Дээд шүүхийг 6-7 шүүгчтэй болгож цөөлөх үү?!
Бас Налайх, Багахангай, Багануур дүүргийн хувьд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх нэртэйгээр шинэ зохион байгуулалтад орно. Мөн нийслэлийн бүх дүүргийн харьяалсан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийг шинээр байгуулахаар болсон байна. Түүнчлэн Захиргааны хэрийн анхан шатны 11 тойргийн шүүх, Сум дундын анхан шатны 29 шүүхийг нутаг дэвсгэрийн байдлыг харгалзан тус тус шинээр байгуулахаар болжээ.
Түүнчлэн улсын хэмжээнд аймаг, нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 12 шүүхийг тойргийн журмаар байгуулахаар тусгажээ.
Тухайлбал, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны I тойргийн шүүх Ховдын Жаргалантад байрлана. Энэ шүүх нь Ховд, Баян-Өлгий аймгуудын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг харьяална. Архангай, Өвөрхангайг хариуцсан Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны V тойргийн шүүх Өвөрхангайн Хархоринд төвлөрнө. Нийслэлийн хэмжээний XII тойргийн шүүх нь Улаанбаатарт байрлаж, үйл ажиллагаагаа явуулна. Энэ мэтээр зохин байгуулна. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэг л шүүхтэй байхаар болж байна. Төсөлд ингэж тусгажээ.
Энэ хуулийг дагуулаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хууль зэрэгт зарим өөрчлөлтийг оруулах юм байна.
Энд Дээд шүүх буюу хяналтын шатны шүүхийн асуудал огт хөндөгдөөгүй байна. Гэхдээ хуулийн хэлэлцүүлгийн явцад Дээд шүүхийн ажил үүргийн хуваарь, бүтэц зохион байгуулалттай холбоотой өөрчлөлтийн санал УИХ-ын зарим гишүүний зүгээс гарах мэдээлэл байгаа юм.
Бүтэц, зохион байгуулалт гэдгийн тухайд өдгөө нийт 25 шүүгчтэй үйл ажиллагаа явуулж буй Дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхим тус бүр хоёр шүүгчтэй, өөрөөр хэлбэл, ерөнхий шүүгчтэйгээ долоон шүүгчтэй байх санал Шүүх байгуулах тухай хуульд нэмэлтээр орх бололтой. Ийм мэдээлэл эрчимтэй яригдаж байна. Яагаад гэхээр Шүүхийн тухай хууль хэрэгжсэнээс хойш Дээд шүүхийн ачааллын бараг 70 орчим хувь нь “алга болчихсон” байна. Зөвхөн Захиргааны хэргийн танхимын хянасан магадлалыг аваад үзэхэд л 2016 онд 548, 2017 онд 543, 2018 онд 512, 2019 онд 436, 2020 онд 437 магадлалыг хүлээн авч, хэлэлцэж шийджээ. Тэгвэл Шүүхийн тухай хууль батлагдсан 2021 оноос хойш Дээд шүүх хэрэг асуудлыг тааллаараа хүлээн авч шийддэг болсон. 2021 онд 145, 2022 онд 84 хэргийг хянан шийдсэн байгаа юм. Тэр утгаараа “...Дээд шүүх нэгэнт ачаалал нь багассан бол түүндээ таарсан бүтэцтэй байх ёстой” гэсэн агуулга хэрэгжиж магадгүй гэсэн үг. Тэгэхээр Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг хасаад “...24 шүүгчээс хэн хэн гэдэг зургаа нь үлдэж, бусад нь явах вэ” гэдэг асуудал босож ирнэ гэсэн үг. Тийм дээрээ тулахад ерөнхий шүүгчийн санал л гол “сонголт” болж таарна. Ер нь бол АНУ гэхэд 320 орчим сая хүн амтай гэдэг. Дээд шүүх нь есөн шүүгчтэй. Тэр агуулгаар энэ нь байж болохгүй “халдлага” биш юм. Тэгээд ч Шүүх байгуулах тухай хууль ингэж орж ирэх нь тодорхой л байсан. Тэгэхээр Дээд шүүх ийм эрсдэлээс өөрийгөө хамгаалах арга хэмжээ авч болох л байв. Ерөнхий шүүгч, бусад хашир туршлагатай шүүгч нар нь Шүүх байгуулах тухай хууль батлагдтал хэрэг маргаан бүрийг хуучнаараа хүлээж авч хянаад явж байхад болох байлаа. Тэгсэн бол “тоо толгой”-ны асуудал яригдахааргүй л байв. Гэхдээ “...Сүх далайтал үхэр амар” гээд хүлээж суулгүйгээр, хөөцөлдөж гүйгээд ийм санал санаачилгыг хууль руу оруулахгүйгээр дарж авбал болохоор цаг хугацаа, боломж байж л байна, уг нь.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР