МАН-ын Удирдах зөвлөл хэзээ хуралдах вэ?

Нийтэлсэн: Админ 2025-09-12 19:55:19

АН шинэ даргаа сонгосон. МАН бас шинэ даргаа сонгохоор болсон. Тус намын Удирдах зөвлөл, дараа нь Бага хурал нь хуралдаад намын даргаа сонгох ёстой. Гэвч, Удирдах зөвлөлийнх нь хуралдааны тов тодорхойгүй байна. Энэ зуурт, МАН-д болж буй “үе хоорондын зодоон” чинээндээ туллаа. Уг нь, МАН-ын 1970, 1980-аад оныхон намдаа, Монголын төрд ч өнөөдөр өндөр албан тушаалуудыг хуваан хашдаг. Гэвч, МАН-ын даргын сонгуулиас болж “түр тар” нь улам гүнзгийрч, эцэстээ бие биеэ шоронд хүртэл хийж буй тухай эх сурвалжууд ярьж, бичиж байна. Тодруулбал, АТГ-аас МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын ажлын өрөө, гэрт нь нэгжлэг хийж, улмаар цагдан хорьсон. Түүний ажлын өрөөнөөс зарим сонгуулийн үеийн PR төлөвлөгөө, холбогдох материалуудыг хураан авсан тухай мэдээлэл байна.

Ер нь бол,  энэ бүхнийг “...УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд оролцохоор болсон нь ийм гал өрдсөн” гэж тайлбарлах хүн олон байна.

Үүнээс болоод МАН-ын, тэр байтугай УИХ-ын гишүүдийн дотоод цахим сүлжээнд үзэл бодол, байр суурийн маргаан тасрахаа больжээ.

Ямартай ч, “...МАН-ын Удирдах зөвлөлийг яаралтай хуралдуулж, тэндээс Бага хурлаа товлоод намын даргын асуудлыг шийдэх нь чухал” гэдэг байр суурийг тус намын гишүүд гаргаж байгаа аж. Мөн, “...Намын төв байранд хууль хүчний байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь маш ноцтой явдал” гэж үзэх нь ч цөөнгүй байна.

Өрнөж буй үйл явдал ингээд зогсчихгүй л бололтой.

Харин Удирдах зөвлөлийн хурал нь яагаад таг байгаад байгаа талаар тус намынхан “...Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Солонгост эмчилгээ хийлгэж байгаа, түүнийг ирэхээр Удирдах зөвлөл хуралдана” гэж байна.

Үнэхээр ч, тус намын Үндсэн дүрмийн  26.3-т “…Удирдах Зөвлөлийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга толгойлно”, 28.1-т “…Удирдах Зөвлөлийн хуралдааныг намын Ерөнхий нарийн бичгийн дарга зарлан хуралдуулна” гэж заажээ.

Тиймээс, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Солонгосоос буцаж ирсний дараа тус намын Удирдах зөвлөл хуралдаж, үүсээд байгаа асуудал шувтрах үгүй нь шийдэгдэх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД