Монгол орон малын хулгайгүй болох эхлэл тавигдах байх гэж найдаж байна

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-03 20:39:00

“Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалт”-ыг хэлэлцэх “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” малчдын чуулган Дорнод аймгийн төв Чойбалсан хотод боллоо. Энэ үеэр “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Анандбазараас дараах зүйлийг тодрууллаа.


-Мал махны эрэлт, хэрэгцээ өсөхийн хэрээр мал хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Энэ нь малчин өрхийн амжиргааны эх үүсвэрт сөргөөр нөлөөлж байгаа учраас малын хулгайтай төрийн болон иргэдийн оролцоог хангах байдлаар тэмцэх нь нэн тэргүүний ажил болоод байна. Энэ ч утгаараа Зундуйн Дорж гуайн үүсгэн байгуулсан -Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийг үргэлжлүүлэн шинээр зохион байгуулж, Дорнод аймагт анхны салбараа нээж байна. Энэ нийгэмлэгийг 21 аймаг, 360 гаруй суманд салбар нэгж, зөвлөлийг байгуулна. Дорнодын бүх сумдаас малчин түмэн цуглалаа. Энэ нийгэмлэг бүх аймаг, сумдад байгуулагдсаны дараа малын хулгайчид гишгэх газаргүй, малчин түмний хөлс хүчийг мөлждөг хүмүүсийн үйлдлийг таслан зогсоох зорилго тавьж байгаа. Энэ цаг үетэй зэрэгцээд Малын хулгайн гэмт хэргийг таслан зогсоох Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байна. Нэмэлт, өөрчлөлтөд өнчин ишиг хулгайлсан ч Эрүүгийн хуулиар 2-5 жилийн ял хүлээлгэдэг болох хатуу заалт орсон. Малчидаас малын хулгайг таслан зогсооход энэ хуулийг зөв болгож амьдрал нийцүүлж өгөөч гэсэн санал олон удаа ирсэн. Ерөнхийдөө бол дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлттөй холбогдуулан энэ удаагийн чуулганыг зохион байгуулж байна гэж ойлгож болно. Малчид маань ч дэмжиж байна. Дорнод аймгаас эхлээд мал хулгайлах гэмт хэргийн гаралт цөөрч, Монгол орон малын хулгайгүй болох эхлэл тавигдах байх гэж найдаж байна. Монголчууд их тусч хүмүүс. Нэг нэгдэхгүй, тав тавдахгүй хандив өргөж, нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж байна. Малч удамтай, монгол гэрт өссөн хүн бүр энэ үйлийг минь дэмжиж байгаад би баярлаж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн хурлын төлөөлөлөгчид арга хэмжээг зохион байгуулахад хамтран оролцлоо. Энэ сарын 10-нд Баянхонгор, 11-нд Архангай аймагт салбар нээнэ. Монгол улсын өнцөг булан бүрт салбар зөвлөл нээгдэж, тухайн орон нутагт амьдарч байгаа сайн санаат хүн бүрийн хандив, тус дэмээр нийгэмлэгийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх болно. Малд хайртай, эх оронч хүн бүрт хамаатай ажил учраас санхүүгийн тал дээр саад гарахгүй гэж бодож байна.