Портлэнд, Филадельфиа багууд цувралыг тэнцүүлэв
НБА-н плэй-оффын хоёрдугаар шат өрсөлдөөн дүүрэн болж байна. Өнөөдөр өглөө хоёр тоглолт болсон бөгөөд "Портлэнд" болон "Филадельфиа" багууд хожигдох эрхгүй тоглолтдоо хожил авснаар тус бүртээ цувралыг 3-3 болгон тэнцүүлэв.
"Филадельфиа 76" баг талбайдаа хийсэн цувралын зургаа дахь тоглолтод 112-101 харьцаагаар "Торонто Рэпторс" багийг хожлоо. Тус тоглолтод Ж.Батлер оноо авалтаар багаа тэргүүлсэн бөгөөд 25 оноо авсан бол Б.Симмонс 21, Ж.Эмбийд 17, Г.Харрис 16, Жей.Жей.Рэдик 11 оноо авчээ. "Филадельфиа" багийн гарааны тоглогчид жигд сайн тоглосон байна. Харин сэлгээнээс М.Скотт 10 оноо авч ажлаа сайн хийжээ. Тэдний өрсөлдөгч, цувралыг тэргүүлэгч "Торонто Рэпторс" багаас К.Леонард зогсоогдошгүй мэт тоглож 29 оноо, П.Сиакам 21 оноо авсан ч баг нь ялалт байгуулах хэмжээнд байсангүй. Хоёр баг долоо дахь тоглолтоор дараагийн тийзээ захиалах баг нь тодрохоор болж байна.
Үүнтэй адил цувралыг тэнцүүлсэн тоглолт Өрнөдөд боллоо. Цувралд 3-2 харьцаагаар хожигдож буй "Портлэнд" талбайдаа зургаан тоглолт хийж, 119-108 харьцаагаар "Денвер Наггетс" багийн залуусыг буулган авч, цувралыг 3-3 болголоо. Энэ тоглолтод "Портлэнд Трэйл Блэйзэрс" багаас Д.Лиллард, Си.Жи.МкКоллум нар талбайдаа шилдэг тоглолт үзүүлж, 62 оноог хамтдаа авлаа. Тэдэнд сэлгээнээс Р.Хүүд 25 оноо авчээ." Денвер"-ээс Н.Йокич, Ж.Мюррей нар дабль-дабль хийсэн ч баг нь ялагдсан юм.