Иргэдэд нийтдээ 119 тэрбум төгрөгийн ноогдол ашиг олгоно

Нийтэлсэн: Админ 2020-04-02 10:42:04

Өчигдөр буюу /2020.04.01/ өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нийгмийн даатгалын шимтгэл тэглэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр энэ үеэр иргэд, аж ахуй нэгжүүдийг дэмжих хүрээнд хийж буй дараах ажлуудаа танилцууллаа.

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

-Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажлын хүрээнд одоогоор 17 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Үүнд эм, эмнэлгийн хэрэгсэл болон шаардлагатай тоног төхөөрөмжид 9 тэрбум, халдваргүйтгэл болон бусад зардалд 8.5 тэрбум, нэмэлт цалин, урамшуулалд 1.5 тэрбум төгрөг зарцуулсан.

-Үүнээс гадна гаднын хөрөнгөөр 20.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж байгаа. Тухайлбал, Азийн хөгжлийн банк 4.2 тэрбум, Дэлхийн банкны зургаан тэрбум, БНСУ-ын 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилт бий. Үүгээр хүчил төрөгчийн аппарат, оношлуур зэргийг шийдэж байгаа. Түүнчлэн олон улсын бусад байгууллагаас зургаан тэрбум төгрөгийн техникийн туслалцаа, хувийн хамгаалах хэрэгсэл зэргийг шийднэ.

-УИХ-д өргөн мэдүүлэхээ хүлээж буй бусад хөрөнгө оруулалтууд бий. Азийн хөгжлийн банкны 81.9 тэрбум, түүнчлэн буцалтгүй тусламж хэлбэрээр олгох 2.7 тэрбум, Дэлхийн банкнаас 74.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон. Хурдан хугацаанд гэрээ байгуулаад хөрөнгө оруулалтаа шийднэ гэж төлөвлөж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд “ковид-19” вирустэй тэмцэх ажлын хүрээнд халдварын оношилгоо, эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн татвараас бүрэн чөлөөлсөн.

ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ДЭМЖИХ АЖЛЫН ХҮРЭЭНД

-Сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотойгоор зарим зардлыг хэмнэх боломжтой болсон. Хэмнэсэн мөнгөөр 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөг дээр нэмж 10 мянган төгрөгийг олгох боломжтой болсон.

-Эдийн засгийн багц хөтөлбөрүүдэд дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл нийгмийн даатгалын шимтгэл авахгүй зэрэг аж ахуйн нэгжтэй холбоотой шийдвэр гаргасан. Гэхдээ үүнд төрийн байгууллага, төрийн өмчит компани эсвэл төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд хамаарахгүй.

-Төрийн байгууллага, төрийн өмчит компани, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ажилчид энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлдгөөрөө төлнө.

-Учир нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа коронавирусээс шалтгаалж буураагүй.

-Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон боловч ажлын байраа хадгалж буй байгууллагуудад ажилчдын тоогоор 200 мянган төгрөг олгоно. Түүнээс биш бүх компанид олгохгүй. Энэ санхүүжилтийг ажилгүйдлийн сангаас олгоно.

-Энэ оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгоно. Үүнд нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт олгоно. Нэг хүнд дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт орохоор байгаа.

-Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр тавдугаар сарын 31-нд багтааж ноогдол ашиг тараана. Иргэдэд 119.1 тэрбум, аж ахуйн нэгжүүдэд 636 сая төгрөгийн ноогдол ашиг тараах тооцоо байна.

-Ямар нэгэн шалтгаанаар хувьцаат компаниуд өмнөх оны ноогдол ашгаа тараагаагүй байна. Одоогоор 292 иргэнд олгох 8.1 тэрбум төгрөгийн ноогдол ашгийг тавдугаар сард багтаан олгохоор боллоо.

-Иргэн, аж ахуйн нэгж байгууллага цахилгааны төлбөрөө төлж чадаагүй бол цахилгааныг нь таслахгүй, алданги тооцохгүй байхаар болсон. Есдүгээр сарын 01-хүртэл энэ арга хэмжээ үйлчилнэ.

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх