Б.Нямзагд: Ард түмэн маань урлагаар цангасан нь илт байна
-Аян зам өлзийтэй, сайн явна уу?
-Сайн явна аа. Хаанаас холбогдож байна вэ.
-“Топ мэдээ.мн” сайтаас ярьж байна. Аялан тоглолтын сонин хачинас дуулгахгүй юу. Хэд дэх аймагтаа уран бүтээлээ хүргэж явна?
-Тоглолт маань төсөөлснөөс илүү сайхан болж байна. Найм дахь аймгийнхаа сонсогч түмэнтэйгээ учран золголоо. Бид нэгдүгээр сарын 16-нд “Дууланхгүй яаж явах юм бэ” хэмээх тайлан тоглолтоо хийгээд хоёр хоногийн дараа 21 аймгийг тойрохоор зэхэж байтал дэлхий нийтийг цочирдуулсан “корона вирус” гарсантай холбогдуулан түр хойшлуулаад байсан юм.
-Маргааш хаана тоглох гэж байна?
-Увс аймагт. Олон нийтийг хамрах урлаг, спортын арга хэмжээг сүүлийн хэдэн сар хорьсон тул урлагийнхан маань аялан тоглолт хийгээгүй удсан. Ард түмэн маань урлагаар цангасан нь илт байна. Хорио цээрийн дараагаар аялан тоглолт хийсэн анхны уран бүтээлчид нь бид хоёр юм.
-Шинэ уран бүтээл туурвиж байна уу?
-Б.Болорцэрэнгийн үг, Э.Хүрэлбаатарын ая “Уруул өөрөө шувуу”, Жамсранжавын үг гавьяат жүжигчин С.Батсүхийн ая “Зүүдний учрал” гэсэн хоёр дуу гаргасан. Энэ уран бүтээлээ аялан тоглолтын үеэр дуулж байгаа. Бид аялан тоглолтын үеэр нийт 21 дуу дуулах юм.