
Б.Эрдэнэбулган: Түрээсийн орон сууцны тогтолцоог цахимжуулах ажлыг эхлүүлээд байна
Монгол Улсын хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК гүйцэтгэдэг билээ. Тус корпорацийн хэрэгжүүлж буй хэд хэдэн төслөөс “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 35 блокийн барилга угсралтын ажил өнөөдөр ид үргэлжилж байна. Олон жил яригдаж буй уг төсөл бодит биеллээ олж буй энэ цаг үед VIP ярилцлагын зочноор “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбулганыг урьж, ярилцлаа.
- Та барилга бүтээн байгуулалтын салбартай хэрхэн холбогдов. Ажлын гараагаа хэрхэн эхэлсэн бэ?
- Юуны өмнө шинэ он гараад удаагүй байгаа энэ цаг үед намайг зочноор урьж, ярилцаж байгаад талархал илэрхийлье. Миний хувьд математикч, барилгын инженер мэргэжилтэй. Ажлын гараагаа 2007 онд тухайн үеийн Барилга, хот байгуулалтын яамны Барилга захиалагчийн албаны мэргэжилтнээр эхэлж, барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын салбарт тасралтгүй ажилласаар 2023 оноос “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж эхлээд байна. Барилгын салбар бол олон хүнийг гэр орон, гал голомттой болгодог буянтай салбар. Тийм ч учраас энэ салбартаа өөрийн мэддэг чаддаг бүхнээ зориулаад явж байна. Ажлаа авсан цагаасаа “ТОСК” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн гүйцэтгэлийг нэмэгдүүлж, хуримтлагдсан өр авлагын томоохон асуудлуудыг цэгцлэх, дотоод зохион байгуулалт, менежментийг дараагийн шатанд гаргах, санхүүгийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхийг зориод ажиллаж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх гол арга зам бол орон сууцжуулалт юм.
- ТОСК, НОСК гэх мэт төрийн өмчит байгууллагууд хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд зэрэгцэж орших нь буруу гэх нь бий. ТОСК нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулснаараа ямар ач холбогдлыг барилгын зах зээлд бий болгодог вэ?
- Төр хувийн хэвшилтэй зэрэгцээд төсөл хэрэгжүүлээд байх шаардлагагүй. Зөвхөн менежментийг нь хийгээд явах боломжтой гэж боддог. Гэхдээ эдгээр байгууллага нь орон сууцны үнийг тогтвортой, савлагаагүй байлгахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, өмнө нь хэрэгжсэн “Хангай” хотхон, “Буянт-Ухаа 1, 2” хорооллын төслүүд нь зах зээлийн үнээс маш хямд үнээр иргэдэд хүрсэн. Өөрөөр хэлбэл, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжгүй зорилтот бүлгийн иргэдийг орхигдуулж болохгүй учраас төр энэхүү хэрэгцээг нь хангах зорилгоор төслөө хэрэгжүүлж байгаа. Төрийн өмнөөс зээл, газраа авч байгаа хэр нь хувийн хэвшилтэй адил үнээр зах зээлд нийлүүлбэл “ТОСК” ТӨХХК байхын утга учир байхгүй юм. Хамгийн гол нь эдгээр байгууллагууд хэр үр дүнтэй ажиллаж байгаа нь чухал. Эдгээр төслүүд хаана, ямар шалтгаанаар гацааж байгаа, төсөл хэрэгжихгүй бол хэн хариуцлага хүлээх нь тодорхой бус учраас Үндэсний орон сууцжуулалтын тухай хууль үүнийг шийдвэрлэх гол хүчин зүйл юм. Үүгээр байгууллагуудын уялдаа холбоо маш тодорхой болно.
- 2024 онд хэрэгжүүлсэн томоохон ажлуудынхаа талаар танилцуулбал?
- 2024 онд “ТОСК” ТӨХХК-ийн хувьд сүүлийн жилүүдэд байгаагүй үсрэлтийн өөрчлөлт, шинэчлэл гарсан жил байлаа гэж миний хувьд дүгнэж байна. Учир нь, нэгдүгээрт санхүүгийн байдал, орлого төвлөрүүлэлт тал дээр нэлээд анхаарч ажилласны үр дүнд борлуулалтын орлого маань өнгөрсөн жилүүдийнхээс 2-3 дахин нэмэгдлээ. Зөвхөн түрээсийн орлогоор санхүүжиж байсан бол орлогыг солонгоруулж, эх үүсвэрийг нь 3-4 төрөл болголоо. Ингэснээр байгууллагын хэмжээнд хуримтлагдаад байсан өр төлбөр, хүүгийн төлбөрийг шат дараатай шийдэх боломжуудыг бүрдүүллээ. Мөн ажилтнуудынхаа цалинг тодорхой хэмжээгээр өсгөж, төрийн өмчит компаниудын дундаж түвшинд хүргэхэд анхаарч ажиллалаа. Түүнчлэн манай дотоодын төслүүд, өөрсдийн хэрэгжүүлж буй бүтээгдэхүүнүүдээ идэвхжүүлэх, зөрчилтэй байсан газруудынхаа асуудлыг нэлээд сайн цэгцэллээ. Бид БНСУ-ын Эксим банкны санхүүжилттэй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлж эхлүүллээ. Эхний ээлжийн 35 блокийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, төслийн нийт ажлын 25 хувийг нь хийж гүйцэтгэлээ. Энэ мэтчилэн томоохон ажлуудыг 2024 онд хийж, хэрэгжүүллээ.
- “Солонго 1, 2” төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар 5,002 айлын орон сууц ашиглалтад орж, тэр хэмжээгээр гэр хорооллын яндан бууна. Тэгвэл эхний ээлжийн хэчнээн орон сууц, хэзээ ашиглалтад орох вэ?
- “Солонго 1” /МОН-18/, “Солонго 2” /МОН-19/ төслийн хүрээнд 5,002 айлын орон сууц ашиглалтад орж, гэр хорооллын 5,002 яндан бууна гэдэг бол маш сайн хэрэг. Эхний ээлжийн 980 айлын орон сууц энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно. 5,002 айлын 0.7 га газраар бодох юм бол үндсэндээ 350 га газрыг хамарна. Тэгэхээр бүтэн нэг хороолол, хорооны хүн амыг орон сууцанд оруулж байна гэсэн үг. Улаанбаатар хотод нийт 200 гаруй мянган айл өрх гэр хороололд амьдардаг. Үүний 5,000-ыг нь манай ганц төсөл оруулж байгаа юм. Төсөл 41 сарын хугацаанд бүрэн хэрэгжиж дуусна. Энэ дашрамд нэг зүйл хэлэхэд, сүүлийн 3 жилийн статистикийг харвал 50 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орсон байна. Уг төсөл хэрэгжсэнээр орон сууцны салбарыг 10 хувиар нэмэгдүүлж байгаа хэрэг. Ийм томоохон бүтээн байгуулалтын ажил гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна. 2025 он бол бүтээн байгуулалтын жил байх болно. Нийт төслийн гүйцэтгэлийг 70 хувьд хүргэх төлөвлөгөө, график гаргаад ажиллаж байна.
- Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан “Залуус” төслийг “ТОСК” ТӨХХК хэрэгжүүлж байгаа. Энэ төслийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юу?
- “Залуус” төсөл маань 57 га газар дээр баригдана. Эхний ээлжийн 936 айлын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажил 75 хувьтай хэрэгжээд явж байна. Улсаас дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлын төсвийг гаргаад өгч байна. Иймд улсын төсөвт дараа болохгүйгээр хөрөнгө оруулагчдаа шийдэх шаардлагатай. Тэгэхгүй бол өнөөдөр улсын төсөвт орон сууц барих төсвийг тусгахад хүндрэлтэй шүү дээ. Тиймээс бид олон улсын зээл тусламж авах уу, хөнгөлөлттэй зээл байх уу, эсвэл хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллаж болох уу. Магадгүй заавал гадаад биш дотоодын хөрөнгө оруулагчид ч байж болно. Олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт хийгээд төслийн үндсэн хэрэгжүүлэгчийг шалгаруулна. Өнөөдрийн байдлаар төслөө хэрэгжүүлэхээр үндсэн бэлтгэл ажлыг хангаж, төслийнхөө танилцуулгыг хийгээд явж байна. Нийслэлтэй хамтраад дулааны асуудлыг өөр эх үүсвэрээр шийдвэрлэх боломж бий эсэх талаар судалгааны ажлыг эхлүүлээд байна.
- Иргэдийн хүлээлтийг үүсгээд байгаа “Эко Яармаг” төслийн барилга угсралтын ажил хэзээ эхлэх вэ?
- Манай байгууллагын хэрэгжүүлж буй төслийн нэг бол дотоодын хөрөнгө оруулалттай, гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах “Эко Яармаг” төсөл. Ковидын нөхцөл байдал, батлуулсан газар дээр нь станцын замтай холбосон замын транс дайрсан гэх мэт шалтгаануудаар гүйцэтгэгчийн зүгээс зураг төсөлд 10 гаруй удаа өөрчлөлт оруулсан байдаг. Өнөөдөр бодит байдал дээр дотоодын хөрөнгө оруулалттай төсөл олон жил гацаад байна. Үүнээс шалтгаалан газраа чөлөөлсөн иргэдийн асуудал маш хүнд байдалтай байна. Эдгээр иргэд олон жил хохироод явж байна. Энэ байдлыг яаралтай шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Манай байгууллага ч газраа чөлөөлсөн иргэдэд түр суурьшуулалтын зардал олгоод хэдэн жил явлаа. “ТОСК” ТӨХХК-ийн байдал ч хүнд байна. “ТОСК”-ийн зүгээс гүйцэтгэгч талд 2025 оны 04 дүгээр сарын 01-нд барилга угсралтын ажлаа эхлүүл гэдэг шаардлага тавьсан. Газар дээр нь очиж ажиллаад, хоёр талаасаа заасан хугацаанд ажлыг эхлүүлье гэж тохиролцсон.
- Засгийн газраас бүсчилсэн хөгжлийг дэмжин ажиллаж байгаа. Тэгэхээр сум, орон нутагт бүтээн байгуулалтын ажил нэлээд өрнөх шинжтэй байна. Энэ ажилд “ТОСК” ТӨХХК ямар оролцоотой байх вэ?
- Өнөөдөр Монгол Улсад 950 гаруй мянган айл өрх амьдарч байна. Үүний 300 гаруй мянга нь буюу 30 хувь нь инженерийн байгууламжтай орон сууцад амьдарч байна. Засгийн газар “150 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр 2024-2028 оны мөрийн хөтөлбөртөө тусгасан. 150 мянган айлын орон сууцыг ашиглалтад орууллаа гэж бодъё. Тэгвэл Монгол Улсын 2 сая орчим хүн инженерийн байгууламжтай орон сууцанд амьдарна. Манай улс чинь 3.5 сая хүн амтай. Дараагийн Засгийн газар гарч ирээд дахиад 150 мянган айлын орон сууц барина гэвэл Монгол Улсын бүх хүн ам орон сууцанд орчихоор энэ өргөн уудам нутагтаа хэн амьдрах юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Сум, орон нутагтаа хэн эзэн нь байх юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд ХББОСЯ-аас амины орон сууцанд нэлээд ач холбогдол өгч байна. Тухайн хүмүүсийн оршин сууж буй газарт нь амьдралын чанарыг нь дээшлүүлэх, сум, орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийн орон сууцны нөхцөл байдлыг дээшлүүлэх, амины орон сууцанд ипотекийн зээл гаргадаг болгоход анхаарч байна. Мөн ХББОСЯ “Амины орон сууцны мэдээллийн төв”-ийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Эхний ээлжийн 10 суманд орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төсөлд “ТОСК” ТӨХХК хамтраад ажиллаж байгаа. Манай байгууллагын үндсэн зорилго бол Монгол Улсын иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах. Энэ хүрээндээ орон сууцаа барих, амины орон сууцны нөхцөлийг сайжруулах ажлуудаа хийнэ. Магадгүй хэдэн жилийн дараа бидний эцсийн зорилго орон сууц биш болно шүү дээ. Бидний эцсийн зорилго энэ өргөн уудам нутагтаа эзэн нь байх, тэндээ амьдралын чанар сайтай байх, тэндээ инженерийн байгууламжтай орон сууцанд амьдрах. Тэгэхээр тэр бүлгийн амьдралыг төр дэмжээд явах ёстой л гэж бодож байна.
- 90 гаруй сумыг сонгоод дэд бүтцийг нь улсын төсвөөр шийдэж өгнө гэж ярьж байсан шүү дээ. Тэгэхээр одоо амины орон сууцны төсөл хэрэгжүүлэх сумдад дэд бүтэц нь шийдэгдсэн гэсэн үг үү?
- Сум, орон нутагт улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжаар инженерийн дэд бүтцийг шийдчихсэн, хийгдсэн ажлууд нэлээд их бий. Нэлээд том том судалгаанууд хийгдсэн байдаг. Үүнийгээ үндэслээд бүтээн байгуулалтын ажил шат дараатайгаар хийгдээд явна. Энд ялгаатай хоёр зүйл байгаа. Нэг нь инженерийн дэд бүтэцтэй сумдад орон сууцны барилга барих төсөл хэрэгжүүлнэ. Нөгөө нь, бие даасан шийдэл бүхий амины орон сууц барих нөхцөл боломжийг бүрдүүлж, энэ амины орон сууцаа ипотекийн зээлээр авдаг, хөнгөлөлттэй зээлд хамрагддаг тогтолцоог нэвтрүүлэх нь орон сууцжуулалтын асуудлыг шийдвэрлэх, орон сууцтай холбоотой ачааллыг бууруулна гэж үзэж байна.
- “ТОСК” ТӨХХК-д амины орон сууцны төсөл хэрэгжүүлсэн туршлага хэр байдаг вэ?
- Анх 4, 8 айлын орон сууцны хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж байсан. Анхны төсөл учраас алдаа, оноотой зүйл бий. “ТОСК” байгуулагдаад 19 жилийн нүүрийг үзсэн байна. Энэ хугацаанд 15 мянга орчим айлыг орон сууцаар хангасан. 4, 8 айлын орон сууц, төрийн албан хаагчдын 4,000 айлын орон сууц гэх мэт нэлээд олон төслийг хэрэгжүүлсэн байдаг. Эндээс нэг зүйл ажиглагддаг нь энэ төслүүдийн хаалтыг ерөөсөө хийж байгаагүй. Хэдэн айлын орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд, хэд нь ажил болсон юм, хэд нь болоогүй юм, эрсдэл хүндрэл нь юу байсан юм, эндээс санхүүгийн өгөөж гарсан юм уу, гараагүй юм уу. Ер нь ямар ч төсөл хэрэгжүүлсэн эргээд үүнийгээ тодорхой хугацаанд нь хааж байх ёстой. Тайлан биелэлтийг нь гаргаад, алдаа оноог нь дүгнэдэг байх хэрэгтэй.
- “ТОСК” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Одоо түрээсийн орон сууцад хамрагдах иргэдийг бүртгэж байгаа юу?
- 2016 оноос хойш түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулаад явж байна. Энэ төслүүд дээр ч гэсэн Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдээ харж байгаад, төслийн хаалтыг хийж дуусгах шаардлагатай. Хэзээ ч дуусашгүй төслүүд байгаад байдаг. Тухайн үед байгуулсан гэрээнд юу гэж тусгасан байдаг юм. Өмчлүүлэх ёстой бол өмчлүүлээд, шийдэх ёстой бол шийдээд явах ёстой. Түүнийхээ алдаа, оноог дэнслээд дараагийн асуудал руугаа ордог байх хэрэгтэй. “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 980 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно. Нийт 41 сарын хугацаанд үргэлжлэх ёстой барилга угсралтын ажлын маань 12 сар нь явчихлаа. Ингэхээр бид яах ёстой вэ гэхээр түрээс байна уу, түрээслээд өмчлөх байна уу ямар хэлбэрээр иргэдийг хамруулах вэ гэдэг асуудлыг ХББОСЯ-тай хамтраад журмаа шинэчлэн боловсруулж, батлуулна. Цаашдаа энэ асуудлыг цахим хэлбэрт шилжүүлэх ёстой. Энэ ч үүднээс цахим хэлбэрт шилжүүлье гээд ажлын даалгавраа боловсруулаад цахим платформ үүсгэх төсвийг компанийн болон яамны төсөв дээр тусган батлуулсан. Дээрээс нь бид олон улсын байгууллагуудад мөн хүсэлтээ гаргаад явж байна. Энэ юунд ач холбогдолтой вэ гэхээр цааш цаашдаа түрээсийн орон сууцад хамрагдах иргэд тухайн аппликейшн, сайт руугаа хандаад, шаардлагатай мэдээллээ илгээгээд, цахимаар хүсэлтээ гаргаад явах боломжтой болох юм. Түүнээс биш байгууллагын гадаа цуглуулаад, 2, 3 хоногоор хонон өнжин оочирлуулаад байх ямар ч шаардлагагүй болно гэсэн үг. Одоогийн түрээсийн орон сууцад хамрагдсан иргэдээс 7-8 материал шаарддаг. Тэр нь дандаа төрд байдаг мэдээлэл. Гэтэл төрд байгаа тэр мэдээллийг дахиад цаасаар нэхдэг, цаашлаад сугалаа явуулдаг. Энэ бүхэн нь хардлага сэрдлэг үүсгэдэг, мэдээлэлд их ойрхон нь авч байна гэх зэргээр асуудал үүсдэг. Энэ байдлыг халах цаг нь болсон. Ил тод байдлын тухай хуулиар ч гэсэн төрд байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахыг хориглосон байдаг. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд иргэд хүсэлтээ цахимаар гаргадаг, тухайн иргэний орлогод нийцсэн орон сууцыг цахим системээс мэдээлдэг, тухайн орон сууцанд хэчнээн хүн хүсэлт гаргасан нь ил тод харагддаг, цаашлаад цахим систем нь автоматаар сонголт хийгээд, сонгогдсон иргэнд мэдээллээ хүргэдэг цахим системтэй болчихвол хүний оролцоо байхгүй болж, хардаж сэрдэх асуудал ч гарахгүй. Тиймээс цахим системийг нэн даруй ашиглалтад оруулах шаардлагатай. “Солонго 1, 2” хорооллын хувьд орлогод нийцсэн орон сууцны хороолол гэж зээлийн гэрээнд тусгагдсан байдаг. Буцалтгүй тусламж биш зээлийн хөрөнгөөр баригдаж байгаа учраас тодорхой орлого олж эргэн төлөлтийг хийх эдийн засгийн тооцооллууд хийгдсэн. Үндсэндээ тодорхой хэмжээний орлоготой иргэд хамрагдана гэж ойлгож болно. Иргэний орлогод нь нийцсэн бүтээгдэхүүнийг санал болгоё л гэж байгаа юм. Үндсэн үнийг урьдчилсан тооцооллоор зах зээлийн үнээс 70 хувиас хэтрэхгүй байлгая гэсэн бодлого барьж байна. Гэхдээ нарийвчилсан тооцоо судалгаа хийгдсэний дараа үнэ төлбөрийн асуудлууд тодорхой болно.
- Түрээсийн орон сууцанд амьдарч буй иргэд сардаа хэчнээн төгрөгийн түрээс төлдөг вэ. Зах зээлийн ханшаас маш хямд төлбөр төлдөг гэж сонссон юм байна?
- Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэд нийслэлд мөрдөгдөж байгаа зах зээлийн ханшаас 6 дахин, орон нутагт 2-3 дахин хямд өртгөөр түрээсэлж байна. Энэ орлогоор бид Хөгжлийн банкны зээлийн болон хүүгийн төлбөрийг төлдөг боловч эргэн төлөлтөө үнэхээр дийлэхээ больсон. 2017 оноос хойш энэ үнэд өөрчлөлт ороогүй, найман жилийн хугацаа өнгөрсөн байна. Анх хөтөлбөр дээр жил болгон түрээсийн үнийг шинэчлэн тогтооно гээд заачихсан байдаг. Тэгэхдээ энэ асуудлыг 7, 8 жил огт хөндөөгүй. Тэгэхээр “ТОСК” ТӨХХК-ийн зүгээс түрээсийн орон сууцны төлбөрийн асуудлыг шийдүүлэхээр холбогдох газруудад нь саналаа хүргүүлсэн. Үнэ бол цаашдаа өөрчлөгдөнө.
- Иргэд ямар сувгаар мэдээлэл авч, ямар шалгуур хангасан байх ёстойгоо хаанаас мэдэх боломжтой вэ?
- Түрээсийн орон сууцтай холбоотой мэдээллийг зөвхөн манай байгууллагын албан ёсны вэб сайт, цахим хуудас, 7288-7788 дугаарын утаснаас авах боломжтой. Эсвэл биеэр ирээд, манай мэргэжилтнүүдтэй уулзаад мэдээлэл авах хэрэгтэй. Тэгэхгүй бол гадуур түрээсийн орон сууцад хамруулж өгнө, оочир дугаарын өмнүүр оруулж өгнө гэх зэргээр иргэдийг залилдаг, хуурч мөнгө төгрөгийг нь авдаг хүмүүс их байна. Тиймээс одоо манай хэрэгжүүлж байгаа төслүүд дээр ямар нэгэн байдлаар бүртгэл хийгээгүй, урьдчилсан захиалга аваагүй болохыг албан ёсоор хэлмээр байна.
- ТОСК орон сууцны барилгыг удаан хугацаанд барьж байна гэх мэтээр шүүмжлэх хүмүүс байдаг. Орон сууцны хотхон, хороолол барихад ямар шат дамжлагатай байдаг талаар иргэдэд ойлголт өгөх нь зөв болов уу?
- Бид нэг талдаа энэ төслүүдийг хэрэгжүүлж байгаа боловч яг үндсэн чиг үүрэг маань барилгын компани биш. Манайх бол зөвхөн менежментээ хийдэг, санхүүгээ босгодог, төрийн нэрийн өмнөөс газар болон инженерийн дэд бүтцийг нь шийдүүлдэг, захиалагчийн техник хяналтыг хийдэг л байгууллага. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компаниудтайгаа хамтраад хэрэгжүүлдэг гэсэн үг. Гүйцэтгэгчийн чадамжаас шалтгаалаад төслийн гүйцэтгэл харилцан адилгүй байдаг.
- Агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд орон сууцжуулахаас өөрөөр ямар арга замыг ашиглах нь зөв гэж таны хувьд бодож байна?
- Ер нь бол өнөөдөр орон сууцны асуудлыг ярьдаг их олон байгууллага бий болчихлоо. ТОСК, НОСК, Үндэсний орон сууцжуулалтын хороо, Хурдасгуур төв, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК гэх зэргээр миний мэдэхийн 5-6 байгууллага бий болчихлоо. Мөн орон нутагт 8 аймаг Орон нутгийн орон сууцны корпораци байгуулан ажиллаж байна. Олон байгууллага орон сууцны асуудлыг ярьж байгаа нь сайн хэрэг. Тэгэхдээ ийм олон байгууллага байх шаардлагатай юу, үгүй юу гэдгийг бодох л хэрэгтэй. Энэ бүхнийг зохицуулдаг уялдаатай байж ажил цаашид үргэлжилнэ. Энэ бүхний ганц үндэс бол ерөөсөө л Үндэсний орон сууцжуулалтын тухай хууль. Монгол Улсын парламент 930 гаруй хууль баталсан байдаг. Гэвч Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийг батлаагүй. Энэ хуульд орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллагын эрх зүйн орчин, зохицуулалт, уялдааг нь маш сайн тусгаж өгөх хэрэгтэй. Өнөөдөр манай байгууллагын жишээн дээр ярихад, өөрийн үндсэн суурь хууль байхгүй, Компанийн тухай хуулиар засаглал нь явдаг. Яг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хууль, эрхзүйн орчин дутмаг байгаагаас хүндрэл үүсдэг. Хуульгүй явж ирснээр орон сууц нь ийш тийшээ шилждэг, байгууллагынх нь нэр дээр хаа хамаагүй бүтээгдэхүүн худалдаж авах гэх мэтээр өнөөдөр нэлээд томоохон өр төлбөртэй болоод үлдчихсэн. Тэгэхээр Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийг нэн яаралтай батлах шаардлагатай.
- Өнгөрсөн жил нэлээд сайн яригдаж байсан ч батлагдсангүй дээ.
- С.Даваасүрэн сайдын үед хуулийн төслийг боловсруулж, 2024 оны 05 дугаар сарын 16-нд Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байдаг. Хуулийн хэлэлцүүлэгт орсон, нэлээд ахиц гарсан. Намрын чуулганаар хэлэлцэгдэх байсан ч хойшлуулаад ажлын хэсэг нь судалгаануудаа хийгээд явж байгаа. Энэ намрын чуулганаар амжсангүй. Гадны жишиг бол ийм хуультай. Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийг дагаад Түрээсийн орон сууцны тухай хууль гарах ёстой гэж бодож байна. Судалгааны байгууллагын гаргасан дүгнэлтээр өнөөдөр Монгол Улсад 45 мянга гаруй орон сууц түрээсийн зарчмаар явж байна гэж гарсан байна билээ. Улс бол 3,000 гаруй орон сууцыг түрээсэлдэг. “Солонго 1, 2”, “Ногоон нуур 1008” хорооллын орон сууц ашиглалтад ороод ирэхээр 10 мянга орчим орон сууц түрээсэлдэг болно, цаашдаа ч энэ тоо өснө. Ингээд нийтдээ төр, хувийн хэвшил нийлээд 50-60 мянган орон сууцыг түрээсийн зарчмаар явуулж байгаа хэр нь ямар ч хуулийн зохицуулалтгүй яваад байна. Барьж байгуулсан бүтээгдэхүүнээ зөвхөн түрээсээр зах зээлд нийлүүлдэг хувийн компаниуд ч гараад ирлээ. Дээр миний хэлсэнчлэн түрээсийн цахим системийг боловсруулна гэдэг нь хувийн хэвшлийн явуулж байгаа үйл ажиллагаанд төр оролцоно гэсэн үг биш. Зохицуулалтаар нь хангаад платформыг нь нээгээд өгье. Тухайн иргэн төрийн ч бай, хувийн ч бай түрээсийн орон сууцны нэгдсэн мэдээллийн санг ашиглаад сонголтоо хийдэг болох нь чухал. Нэгдсэн сан үүсгэснээр үл хөдлөх эд хөрөнгийн залиланд иргэд өртөхгүй байх боломжийг бий болгоно гэж үзэж байгаа юм. Энэ бүхнийг зохицуулахад Түрээсийн орон сууцны тухай хууль шаардлагатай. Түрээсийн орон сууцны гол зорилго нь хүн нийгмийн тодорхой секторт байх үедээ, амьдрах газраа шийдтэлээ түр амьдрах газар гэсэн үг. Тухайлбал, залуу гэр бүл айл болоод эхний жилүүдэд амьдарч байгаад өөрийн орон байраа шийдээд гараад явж болно дараа дараагийн залуу айл нь орж ирдэг. Эсвэл өндөр настай, тэтгэврийн хүн байлаа гэхэд тэтгэврээсээ тодорхой хэмжээний төлбөрийг төлж амьдарч байгаад ертөнцийн жамаар мөнх бус боллоо гэхэд дараагийн ийм хүн нь ордог. Ийм байдлаар түрээсийн орон сууцыг ашиглах ёстой болохоос биш өндөр настай аав, ээж нь амьдарч байгаад мөнх бус болоход нь гадаадад амьдарч байгаад ирсэн, амьдралын чадвартай үр хүүхэд нь үргэлжлүүлээд амьдардаг ийм байдал нь түрээсийн зохицуулалтыг гажуудуулаад байгаа юм. Тухайн иргэн тэр зорилтот бүлгийн сектортоо амьдарч байх хугацаандаа өөр боломжтой болоод гарлаа гэхэд дараагийн иргэн нь цахим системд үүсгэсэн дарааллаараа амьдрах боломжтой болдог ийм л хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Түрээс, түрээслээд өмчлөхийн аль ч хэлбэр бай эрхзүйн орчин дутмаг мөн цахимжаагүй үлдэж байгаа цөөхөн салбарын нэг болоод байна.
- “ТОСК” ТӨХХК хэрэгжүүлж байгаа төслүүддээ улсын төсвөөс санхүүжилт авдаг уу, эсвэл өөрсдөө санхүүжилтээ шийдвэрлэдэг үү?
- Улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй гэвэл өрөөсгөл ойлголт болно. Учир нь улс газраа өгөөд, дэд бүтцийг нь шийдэлцдэг. Ингэхээр төрийн үндсэн том оролцоо энд байгаа юм. Тийм ч учраас барилгын өртгийг бага байлгах боломж бүрдэж, зорилтот бүлгийн иргэдийг хамруулах боломж бий болдог. Ер нь “ТОСК” ТӨХХК-ийн хэрэгжүүлж байгаа төслүүд нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явагдаж байна. Өмнө нь төр санхүүжилтийг нь гаргаад, хувийн хэвшлээр гүйцэтгэлийг хийлгэж байсан. Үүнд давуу болон сул тал аль аль нь бий болсон. Сул тал нь гэвэл төрөөс авсан санхүүжилтийнхээ эргэн төлөлтийг тооцоолоогүй учраас өнөөдөр ТОСК их хэмжээний өртэй болчихсон байна. Цаашид өрийг тэглэж, нэмж өр тавихгүй байх бодлого барьж байна.
- Хэчнээн төгрөгийн өр төлбөр үлдсэн бэ?
- Үндсэндээ хэрэгжүүлсэн төслүүдээсээ 300 орчим тэрбум төгрөгийн өр, төлбөртэй үлдсэн байна. Бид гааль, татвар, хувийн хэвшилд төлөх ёстой өр төлбөрүүдээ үндсэнд нь шийдвэрлэж ажиллалаа. Одоо Хөгжлийн банк, Сангийн яаманд төлөх ёстой өр төлбөрүүдийг барагдуулах шаардлагатай байгаа. Хөгжлийн банктай ярилцсаны үр дүнд Засгийн газар хэлэлцээд 140 орчим тэрбум төгрөгийг өрийн асуудал үндсэндээ шийдвэрлэгдлээ. Энэ асуудал шийдвэрлэгдвэл манай байгууллага өөрт байгаа хөрөнгөөр үлдсэн зээлээ төлөх бүрэн боломжтой. Дээрх асуудлуудыг амжилттай хэрэгжүүлж чадвал 2026 онд 20 жилийн ойгоороо ямар нэгэн өр төлбөргүй болох бүрэн боломж харагдаж байна.
- “ТОСК” ТӨХХК-ийн 2025 онд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
- Энэ он бол бүтээн байгуулалт өрнөсөн хөгжлийн жил байх болно. 2026 онд “ТОСК” ТӨХХК-ийн 20 жилийн ой, барилгын салбарын 100 жилийн ой тохионо. Энэ түүхт ойгоо угтаж, 20 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна. Дээрээс нь төрөөс хэрэгжүүлж байгаа төслүүд дээр амжилттай ажиллах, цахим шилжилтэд амжилттай шилжих, түрээсийн орон сууцны тогтолцоог зөв голдиролд нь оруулах, мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд орон нутаг болон нийслэлд байгаа газруудыг эргэлтэд оруулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд ажиллаж байна.
Эх сурвалж: Барилга.мн