ЗАСВАР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗУРАГ ТӨСӨЛ, ТӨЛӨВЛӨГӨӨГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Улсын драмын эрдмийн театрын удирдлага уран бүтээлчидтэй уулзаж, 2020 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх шаардлагатай засвар, тоног төхөөрөмж шинэчлэлийн талаар санал сонсож, тодорхой үүрэг чиглэл өглөө. УДЭТ, Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр гэсэн урлагийн гурван байгууллагын 500 гаруй уран бүтээлчид тус байранд ажиллаж байна. Барилга галд өртөх эрсдэл 60 хувьтай, газар хөдлөлтийн дөрөвдүгээр зэрэгт нурах магадлалтай гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн. Тайзны технологийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэдгийг уран бүтээлчид танилцууллаа. Энэ онд тус театрын засвар шинэчлэлийн ажилд улсын төсөвт хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хөрөнгийг үр дүнтэй зарцуулахад анхаарч, зураг төсөл, төлөвлөгөөг мэргэжлийн түвшинд яаралтай гаргах, үзвэр үйлчилгээг хэрхэн зохицуулах талаарх төсөөллөө тодорхой болгох хугацаатай үүрэг даалгаврыг салбарын сайд өглөө. УДЭТ-ийн захирал Д.Цэрэнсамбуу, “Төр засгаас соёл урлагийн салбарт урд өмнө байгаагүй анхаарал хандуулж байгааг бид хэлэх ёстой. Техникийн болоод хөгжлийн хоцрогдолд орж барилга байшин болон тоног төхөөрөмж зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон үнэн. Үүнийг түмэн олон зөв ойлгох хэрэгтэй. Энэ жил баталж өгсөн төсвийг бодит ажил болгож, тулгамдсан олон асуудлаа цэгцэлж, үзэгчдийн тав тухыг хангасан орчин бүрдүүлэх болно” гэлээ. Драмын театрын тухайд хүчитгэл, бэхэлгээ, засвараас гадна тохижилт, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг энэ онд хийх юм.