Нэг нэхэмжлэлээ гурван шатны шүүхээр хоёр шийдүүлж санасандаа хүрсэн “Монгол Ураниум Ресурс”-ийн эзэд хэн бэ?!

Нийтэлсэн: Админ 2023-09-18 10:41:12

Хэдэн жилийн өмнө Сүхбаатарын Эрдэнэцагаанд уран хайж явсан “Монгол Ураниум Ресурс” ХХК нүүрсний орд олжээ. Гэвч, хуулиар энэ нүүрсийг ашиглах боломжгүй. Өөрөөр хэлбэл, ураны хайгуулын лицензтэй бол уранаа л хайх ёстой. Тусгай лиценз байдаг. Өөр ашигт малтмал олдвол эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгнө. Тэр нь асуудлыг шийднэ. Харин “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийнхан  “Тэр хамаагүй ээ” гээд  нүүрсний ордыг ашиглахаар лиценз хүссэн. АМГТГ-ын Кадастрын хэлтэс “Болохгүй ээ” гээд өгөөгүй байна. Тиймээс шүүхэд ханджээ. Шүүхээр асуудлаа шийдүүлсэн. Ингэхдээ нэг нэхэмжлэлээр гурван шатны шүүхийн шийдвэрийг хоёр удаа гаргуулжээ. Мэдээж хэрэг, тэгж санасандаа хүрчээ. Нэг үгээр хэлбэл, ураны хайгуулын лицензээ нүүрсний ашиглалтын лиценз болгож “илбэдсэн” байдаг. Үүнээс болоод өнөөдөр нутгийнхан “Таван голын ундаргыг ширгээх аюулд орууллаа” гэж эсэргүүцэл тэмцэл болчихоод байгаа юм.

“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийнхан ураны хайгуулын лицензээ нүүрсний ашиглалтын лиценз болоход хоёр жил л зарцуулсан. Шүүхээр шүү дээ.

Тэд 2018 онд “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр болон “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнд нөөц бүртгэж авсан тушаал, шийдвэрийг үндэслээд хүрэн нүүрсний орд дээр ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах, “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн эзэмшилд үлдэж байгаа хайгуулын талбайг цацраг идэвхт бодисын биш, ердийн ашигт малтмалын хайгуулын лицензээр бүртгэхийг мөн АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийг гаргасан.

Дээрх нэхэмжлэлд хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтэс “Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон ураны хайгуулын лицензтэй талбайд  Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмал буюу хүрэн нүүрсний лиценз олгох боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 24.1-т “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж, өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. Эрдэс баялгийн зөвлөлийн 2018 оны тавдугаар сарын 17-ны хуралдаанаар хэлэлцэж, Эрээн толгойн нүүрсний ордын нөөцийг Улсын нэгдсэн санд бүртгэсэн хэдий ч ураны хайгуулын талбайд гаргасан хүрэн нүүрсний ашиглалтын лицензийн өргөдлийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Цөмийн энергийн тухай хуулийн 28.4.1-т “Хайгуулын талбайн хилийн дотор цацраг идэвхт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лицензийн үндсэн дээр эрэх, хайх” гэсэн зохицуулалт байсан. Гэвч уг заалтыг 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Тиймээс энэ тохиолдлын уран болон хүрэн нүүрсний хайгуулын болон ашиглалтын лицензийн зохицуулалт нь тусгайлан зохицуулсан хуулиудад тусдаа байх тул ураны хайгуулын талбайд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз шууд олгох зохицуулалт үгүй байна” гэсэн тайлбарыг өгчээ.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны есдүгээр сарын 28/-ны өдөр хэлэлцээд 128/ШШ2018/0602 дугаар бүхий шийдвэрийг гаргасан байна. Шүүгч Н.Дуламсүрэнгийн даргалсан тус шүүх хуралдаанаас “Нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр болон “Монгол Ураниум Ресурс” компанийн хайгуулын ажлын үр дүнд нөөц бүртгэж авсан тушаал, шийдвэрийг үндэслээд хүрэн нүүрсний орд дээр ашиглалтын лиценз олгож, цацраг идэвхт бодисын биш ердийн ашигт малтмалын лицензээр бүртгэхийг хариуцагчид даалгасугай” хэмээжээ. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нарын оролцож хэлэлцсэн 2018 оны арваннэгдүгээр сарын 21-ний хуралдааны 221/МА2018/0603 тоот магадлалаар”...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай” гэжээ. Харин үүнийг нь Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нар 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд эцэслэн шийдсэн. Дээд шүүхийн тогтоолд “ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны арвандүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0603 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай” хэмээсэн.

Ингэхдээ “Нэхэмжлэгчийн анх гаргасан болон шүүх хуралдаанд тодруулсан гэх нэхэмжлэлийн шаардлага өөр өөр. Шүүх “тодруулсан” гэх шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн. Гэсэн атлаа анх болон сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг “хольж” шийдвэрлэсэн. Ингэхдээ өөрийн санаачилгаар хариуцагчийн “татгалзал” болон “эс үйлдэхүй”-г тогтоож шийдвэрлэсэн. Энэ мэт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болохыг Давж заалдах шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэсэн байна” гэсэн. Мөн “Нэхэмжлэлийн зүйл нь хайгуулын талбайн хэсэгт дэх нүүрсний нөөц тогтоолгосон хэсэг /орд/-т ашиглалтын лиценз авахаар маргасан. Энэ тохиолдолд хайгуулын талбайг бүхэлд нь ердийн ашигт малтмалын хайгуулын талбайгаар бүртгэхийг даалгуулах шаардлага гаргах боломжгүй. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг “...орд дээр ашиглалтын лиценз олгож, үлдэж байгаа хайгуулын талбайг ердийн ашигт малтмалын хайгуулын талбайгаар бүртгэхийг даалгах” гэж тодорхойлсон. Үүнийг шүүх уг хүрээнд шийдвэрлээгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнд нийцэхгүй” гэх зэргийг үндэслэл болгожээ.

Ийнхүү 2018 оны сүүлчээр гурван шатны шүүх дээр “бүтэлгүйтсэн” дээрх компанийнхан 2019 он гаруут дахиад нэхэмжлэл гаргажээ. 2019 онд тэд “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн 2018 оны зургадугаар сарын 27-нд гаргасан ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй АМГТГ-ын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар шийдвэрлэж, ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах”-ыг нэхэмжилжээ.

АМГТГ-ын Кадастрын хэлтсээс өмнөх тайлбараа дахин гаргаж өгсөн байна. Энэ хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Х.Эрдэнэтуяа даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны гуравдугаар сарын 12-нд хэлэлцээд “Хүрэн нүүрс хайх явцад уран илрүүлж, түүнийг ашиглахаар бол  тусгай шаардлага тавигдах болохоос биш, уран хайх явцад хүрэн нүүрс илрүүлбэл лиценз олгох эрхтэй захиргааны байгууллага хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж л байвал олгох үүрэгтэй. Иймд “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн XV-018... дугаартай хайгуулын лиценз бүхий талбайд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ” гээд 128/ШШ2019/0165 дугаар бүхий шийдвэрийг гаргасан байна. Мөн 2019 оны тавдугаар сарын 8-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж 221/МА2019/0253 дугаар бүхий магадлалыг гаргажээ. Түүндээ “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 12- ны 128/ШШ2019/0165 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн XV-018247 дугаар бүхий хайгуулын лиценз бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгасугай” гэснийг “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ХV-018247 дугаар бүхий хайгуулын лиценз бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэжээ.

Улмаар Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх Танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны зургадугаар сарын 10-нд хэлэлцээд гаргасан 208 дугаар тогтоолдоо “3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 221/МА2019/0253 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй” хэмээн шийджээ.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх хоёр жил хүрэхтэй үгүйтэй хугацааны дотор “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэг агуулга бүхий нэхэмжлэлийг гурван шатны шүүхээрээ хоёр удаа шийдсэн байгаа юм. Нэхэмжлэлийг 2018 онд хүлээж аваагүй бол 2019 онд хүлээж авснаар дээрх компани ураны хайгуулын лицензээ нүүрсний ашиглалтын лиценз болгож чадсан. Тэр дундаа Улмаар Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нар яг энэ бүрэлдэхүүнээрээ 2018, 2019 оны нэхэмжлэлүүдийг эцэслэн шийджээ. Иймээс л “илбэ” гээд байгаа юм. Хамгийн гол нь АМГТГ-аас нэг л зүйлийг тайлбарладаг. Тэндээс “ЦЭГ-ын чиг үүрэг АМГТГ-т шилжин ирснээр “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн Ц-0033 дугаар бүхий лиценз нь АМГТГ-ын кадастрын бүртгэлийн системд XV-018... дугаараар бүртгэгдсэн. Лицензүүдийн бүртгэл бүгд XV- гэж явж байгаа боловч дотроо цацраг идэвхт ашигт малтмал, ердийн ашигт малтмал гэсэн хоёр янз байгаа. Тэгэхээр Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгосон ураны хайгуулын лицензтэй талбай дээр Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хүрэн нүүрс олборлох хууль зүйн үндэслэлгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 24.1 дэх хэсэгт “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лицензийг эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. Ийм учраас “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ураны хайгуулын лицензийн талбай дээр л ураны ашиглалтын лиценз хүсэж өргөдөл гаргах эрхтэй. Ердийн журмаар өргөдөл гаргах ёсгүй. Шууд ашиглалтын лиценз олгох зохицуулалт байхгүй учраас манай байгууллагын зүгээс “Монгол Ураниум Ресурс” ХХК-иас ашиглалтын лиценз хүсэж гаргасан 2016 оны зургадугаар сарын 27-ны өргөдлийг шийдвэрлэх боломжгүй” гэдэг. Үнэхээр л тийм нөхцөл байдал үүсээд байсан байдаг. Гэвч шүүх гарц гаргалгаа олж лицензийг өөрчлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг нь АМГТГ-ын Кадастрын хэлтсийн тайлбарласан ийм нөхцөлд шүүх бас тийм бодлого барих учиртай. Гэвч энэ тохиолдолд шүүх нь хууль тогтоогч буюу УИХ-ын үүргийг хэрэгжүүлсэн нь тодорхой байна. Яагаад?!

Эндээс ингэж “Нэг нэхэмжлэлээ гурван шатны шүүхээр хоёр шийдүүлж санасандаа хүрсэн “Монгол Ураниум Ресурс”-ийн эзэд хэн бэ” гэдэг асуулт гарч ирнэ.

 

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ