Н.Энхболд сайд хүүгээ Бээжинд, хүргэнээ Сөүлд зөвлөхөөр томилуулав

Нийтэлсэн: Админ 2019-06-11 8:56:23

Энэ удаагийн УИХ-д гурван Энхболд бий. Миеэгомбын, Нямаагийн, Лувсангийн Энхболдууд. Хотын даргаас УИХ-ын дарга болтлоо улстөрд явсан М.Энхболдын хувьд алдаа оноо нь олны нүдэнд харьцангуй ил байдаг улстөрч. Түүний тухай яриа бараг л эл доль болсон. Харин өнгөрсөн сонгуулиар өмнийн говиос УИХ-д сонгогдсон Л.Энхболдын хувьд гавьяа байхгүй ч гай тарьж мэдэхээр гэдэг нь гурван жил шахмын энэ хугацаанд хангалалттай харагдсан. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих зээлээс жишим ч үгүй авсан гэхээр дахин сонгож болохгүй хүмүүсийн жагсаалтад заавал оруулах гишүүний нэг нь. Жижиг Тавантолгойд ч хувийн сонирхлоо шургуулдаг гээд сонгогчид нь түүний сайн мууг нь дэнсэлдэг болсон байна лээ.

Харин гуравдахь буюу Нямаагийн Энхболд гишүүн УИХ-д тав дахиа сонгогдож, гурвантаа сайдын албыг давхар хашиж байгаа. Улс төрд, МАН-д Ерөнхий сайд асан С.Баярын фракцид харьяалагддаг ч нутгийн найз М.Энхболдыгоо хүчтэй байх үед талархан дэмжигчдийн нэг байсан. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох үед М.Энхболдоос нүүр бууруулан кноп дарсныхаа дараа одоогийн Засгийн газарт Батлан хамгаалахын сайд болсон юмдаг. УИХ-д тавантаа сонгогдож, гурвантаа давхар дээлтэй сайдаар ажиллаж байгаа Н.Энхболд гишүүний хувьд тэргүүлэх эгнээний тийм ч хүчтэй лидер биш. Гэхдээ ямар ч даргын үед, аль ч Засгийн үед албан тушаалын тэргүүн эгнээнд заавал нэрлэгдэж байдаг нэгэн. Зориуд тодруулахад тэр ганцаараа ч албан тушаалын амтат бялуунаас хүртээд байдаг юм биш. Түүний худ ураг, хүү, хүргэн нь ч ямар ч үед олигтой албан тушаалын оройд явдаг байлаа.

Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Н.Энхболд гишүүний худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан бол хүү Э.Одмөнх нь Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын дэд захирлаар томилогдож байлаа. Н.Энхболд гишүүний худ, хүү, хүргэний өндөр албан тушаалын буухиа өдгөө ч үргэлжлэх ёстой юмсанж.

Хэдхэн  сарын өмнө хүргэн хүү Хашбаатарыгаа Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилуулж байсан Э.Энхболд сайдынд хэдхээн хоногийн өмнө дахиад л албан тушаалын аз гийжээ.

Энэ удаа Дипломат ёслолын газрын дэд захирлаар ажилладаг хүү нь Бээжин дэх Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар томилогджээ. Өнгөрсөн сарын 31-нд гаргасан эл шийдвэрийн дагуу энэ сарын 15-наас Э.Одмөнх Бээжингийн Элчин сайдын яаманд зөвлөнгөө Консулын хэлтсийн даргаар ажиллана. Төрийн албаны зөвлөлийн Гадаад харилцааны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс ийм шийдвэр гаргаад байгаа юм. Ингэснээр Н.Энхболд сайдын хүү нь Бээжинд, хүргэн нь Сөүлд Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллахаар болж байна.

С.Балдан-Очир