
ТӨБЗГ-аас хийсэн шалгалтаар “ТОСК” ТӨХХК 97 хувийн үнэлгээ авав
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсээс 2023 оны “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 525 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт шалгалт хийсэн билээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 28 тоот хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэг, мөн Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн 2024 оны гүйцэтгэлийн шалгалтын төлөвлөгөөний дагуу “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тогтоолын биелэлтийг хангуулах зорилгоор төрийн захиргааны төв болон төрийн захиргааны 3 байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 23 компани, үйлдвэрийн газар, нийт 31 хуулийн этгээдэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийснээс “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК 97 хувь буюу бүрэн хэрэгжсэн үнэлгээ авав.
Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар газар эзэмших эрхийг бүртгэхтэй холбоотой 170 нэгж талбарын 1.359.7 га газрыг 14.34 тэрбум, хөрөнгийн хөдлөл өөрчлөлттэй холбоотой 2,360 нэр төрлийн 28.74 тэрбум, мөнгөн хөрөнгөтэй холбоотой 159.6 сая төгрөгийн зөрчлийг нийт давхардсан тоогоор 45 хуулийн этгээд 10 арга хэмжээний 43.23 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгасан байна. Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагчийн ажил эрчимжүүлэх тухай 4, хариуцлага тооцох 2, журам хүчингүй болгох 1, нийт 7 албан шаардлагыг хэрэгжилт хангалтгүй дүгнэгдсэн хуулийн этгээдэд хүргүүлжээ.
Засгийн газрын 2020 оны 206 тоот тогтоолоор батлагдсан хяналт, шинжилгээ, үнэлгээний аргачлалын дагуу үнэлэхэд 19 байгууллага бүрэн хэрэгжсэн, 9 байгууллага хэрэгжих шатанд, 1 байгууллага хэрэгжилт хангалтгүй, 2 байгууллага хэрэгжээгүй буюу дундаж үнэлгээ 82.6 хувьтай байжээ.