Ж.Гантулга: Хар тамхины сайн дурын эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн мэдээллийг нууцална
Сүүлийн үед манай улсад хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ газар авч байгааг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо баримт харуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн ес орчим сурагч хар тамхи татсан асуудал нийгэмд ихээхэн цочроо өгөөд байна. Үүнтэй холбогдуулан СЭМҮТ-д энэ онд хэчнээн хүн шинжилгээ өгч, хэвтэн эмчлүүлсэн талаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулгаас тодрууллаа.
-Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ ямар байгаа талаар хийсэн судалгаа бий юу?
-СЭМҮТ-д энэ чиглэлээр хийсэн судалгаа байхгүй. Харин хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөт эм, бэлдмэл хэрэглэсэн хүн бүр манай эмнэлгийн шинжилгээнд орж хэрэг хариуцах чадвартай эсэхээ тогтоолгодог юм. Тухайлбал, энэ оны хагас жилийн байдлаар 160 хүн уг төрлийн хэрэгт холбогдож, шинжлүүлжээ. Өнгөрсөн оны хувьд 252 хүн хар тамхины хэрэгт холбогдож шинжлүүлж байсан юм. Эндээс харахад хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдэх хандлагатай байна.
-Өмнөх онуудад энэ тоо ямар байсан бэ?
-2014 онд 133 хүн мансууруулах, бодисын хэрэгт холбогдон ирж байсан байна. Харин 2015 онд 90 хүн болж буурсан ч 2016 онд 176 хүн болж өссөн байна.
-Өнгөрсөн оны хувьд 252 хүн магадлан шинжилгээнд орсон юм байна. Үүнээс хэд нь хэрэг хариуцах чадвартай гэж тогтоолгосон бэ?
-Бүгд хэрэг хариуцах чадвартай гарсан. Шинжилгээгээр хэрэг хариуцах чадваргүй гэсэн хүн цөөн гардаг.
-Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн этгээдийг эмнэлэгт хэвтүүлж албадан эмчилгээ хийлгэдэг. Хэчнээн хүн албадан эмчилгээнд хамрагдсан бэ?
-Албадан эмчилгээг Мааньтад хийдэг. СЭМҮТ-д ирж албадан эмчилгээ хийлгэдэг хуулийн зохицуулалт одоогоор байхгүй. Харин иргэдийн хувьд сайн дураараа ирж эмчилгээ хийлгэж болно.
-Сайн дураараа эчмилгээ хийлгэхээр хэр их хүн ирдэг вэ. эдгээр хүмүүсийг цагдаагийн байгууллагад ханддаг юм уу?
-Хагас жилийн байдлаар каннабис төрлийн хар мансууруулах бодис хэрэглэсэн таван хүн, морфин хэрэглэсэн 11, олон төрлийн бодис хэрэглэсэн 12, идэмхий уусгагч бодис хэрэглэсэн гурав, сэргээгчийн бодис хэрэглэсэн нэг хүн нийт 35 хүн сайн дураар хамрагдаж эмчилгээ хийлгэсэн байна. Хамгийн гол нь сайн дураараа хандаж буй иргэдийг нууцалж, хуулийн байгууллагад ханддаггүй. Тохирсон зөвлөгөөг нь өгөөд явуулдаг. Иргэн та өөрийнхөө эрүүл мэндийн төлөө айж, ичих хэрэггүй. Тиймээс цаг алдалгүй эмчилгээ хийлгэж, зөвлөгөө авах шаардлагатай.
-Эмчилгээ хийлгэчихээд дахиад хэрэглээд ирсэн тохиолдол бий юу?
-Цөөн тохиолдолд гардаг юм.
-Урьчилан сэргийлэх чиглэлээр ямар ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, баримтат юкиногоор дамжуулан олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх, хөдөө орон нутгийн цагдаа нарт сургалт зохион байгуулж байна. Өнгөрсөн онд орон нутгийн 400 орчим цагдаа нарыг сургалтад хамруулж ажилласан. Мөн энэ чиглэлээр олон нийтэд сургалт хийх 25 хүнийг бэлтгэж байна. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх болон бусад мэдээллээр сургалтад хамрагдах боломжтой.
Түүнчлэн энэ оноос эхлэн хар тамхи, мансууруулах бодисын хор нөлөө, үүнийг хэрхэн даван туулах, яах урьдчилан сэргийлэх талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх 1800-2000 утас 24 цагаар ажиллуулж байна. Ингэснээр иргэд мансууруулах бодистой холбоотой асуудал ойрын төрлийн хэн нэгэнд тулгарлаа гэхэд хэнд хандаж эмчилгээ хийлгэх боломжтой зэрэг бүхий л мэдээллийг авах юм.
-Сайн дураараа эмчлүүлж байгаа 35 иргэний хувьд хэд орчим насны хүмүүс байна вэ. Эмчлүүлж байгаа иргэдийн дунд бага насны хүүхэд бий юу?
-Эмчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь 18-35 насны залуус байна. Харин цавуу, газ зэрэг үнэрлэсэн гэх сурагчдыг Хүүхдийн тасагт эмчилдэг. Мансуурлын асуудлаар ирсэн насанд хүрээгүй хүүхэд байхгүй.
-Магадлан шинжилгээнд хамрагдаж байгаа иргэдийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээлэлд цаашид өссөн байсан. Хамгийн асуудал дагуулж байгаа нь сургуулийн сурагчид уг хэрэгт холбогдож байгаа асуудал гарч байна. Өөрөөр хэлбэл, өсвөр үеийнхнийг дайраад гарах нь гэх айдас байна. Тиймээс уг асуудалд яаж анхаарах үр дүнтэй гэж үзэж байна вэ?
-Сургуулийн орчинд очоод ажиллах боломжгүй байдаг. Тиймээс тэнд ажилладаг багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйчдийг чадавхжуулах, мэдээллээр хангаж ажилладаг. Мансуурлын асуудал нь зөвхөн эрүүл мэнд, хуулийн байгууллагын асуудал биш. Эцэг эх, асран хамгаалагч зэрэг хүн бүрийн хариуцлагын асуудал яригдах ёстой.
Б.Лхам