Н.Алтанхуяг АН-аас явахгүй, Ардчилал, шинэчлэлийн нам сонгуульд оролцохгүй

Нийтэлсэн: Админ 2020-03-11 13:05:40

Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам л сонгуульд оролцох эрхтэй. Одоогоор Дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам бий. Хамгийн отгон нь Цагаан сарын өмнөхөн бүртгүүлсэн Ардчилал, шинэчлэлийн нам (АШН). Тэгвэл өдгөө Монголд бүртгэлтэй нийт намын гуравны нэг буюу 12 нь 2016 оны сонгуулиас хойш байгуулагдсан, улс төрийн цоо шинэ хүчин. Сонгуулиас сонгуулийн хооронд буюу дөрвөн жилийн хугацаанд ийм олон нам байгуулагдсан түүх манайд одоогоор үгүй. Энэ тоо ойрын үед нэмэгдэж ч магадгүй. Учир нь Их эргэн сэргэлтийн үндэсний нам, Үйлдвэрчний эв нэгдэл нам, Монголын үндэсний сэргэн мандлын нам, Монголын төв нам, Сошл либерал нам зэргийг бүртгэх, эсэх талаар Дээд шүүх нэг бус удаа хуралдсан ч татгалзсан шийдвэр гаргасан. Тэд Улс төрийн намын, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон бусад хуульд заасан шаардлагыг хангаж холбогдох бичиг баримтаа илгээж гэмээнэ Монголын улс төрийн намуудын нэрийн жагсаалт уртасна.

Гэхдээ улс төрийн уралдаанд тоосоо өргөж үзээгүй эдгээр “шинэков” бүгд тун удахгүй болох сонгуульд хүч үзнэ гэсэн үг биш. Тодорхой хэлбэл, АШН болон ирэх өдрүүдэд бүртгүүлэх намууд 2020 оны сонгуульд оролцох эрхгүй. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн нам оролцох эрхтэй. Мөн эл шаардлагыг хангасан намууд л эвсэн оролцож болно. УИХ энэ оны нэгдүгээр сарын 30-нд 13 тоот тогтоол баталснаар 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарласан бөгөөд санал авах өдрийг зургадугаар сарын 24 байхаар тогтоосон. Тиймээс өнгөрсөн сарын 21-нд Дээд шүүхэд бүртгүүлсэн АШН энэ удаагийн сонгуулиас мултарчихаж буй хэрэг. 

ХАВЬГҮЙ ОЛОН НАМ, ЭВСЭЛ НЭР ДЭВШИГЧДЭЭ ИЛГЭЭЖ МАГАДГҮЙ 

Тэгвэл АШН-ыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байгуулсан гэх яриа гарсан. Өөрөөр хэлбэл, АН-ын нөлөө бүхий лидерүүдийн нэг тэрбээр энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэсэн үг үү гэх эргэлзээ бий болов. Уг намыг үүсгэн байгуулсан Э.Бямбацэрэн нар нь АН-д “шинэчлэлийн” гэх тодотголтой хөдөлгөөн өрнүүлж, Н.Алтанхуягтай ойр дотно хүмүүс. Тэгээд ч экс Ерөнхий сайд намынхаа өнөөгийн удирдлагад тун шүүмжлэлтэй хандаж, хатуухан үг чулуудаж, “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулаад буй. Энэ нь түүнийг эл намын “эзэн” гэгдэхэд хүргэсэн байх талтай. Гэвч өнөөгийн эрх баригчид, нам дамжсан бүлэглэл, бүр намынхандаа ч бухимдаж яваа тэрбээр АШН-ын ард буй “нууц ноёнтон” байлаа ч 2024 оны сонгуулийг хүлээж, хүлцэх нь юу л бол. Үгүйдээ л энэ сонгуульд бие даан нэр дэвших биз. Мөн түүнийг АН-аас хөөсөн, эсвэл гарсан гэх барим тавим баримт алга.

“АН-ын үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн, намд олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан, намын байр, эд хөрөнгийг зарж, үгүй хийсэн Н.Алтанхуягийг намын гишүүнээс хасах шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн намын хорооноос гаргасан” гэх мэдээлэл бараг жил гаруйн өмнө гарсан ч тэрбээр “Намайг хассан гэх албан бичиг олж үзээгүй. Тэдний хасдаг, тэднээр хасуулна гэж юу байсан юм. Одоо боль, хэтэрлээ. Л.Болд, Ж.Батзандан нар АН-аас хасагдлаа гээд яагаад шинэ нам байгуулдаг юм бэ. Намаа шинэчлэхийн төлөө явах ёстой юм биш үү” хэмээн тайлбарласан. Хөөснөө баталж, хөөгдсөнөө үгүйсгэх гэж хэн нь ч хичээсэнгүй, нам жим. Нэгэнт АШН энэ удаагийн сонгуульд оролцох боломжгүй учраас зарим эх сурвалжийн мэдээлж байгаачлан Ерөнхий сайд Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнэтэй мандатын “наймаа” хийж, өөрийн гэх хүмүүсээсээ хамгийн багадаа таван нэр дэвшигч сойхоор шантаажилж буй гэдэг нь ч үндэслэлгүй болж таарах биз ээ. Юутай ч Н.Алтанхуяг лав л энэ сонгуулиар АН-аас явахгүй болов уу. Үнэндээ намынх нь нөлөө бүхий лидерүүдийг буруутган харлуулж, хууль, хяналтын байгууллагаар далайлган сүрдүүлж байна хэмээн эрх баригчдыг буруутгаж буй С.Эрдэнэ даргад Н.Алтанхуяг түшиг болох цаг ирсэн ч юм бил үү. 

Мөн бүртгүүлэх хүсэлт нь Дээд шүүхийн өмнө хэдэнтээ бүдэрсэн Монголын үндэсний сэргэн мандлын намыг “Алтан дорнод Монгол”-ын Т.Ганболд үүсгэн байгуулсан. Нэгэнт сонгууль товлон зарлахаас өмнө намаа бүртгүүлж чадаагүйнх үү тэрбээр ИЗНН-ын даргын зөвлөх болсон байна лээ. Үндсэндээ ИЗНН-аас нэр дэвшинэ гэсэн үг бус уу.

Хэдийгээр АШН сонгуульд оролцохгүй, Н.Алтанхуяг намдаа үлдлээ ч энэ удаа харьцангуй олон, тэр дундаа шинэ намууд хүч түрсэн, тэдгээрийн цөөнгүй нь АН-аас тасарсан хүчнүүд “уралдах” өрсөлдөөн болох нь. ШИНЭН-ыг гэхэд л АН-аас УИХ-д сонгогдсон хоёр гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар байгуулсан. Гэр хороолол, хөгжлийн намыг ардчиллын “алтан хараацай”, Улсын баатар Э.Бат-Үүл байгуулсан нь өдгөө нэгэнт нууц биш болоод буй. Мөн 2016 оны сонгуулиас хойш байгуулагдаад буй 12 намаас ШИНЭН, Үнэн ба зөв нам, Ард түмний олонхын засаглал нам, Монгол шинэчлэлт нам гээд дөрөв нь “хуучин” хэд хэдэн намтай эвсэхээ мэдэгдсэн. 

Өнгөрсөн долоон удаагийн сонгуулиас 2000 онд 13 нам, гурван эвслээс 575 хүн нэр дэвшүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт. Хэдийгээр энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоо нь “жижиг” гэгддэг, шинэ намуудад ээлгүйг судлаачид төдийгүй тэдгээр намын төлөөлөл хэлж байгаа ч өмнөх сонгуулиудаас хавьгүй олон нам, эвсэл нэр дэвшигчдээ илгээж магадгүй нь. Юутай ч нам, тэр тусмаа АН, МАН гэх нэрийг сонсоод жийрхдэг нь олширсон энэ цагт шинэ хүчин, хүмүүсийг эрэлхийлэх хандлага газар авч байгааг үгүйсгэх аргагүй. Эл эрэлтийг мэдэрсэн зарим нь улс төрийн нам байгуулахаар хошуурч байж болох. Бүр нөлөө бүхий намуудаас ч шинэ хүчин мэндэлж буй нь энэ. 

ДАХИАД Л ЦЭЦ

Уг нь үүний өмнө үйлчилж байсан Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй байв. УИХ-ын ээлжит сонгуулиудын санал хураалтыг зургадугаар сарын сүүлийн хагаст зохион байгуулж ирснийг тооцвол хамгийн цаад тал нь зургаан сарын өмнө буюу 2020 он гарав уу, үгүй юү Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн байхыг шаардаж байлаа. Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй байхаар хуульчилсан нь энэ. Хугацааг ийн өөрчилсөн нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой.

Тодруулбал, Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Цэцэд хандсан иргэдийн мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг шийдвэрлэх дунд суудлын хуралдаанаас ингэж өөрчлөх эхлэл тавигдсан гэхэд болно. Өнгөрсөн оны тавдугаар сард уг хуралдаан болох үед мөн сарын 28-наас нам, эвслүүд Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, бие даан өрсөлдөх хүмүүс тодорхой болох байв. Тухайн үед Сонгуулийн тухай хуулийн 12.1-т “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй”, 12.3-т “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна” гэх заалт үйлчилж байсан юм. Эдгээр нь дөрвөн жил тутам явуулдаг ээлжит сонгуулийг зохицуулсан заалт болохоос нөхөн сонгуультай холбоотой харилцааг үүгээр хуульчлах ёсгүй гэж мэдээлэл гаргасан иргэн үзсэнтэй Цэц санал нэгдсэнээр өнөөгийн өөрчлөлтийг тусгасан юм. 

Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан эл заалтыг дахиад л Үндсэн хуулийн цэцэд өгчихөж. Ер нь уг хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх 10 орчим өргөдөл, мэдээллийг иргэдээс Цэцэд ирүүлээд буй. Тэдгээрийн нэг нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1 буюу “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан, Монгол Улсын иргэнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй”, 6.3 болох “Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-т заасан шаардлагыг хангасан байна” гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн 16.9, 16.10, 19.1-ийг тус тус зөрчиж байна хэмээх агуулга бүхий өргөдөл юм. Уг өргөдлийг УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж нарын иргэд Цэцэд ирүүлсэн бөгөөд энэ болон бусад мэдээллийн дагуу маргаан үүсгэх, эсэхийг ойрын үед шийдэх бололтой.