“Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ нэгдэж, шинжилгээнд хамрагдлаа

Нийтэлсэн: Админ 2019-12-02 10:43:33

Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган ажиллаж байна. Тэгвэл Монголын Иргэний нисэхийн ерөнхий газрын хамт олон энэхүү уриалгад нэгдэж,  байгууллага, хамт олноороо ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас зохион байгуулсан сургалтанд хамрагдаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” шинжилгээг сайн дураараа өглөө.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн:

ИНЕГ нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас гаргасан “Хар тамхигүй орчин , ажлын байр” уриалгыг дэмжиж ажиллаж байна. Манай ажилчидын хувьд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм, тайвшруулах, эм донтох магадлалтай эмийг хэрэглэхээс татгалзах заалттай нэгж байгууллага. Нислэгийн аюулгүй ажиллагаа, хүний амь насыг хариуцан ажиллаж байгаа хүмүүсийн хувьд эрүүл, саруул байх нь хамгийн чухал. Тиймээс энэхүү уриалгыг дэмжиж, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран ажиллаж байна. Нисгэгч болон зарим мэргэжлийн хүмүүс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” шинжилгээг амралтаа аваад ажилдаа орох, эрүүл мэндийн гэрчилгээг сунгуулахдаа өгдөг. Цаашлаад бид энэ төрлийн шинжилгээг жилдээ нэг удаа авах ажлыг зохион байгуулна. Энэ нь хамт олон болон залуучуудын ирээдүйн төлөө хийж байгаа том ажил гэж бодож байна. Мөн залуучуудад хандаж хэлэхэд энэ төрлийн гэмт хэрэгт ойр дотныхоо хэн нэгийг өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, ирээдүй хойч үеийнхээ нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулаарай гэж уриалмаар байна.

Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням:

Сүүлийн жилүүдэд манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, тээвэрлэх, борлуулах, хадгалах төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өссөн. Шалгагдсан хүний 88 хувийг 13-35 хүртэл насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, зорилгоор далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газаас хяналт, шалгалт, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. Үүний нэг “Хар тамхигүй орчин, ажлын байр”уриалга юм.

Энэхүү уриалгад Монголросцветмет, Автотээврийн Үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газар, Иргэний Нисэхийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Эрдэнэс тавантолгой хувьцаат компани зэрэг олон байгууллага, иргэд нэгдэж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх онцгой үүрэг, хариуцлага хүлээсэн маш олон ажил, мэргэжил байдаг. Үүний нэг болох Иргэний нисэхийн ерөнхий газрынс хамт олон уриалгад нэгдэж ажилчидаа энэ төрлийн сургалт, шинжилгээнд хамруулж байгаад талархал илэрхийлье.

2019 оны эхний 11 сарын байдлаар мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодистой  холбоотой 276 гэмт хэрэгт 415 хүн холбогдон шалгагдаж байна. Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 89 хувь нь 35 хүртэл насны хүүхэд, залуус бөгөөд нийгмийн бүхий л давхаргын иргэд холбогдсон байна.

Цагдаагийн байгууллагаас Аж ахуйн нэгж,  байгууллагууд  албан хаагчдаа мансууруулах төрлийн  бодис хэрэглэсэн эсэхийг нь улиралдаа нэг, хэрэгцээт орон тоон дээрээ сонгон шалгаруулалтаар судалж буй хүнийг мөн шалгадаг байхыг  уриалж байгаа юм.. Энэ нь  тухайн байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулах, аюулгүй байдлаа хангахад нь  хэрэгтэй.

Үүний цаад зорилго нь далд хэрэглэгчдийг эрт илрүүлэх, хэрэглээг нь хязгаарлахад чиглэж байгаа урьдчилан сэргийлэх маш том ажил гэж харж байгаа.

Хэрэв таны ойр дотны хүнд тань сэжигтэй зүйл ажиглагдвал эмийн сангаас тест авч, энэ төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шалгах боломжтой гэдгийг хэлмээр байна.

Нисэхийн хөдөлгөөний үйлчилгээний албы дарга Б.Пүрэвсүх:

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн хөдөлгөөний үйлчилгээний албанд ажиллаж байгаа бидний гол үүрэг бол Монгол улсын агаарын зайд үйлдэгдэж байгаа нийт нислэгийн хөдөлгөөнийг газраас удирдаж, чиглүүлж, зохицуулах юм. Энэ албанд ажиллаж байгаа хүмүүс иргэний нисэхийн системд нисгэгч, нислэгийн удирдагч, онгоцны инженер гэсэн гурван төрлийн мэргэжлийн үнэмлэх зэрэглэл авдаг. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас энэ төрлийн гурван мэргэжлийн хүмүүст хамгийн өндөр шаардлагыг тавьдаг. Монгол улсын агаарын хилээр өдөрт 300-400 орчим агаарын тээвэр нисч өнгөрч байна. Энэ онгоц дотор хичнээн иргэд байгаа билээ. Эдгээр иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг эдгээр ажилчид хангадаг. Өнөөдөр энэ сургалтанд дээрх мэргэжлийн хүмүүс болон дэмжиж ажилладаг захиргааны алба хаагчид, арын албаныхан хамрагдаж байна. Сүүлд шинэчлэгдсэн дүрэмт манай байгууллага хар тамхи, мансууруулах бодисны шинжилгээг өгдөг болсон. Өөрөөр хэлбэл энд эрүүл мэндийн шаардлага хангаж, тэнцсэн хүмүүс ажиллаж байна гэж хэлж болно. Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын алба СЭМҮТ-тэй хамтран ажиллаж, 40 гаруй хүн энэ төрлийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд эерэг үзүүлэлт гараагүй байгаа.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх албыг мэргэшүүлэх, техник хэрэгслээр хангах, гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг олон ажлыг хийж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх