Гавьяат тамирчин М.Уранцэцэг Ташкентын татамид хоёр түрүүлж байжээ

Нийтэлсэн: Админ 2021-03-03 13:28:00

Узекистаны нийслэл Ташкент хотод олимпийн эрхийн оноо олгох их дуулга тэмцээн энэ сарын 7-нд болно. Тэмцээнд 77 орны нийт 550 жүдоч оролцох бол манай улсаас 20 бөх барилдахаа мэдүүлсэн байна. Тэмцээн тус хотын Хуми мөсөн ордонд болно. Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Л.Өнөболд, Э.Ариунболд, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, 81 кг-д С.Моллаи, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Б.Гончигсүрэн, Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг-д Д.Сумъяа, Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, +78 кг-д Э.Гандиймаа нар зодоглох юм байна. Энэ тэмцээнд Монголын жүдочид долоон алтан медаль хүртсэн нь 2014 онд Б.Тэмүүлэн, С.Ням-Очир, Д.Амартүвшин, 2015 онд М.Уранцэцэг, 2017 онд М.Уранцэцэг, 2018 онд Б.Мөнгөнчимэг, Г.Болдбаатар нар юм. Монголын баг тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь гавьяат тамирчин М.Уранцэцэг хоёронтоо түрүүлж байв.