ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙНХНИЙ ТАЙЛАНГ СОНСОЖ, ҮҮРЭГ ӨГӨВ

Нийтэлсэн: Админ 2019-01-04 12:09:00

ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙНХНИЙ ТАЙЛАНГ СОНСОЖ, ҮҮРЭГ ӨГӨВ


Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр (2019.01.04-ний өдөр) хуралдаж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар танилцуулсан юм. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх программ ашиглалтад оруулж, 1800 орчим зөрчилд хариуцлага тооцон, гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлжээ. Мөн зах, худалдааны төв болон орон сууцны хотхон хороолол доторх авто замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж эхэлсэн байна. Энэ мэтээр холбогдох албаныхан хийсэн ажлынхаа талаар танилцуулга хийв.


Ямар байгууллага хашаатай байж болохыг журамлах журмын төсөл боловсруулжээ


Тухайлбал, нийслэлийн Авто замын хөгжлийн газраас орон сууц гэр хорооллын холбоос замын сүлжээг сайжруулахаар Газрын албатай хамтран хайс, хашааг буулгаж, хатуу хучилттай зам тавихаар төлөвлөөд байгааг тус газрын орлогч дарга Б.Индра танилцууллаа. Тэрбээр “Төлбөртэй автозогсоолын тоог 42 болгож нэмлээ. Улаанбаатар хотын 20 байршлын авто замыг хоёр түвшний огтлолтой болохоор төлөвлөсөн. Яармагийн гүүрний ажил дуусаж ашиглалтад оруулаад байна. Ирэх намар ТЦА-ны дэргэдэх гүүрийг ашиглалтад оруулна. Мөн “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хүрээнд зургаан байршилд авто замын огтлолцлыг салгахаар ажиллаж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан 70 дугаар тогтоолын хүрээнд Төв номын сан, I сургуулийн орчимд эгнээ нэмж, тэмдэг тэмдэглэгээ хийсэн. Мөн шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, хяналтын камерыг суурилуулж дууссан. Ирэх жилүүдэд гэр хорооолол руу түлхүү зам тавина” гэсэн юм. Тээврийн цагдаагийн албанаас 2018 онд хөдөлгөөний ачааллыг бууруулахаар “Хамтдаа шийдье” зөвлөгөөн хийсэн бөгөөд шинээр хийх боломжтой зохицуулалтыг тодорхойлжээ. Тодруулбал, нэг чигийн хөдөлгөөнтэй замын тоог нэмэх санал гаргаж байгаа аж. Уг ажлын бэлтгэл болгож Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран судалгааны ажил эхлүүлсэн гэв. Мөн тус албанаас нийслэлийн Тээврийн газартай хамтран сургуулийн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж буй гэнэ. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс олон нийтийн 28 цагдааг гудамж талбай, авто замын нэгдүгээр эгнээнд хяналт тавиулж байгаа нь хөдөлгөөний ачааллыг бууруулахад нэмэртэй байгааг цагдаагийн байгууллагынхан онцоллоо. Харин нийслэлийн Газрын албанаас хороолол доторх богино холболттой замыг сайжруулахаар ажиллаж байгааг тус албаны дарга Э.Болорчулуун танилцуулав. Өнгөрсөн онд зургаан дүүргийн хэмжээн дэх хайс, хашааны судалгааг хийсэн тул чөлөөлөх ажил эхлүүлэхэд түвэггүй байх нь. Цаашид шинээр барьж, ашиглалтад оруулж буй хорооллуудад автомашин ороод гацах нөхцөл үүсээд тул ямар байгууллага хашаатай байж болох вэ гэсэн журам боловсруулсан байна. Түүнчлэн хорооллын доторх зөвшөөрөлгүй тоосгон гараашийн судалгааг гаргаж газар дээр нь зам тавих, эсвэл давхар гараашийн төсөл хэрэгжүүлэхээр санал боловсруулж буй аж.

Сурагчдын автобусны шинэ чиглэл туршина

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрынхан төлбөртэй зогсоолын талаарх мэдээлэл хүргэдэг программ ашиглалтад оруулснаар иргэд энэ талаарх мэдээллийг гар утаснаасаа авах боломж бүрджээ. Түүнчлэн төрийн  үйлчилгээнд цахим систем нэвтрүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хувиар бууруулсан үр дүн гарсан аж. Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхэд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа ихээхэн нөлөөлдөг. Хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг элсүүлэх ёстой боловч боловсролын байгууллага мөрддөггүй аж. Тиймээс эл байгууллагынхан нийслэлийн Боловсролын газартай хамтран шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг цахимжуулж, хамран сургах тойргийнхоо хүүхдийг л элсүүлэх ёстой гэсэн журмыг мөрдүүлэх юм байна.

Нийслэлийн Боловсролын газраас мэдээлж буйгаар Улаанбаатар хотын ЕБС-д 260, цэцэрлэгт 150 мянга гаруй хүүхэд сурч байна. Тус газраас сурагчдын зорчилтын байдлын судалгааг гаргаж, автобусаар тээвэрлэх боломжийг эрэлхийлж байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад, нийслэлийн Засаг дарга арванхоёрдугаар сарын 3-ны өдөр А/1130 дугаартай захирамж гарган, ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг ирэх хоёрдугаар сараас Энхтайваны өргөн чөлөөнд хүүхдийн автобусны шинэ чиглэл турших аж.

Ажлын хэсгийн бүтцэд өөрчлөлт оруулна гэв

Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурлын үеэр зарим гишүүд хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүн муутай байгааг хэллээ. Тэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамгийн их оролцоотой байх ёстой нийслэлийн Тээврийн газар зэрэг байгууллагын оролцоог сул байгааг шүүмжилсэн юм. Мөн ажлын хэсэг өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнээгүй, өнөө жил хийх ажлаа төлөвлөөгүй байгаад шүүмжлэлтэй хандав. Тус ажлын хэсгийн танилцуулга мэдээллийг сонсоод нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн хийх ёстой ажлыг дорвитой хийж чадахгүй байгаа тул ажлын хэсгийг хуралдуулж өмнөх хурал, зөвлөгөөний үеэр хөндөгдсөн асуудал, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг  сонслоо. Биелэлт хангалтгүй, дутагдалтай асуудал цөөнгүй байна. Үр дүн шаардахаар хөрөнгө, мөнгө нэхэхээ болих хэрэгтэй. Автозогсоолыг иргэдэд нээлттэй болгоход хөрөнгө шаардлагагүй. Энэ мэтээр хэрэгжүүлж болох арга хэмжээ олон бий. Улаанбаатар хот өнөөдрийг хүртэл авто замынхаа төлөвлөлтийг хийдэг мэргэжлийн байгууллагагүй явж ирсэн. Тиймээс нэгдүгээр сард багтаан энэ байгууллагыг байгуулж, ажлыг нь эхлүүлнэ. Мөн нийтийн тээврийн шинэчлэлийг зохион байгуулах хэрэгтэй байна. Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга ажлаа тайлагнаж мэдэхгүй байна. Тиймээс ажлыг хэсэгт өөрчлөлт оруулна” гэсэн юм. Ингээд нийслэлийн ИТХ-ын дарга холбогдох албаныханд үүрэг өгсөн юм.

Тодруулбал, газар чөлөөлөх журмыг нийслэлийн ИТХ-д оруулан хэлэлцүүлж, гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг нийслэлийн Газрын албаныханд, замын засвар, бүтээн байгуулалтыг мөн гуравдугаар сараас эхлүүлэхийг нийслэлийн Авто замын хөгжлийн газарт үүрэг болгов. Замын хөдөлгөөний удирдлагын төв болон цагдаагийн байгууллагад боломжтой бүх хувилбараар хөдөлгөөний зохицуулалт хийх, Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашинуудын тоон судалгааг гаргаж,  шинээр автомашин бүртгэхдээ аюулгүй байдлыг хүрээнд ямар зохицуулалт хийж болох юм гэдгийг судлах үүрэг өглөө. Харин нийслэлийн Тээврийн газарт таксины үйлчилгээг цэгцэнд оруулах үүрэг өгөв. Замын хөдөлгөөний зохиомол түгжрэл нэмэгдэхэд таксины нөлөөлж буйгаас гадна таксинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэж буй учраас үйл ажиллагааг нь цэгцэлж, зөвхөн тоолуур, тэмдэгтэй, ялгах өнгөтэй таксийг хотод явуулах ёстой гэж нийслэлийн ИТХ-ын дарга хэллээ. Ингээд санал боловсруулж энэ сарын 15-ны дотор танилцуулахыг нийслэлийн Тээврийн газрынханд үүрэг болгов. Хуралдааны төгсгөлд ажлын хэсгийг яаралтай хуралдаж, мэдээллээ нэгтгэж танилцуулах үүрэг өгсөн юм.


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ