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг хэлэлцлээ.

Уулзалтад “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбулган, Ерөнхий гүйцэтгэгч “Колон Глобал” корпорацийн Төслийн захирал Kim Kyun-Suk, Зөвлөх “Мүүён Си Эм” төлөөний газрын захирал Hyun Koo Shim болон албаны бусад хүмүүс оролцов.

Уулзалтаар “Солонго 1, 2” төслийн барилга угсралтын ажил эхний ээлжийн 35 блокийн барилга угсралтын ажил дуусаж, төслийн нийт гүйцэтгэл 25%-тай, ажлын явц хурдтай байгааг онцлон тэмдэглэлээ. Энэ онд төслийн нийт гүйцэтгэлийг 70%-д хүргэж, эхний ээлжийн 980 айлын орон сууцыг ашиглалтад оруулахад тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, графикт хугацаандаа ашиглалтад хүлээлгэн өгөх талаар хэлэлцэв.

Дашрамд дурдахад, БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн баригдаж буй төсөл нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байна. Тус төсөл нь нийт 17.19 га талбайд босох бөгөөд 5,002 айлын орон сууцны хорооллыг 41 сарын хугацаанд бүрэн барьж дуусган ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.