Нутаг буцах иргэдийн анхааралд: ЭСЯ шинээр бүртгэл хийхгүй

Нийтэлсэн: Админ 2020-04-23 10:01:14

Монгол Улс дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл хот, тавдугаар сарын 02-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай үүргийн онгоц нисгэх, нийтдээ 500 орчим иргэнээ татан авах гэж байна.

Эдгээр 500 орчим иргэн нь дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Жирэмсэн /Жирэмсний 37 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу/
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настай
  • Өвчтэй
  • Бага насны хүүхэдтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ нэн тэргүүн тусгай үүргийн онгоцонд хамруулна.

Үүний зэрэгцээ дээрх таван шаардлагаас гадна тухайн иргэн онгоцонд суухаасаа өмнө 48 цагийн дотор Covid-19 шинжилгээг өгсөн байх шаардлагыг тавьж байна.

Өмнөх нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд 48 цагийн дотор шинжилгээгээ өгчихсөн байсан. Цаашид энэ шаардлагыг тавих нь зүйн хэрэг гэж үзсэний үндсэн дээр энэ шаардлагыг тавьж байгаа ажээ.

Мөн 18 наснаас доош насны оюутныг татаж авна. Гэхдээ тухайн оюутан шинжилгээнд хамрагдсан байх ёстой.

Эдгээр шаардлагыг нотолсон баримтыг өргөдөл гаргасан иргэн нэрээ бичин маргааш /2020.04.24/гэхэд УОК-ын  OUK.SHTAB@NEMA.GOV.MN  хаягт ирүүлэх ажээ.

Учир нь дэлхийн 35 орноос 9412 иргэн эх орондоо буцах хүсэлтээ гаргасан бөгөөд Элчин сайдын яамдад шинээр бүртгэл хийхгүгээр эдгээр нэрс дундаас хүндэтгэн үзэх шалтгаанаар нь ангилан 500 иргэнийг энэ удаад авна. Харин 500 иргэний нэрс дунд таны нэр багтсан эсэхийг УОК тухайн улсад суугаа ЭСЯ-даар дамжуулан мэдээлэх ажээ.

Үүний зэрэгцээ, Гадаад харилцааны яам гадаад буй монголчууддаа зориулсан зөвлөгөө мэдээлэл, тэдний төлөө авах арга хэмжээг УОК,  Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ гэсэн юм.

БЭЛЭН БАЙДЛАА ХАНГАСНЫ ДАРАА ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦ НИСГЭХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ 

Монгол Улсад covid-19 вирусийн халдвар гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа тул нийт ард иргэд, улсынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс бэлэн байдлаа хангасны үндсэн дээр тусгай үүргийн онгоц нисгэж байна. Иймээс дараа дараагийн тусгай үүргийн онгоцыг тусгаарлах байр, эмнэлгийн багтаамжийг харгалзан үзсэний үндсэн дээр нисгэнэ.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын зүгээс Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлэгт 250 ор гаргахаар бэлдэж байгаа бол Яармагт шинээр баригдаж буй эмнэлгийн санхүүжилтийн асуудлыг нь яаралтай шийдэж, ашиглалтад оруулан тусгаарлах байраар ашиглахаар ажиллаж байна.

Хэдийгээр гадаадад буй иргэд тусгаарлах байраар ажиллах боломжтой зочид буудлуудын багтаамжийг ил зарлаж байна. УОК ч гэсэн томоохон зочид буудлыг тусгаарлах байраар ажиллах санал тавьсан ч үнийн хувьд тохиролцож чадаагүй тул ашиглах боломжгүй гэдгийг мэдэгдэж байсан. Үүнээс гадна, гадаадаас ирсэн иргэд тусгаарлах байрны төлбөрөө төлдөггүй, өгсөн хоолыг нь голох зэргээр асуудал үүсгэж буйгаас зарим зочид буудлууд тусгаарлах байраар ажиллахаас татгалзжээ.

Иймээс аль боломжоороо бэлэн байдлаа хангасны үндсэн дээр иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж буйг УОК-ын Шуурхай штаб иргэдэд сануулж буй.

Үүний зэрэгцээ хүссэн улс болгон руу тусгай үүргийн онгоц нисгэх боломжгүй ажээ. Covid-19-ийн вирусийн дэгдэлттэй холбоотойгоор дэлхийн улс орнууд хилээ хааж, аль болох гадаадаас вирус зөөвөрлөгдөхгүй байх арга хэмжээг авч байна. Иймээс хоёр улсын хэлэлцээрийн үр дүнд тусгай үүргийн онгоц нисгэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй гэдгийг Гадаад харилцааны яам мэдэгдэж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар гадаад буй Монгол Улсын долоон иргэн covid-19-ийн халдвар авч гэрээр эмчлүүлж байна. Тэдгээр иргэдэд Эрүүл мэндийн яам хяналт тавьж байгаа бөгөөд өвчтөн бүртээ утсаар тусгайлан холбогдож, зөвлөгөө, мэдээллийг өгч байнгын харилцаатай байгаа ажээ.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх