“Уран, нүүрс хоёр адилхан” гээд Улсын дээд шүүх тогтоочихсон уу?!

Нийтэлсэн: Админ 2023-11-28 8:52:57

“Монгол Ураниум Ресурс” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт уран хайж яваад хүрэн нүүрсний орд илрүүлсэн. Хуулиар үүнийг төрд шилжүүлэх ёстой. Учир нь ураны буюу цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа нь нүүрс буюу ердийн ашигт малтмалынхаас тусдаа хуулиар зохицуулагддаг. Тийм ч учраас хэдэн жилийн өмнө одоогийн “Бадрах энержи” ХХК нь Дорноговьт ураны хайгуул хийх явцдаа илрүүлсэн Баянбогдын хүрэн нүүүрсний ордыг улсад шилжүүлэн өгсөн. Одоо тэр ордод түшиглэж “Эрдэнэс Монгол” дээр “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийг байгуулсан. Жил гаруйн өмнө Засгийн газрын тогтоолоор энэхүү  “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК, үлдэх 66 хувийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д эзэмшүүлсэн.

Ийм бодит жишээ бий. Харин “Монгол Ураниум Ресурс” ХХК уран хайх явцдаа илрүүлсэн Эрээн толгойн хүрэн нүүрсний ордыг улсад өгсөнгүй. Өөрсдөө авахаар шийдсэн. Ингээд АМГТГ-ын Кадастрын хэлтэст хандсан. Тус газрын удирдлагууд “Ингэж болохгүй” гэсэн хариуг өгсөн. Тиймээс Захиргааны шүүхэд хандсан. Шүүхийн процесс 2018-2019 онд үргэлжилсэн. Гурван шат тус бүр хоёр, нийлээд зургаан шийдвэр гаргасан. Хамгийн сүүлийнхээр нь Эрээн толгойн ордыг “Монгол Ураниум Ресурс” ХХК-д ашиглуулахаар шийдсэн.

Өөрөөр хэлбэл, “Ураны хайгуулын үед илэрсэн хүрэн нүүрсний ордыг тухайн компани шууд ашиглах боломжгүй” гэдгийг АМГТГ-ын Кадастрын хэлтсээс шүүхэд хандаж маш ойлгомжтой тайлбарласаар байсан байгаа юм. Эцсийн шийд гаргасан 2019 оны зургадугаар сарын 10-нд болсон Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаанд АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгээс “Ашигт малтмалын тухай хуулийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан тул цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лицензийн талбайд ердийн ашигт малтмалын лиценз олгох зохицуулалт байхгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтаар Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмалын лиценз олгох боломжгүй байна. Хуулийн энэхүү заалтыг буруу тайлбарлаж анхан шатны шүүх шийдвэр, давж заалдах шатны шүүх магадлал гаргасан нь үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 24.1 дэх хэсэгт “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. Тэгэхээр “Монгол Ураниум Ресурс” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лицензийн талбай дээрээ цацраг идэвх ашигт малтмал ашиглах лиценз хүсэж өргөдөл гаргах ёстой байсан. Цөмийн энергийн тухай хуулийн 18.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх лиценз олгоход тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх лиценз олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан лиценз олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна” гэж заасны дагуу холбогдох байгууллагуудаас санал авсны үндсэн дээр тухайн ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ” хэмээн тайлбарлажээ.

Гэвч Улсын дээд шүүхийн шүүгч нар үүнийг бус  “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн захирал Х.Бүрэн-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан “Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашиглалтын лиценз олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу өргөдлийг шийдвэрлэхийг даалгаж” шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын лицензийн талбайд Ашигт малтмалын тухай хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу ашиглалтын лиценз авах эрхийг бүрэн сэргээж чадахгүй нөхцөл бүрдэхээр байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, талуудын маргаагүй асуудлаар буюу ашиглалтын лиценз хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт болох өргөдлийн бүрдүүлбэр бүрэн хангагдсантай маргаагүй нөхцөл байдалд дүгнэлт хийсэн. Иймд давж заалдах шатны магадлалын Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж “Нэхэмжлэгчийн 2018 оны зургадугаар сарын 27-ны өдөр гаргасан ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, нэхэмжлэгчийн ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж, ашиглалтын лиценз олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэнд л анхаарлаа хандуулсан байдаг.

Энд нэг анхаарал татсан асуудал бий. “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шат тус бүрээр хоёр удаа хэлэлцэхэд Давж заалдах шатны шүүх нь хуулиа барьсан голтой магадлалуудыг гаргаж байжээ.

Эхний удаад 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нд гаргасан 221/МА2018/0603 дугаар магадлалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нар гаргахдаа “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны есдүгээр сарын 28-нд “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Хариуцагчаас, нэхэмжлэгчийн эзэмшиж буй талбайг ердийн ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбайд бүртгэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, ердийн ашигт малтмалын талбайд бүртгэхийг болон “Монгол Ураниум Ресурс” ХХК -иас 2018 оны зургадугаар сарын 27-ны өдөр гаргасан ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан. Дараа нь 2019 оны тавдугаар сарын 8-нд 221/МА2019/0253 дугаар бүхий магадлалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Д.Баатархүү нар гаргахдаа “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны гуравдугаар сарын 12-нд АМГТГ-ын Кадастрын хэлтсийн “Монгол Ураниум Ресурс” ХХК -иас гаргасан ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Монгол Ураниум Ресурс” ХХК -ийн XV-018247 дугаар бүхий хайгуулын лиценз бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж шийдвэрлэснийг өөрчилсөн байна. Тодруулбал, уг шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Монгол Ураниум Ресурс” ХХК -ийн XV-018247 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгасугай” гэснийг “Монгол Ураниум Ресурс” ХХК -ийн XV-018247 дугаар бүхий хайгуулын лиценз бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсэн. Энд “Монгол Ураниум Ресурс” ХХК -ийн XV-018247 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх” гэсэн байгааг анзаарах нь зүйтэй юм. Гэсэн ч Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын таван шүүгч 2019 оны зургадугаар сарын 10-нд 208 дугаартай тогтоолоороо Захиргааны хэргийн давж заалдах шатны дээрх магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Ингэж Эрээн толгойн хүрэн нүүрсний ордыг “Монгол Ураниум Ресурс” ХХК ашиглах эрхтэй болсон. Ер нь бол Улсын дээд шүүхийн энэ шийдвэр “Уран нүүрс хоёр адилхан” гээд тогтоосонтой яг ижилхэн юм. Өөрөөр хэлбэл,  “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн Эрээн толгойн ордыг ашиглах боломж нь аятайхан харвал хуулийн хаалттай, аягүй гэвэл хуулийн мухардалтай байсан. АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга ч Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулийн олон зүйл заалтыг тайлбар болгосоор байжээ. Гэвч шүүх АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын “Эс үйлдэхүй” болгосноор “Монгол Ураниум Ресурс” ХХК тус ордыг ашиглах эрхээ нээлгэсэн байгаа юм.

Улсын дээд шүүх бол хууль тайлбарладаг онцгой эрхтэй субьект. Хуулийг мушгих, үл хэрэгсэхээс зайлсхийх “онцгой” үүрэгтэй. Тэр утгаараа шүүгч нарынх нь энэ үйлдэл хариулт нэхсээр л байх болно. Нөгөөтэйгүүр, маш ноцтой нэг аюул нь дахиад ийм “хүсэлт” бүхий нэхэмжлэл ирвэл тэд яах вэ. Бас л ашиглах эрхийг нь өгөөд явуулах уу. Товчхондоо, “Монгол Ураниум Ресурс”-ийн энэ жишээ дараа дараагийн хуулийн зөрчлийн үүд хаалга болох вий. Тэр цагт “Хууль гууль болдог” гэдгийг жинхэнэ жишээ энэ болно шүү!

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх