“СОЛОНГО 1, 2”, “НОГООН НУУР 1008” орон сууцны хороолол барих төслийн нэгжийн ажилтнууд туршлага солилцлоо

Нийтэлсэн: Админ 2025-01-24 12:17:00

“ТОСК” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орон сууцны хороолол барих төслийн нэгжээс БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдаж буй “Ногоон нуур 1008” орон сууцны хороолол барих төслийн нэгжийн инженер, техникийн ажилтнуудтай туршлага солилцох үйл ажиллагааг өчигдөр /2025.01.23/ зохион байгуулсан бөгөөд “Солонго 1, 2” төслийн нэгжийн Төслийн зохицуулагч, “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбулган, “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны хорооллын төслийн нэгжийн захирал Д.Од, “Солонго 1, 2” орон сууцны хорооллын төслийн хяналт хэрэгжүүлэгч “Мүүён Си Эм” төлөөний газар, ерөнхий гүйцэтгэгч “Колон Глобал” корпораци ХХК-ийн зөвлөх, инженер, техникийн ажилтнууд оролцлоо.

Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслийн нэгжүүд төслөө хэрхэн амжилттай хэрэгжүүлж байгаа болон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, дүгнэлт зөвлөмж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бараа материал, төслийн талбайд хэрэгжүүлж буй ХАБЭА-н дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн тухай судлаж, санал солилцлоо.