Шинэ үеийн тахал

Нийтэлсэн: Админ 2019-11-29 12:42:20

“Монгол хүн хар тамхи худалдан авах буюу татахыг цаазлан зогсоох бөгөөд гадаадын хүн хязгаарт тээн оруулж ирвэл худалдаалахгүй болгон шийтгэсүгэй”

Дотоод яамны “Хар тамхийг цаазалсан тухай бичиг” 1921 он

Хар тамхи. Энэ хоёрхон үгтэй холбогдсон хэдэн сая хүн амь, амьдралаа үрснийг үнэндээ хэлж мэдэхгүй юм. Ямар боловч хар түүхтэй болж үлддэг, хамаг бүхнээ алддаг нь жам бололтой. Бидэнд төдийлөн ойр бус байсан энэхүү сэдэв өдгөө хэвлэлийн хуудсаар урсч л байдаг ердийн мэдээ болтлоо даамжирчээ. ДОХ-ын тохиолдлыг тоолж байгаад дөжирсөн шиг удахгүй хар тамхийг статистик л гэж хардаг болж мэдэх нь.

БИД

Дөнгөж арван дөрөвхөн настай бяцхан хүү нь хар тамхинд донтчихлоо гэж хандсан ээжийн талаар Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн гуай бидэнд ярьсан юм. Сүүлийн 20 гаруй жил энэ чиглэлээр дагнан ажиллаж байгаа тэрээр 1000 гаруй хар тамхи, мансууруулах бодист донтсон иргэнд төрийн өмнөөс тусламж, үйлчилгээ үзүүлж яваа нэгэн. “Харамсмаар нь хар тамхи хэрэглэгчид залуужиж байна. Онолоор бол нэг хэрэглэгчийн ард дөрвөн хүн байдаг гэх боловч манайд хандаж байгаа хүмүүсийн цаад талд дор хаяж 10 хүн байдаг болжээ. Хар тамхи хэрэглэдэг 50, 100 хүн мэднэ гэх  хүнтэй ч таарсан. Энэ бол дэндүү аюултай зүйл. Хар тамхи Монголд цэцэг шиг л дэлгэрч байна. Хэрэв энэ янзаараа явсаар дэлгэрээд, дэлбэрээд гараад ирвэл дийлдэхгүй байх даа” гэж ярих түүний хэлсэн тоо баримтуудыг анхаарлынхаа хажуугаар сул өнгөрөөж боломгүй санагдав.

Саяхан л “хаалга тогшиж байна” гэж ярьж, бичиж байсан хар тамхины аюул гэрт орж ирээд бүр хойморт гараад суучихжээ гэвэл хэн ч төсөөлөхгүй байх. Гэвч чимээгүй гэгдэх энэ тахал хэдийнэ монголчуудыг нөмрөөд авсныг олон улсын байгууллагууд ч анхааруулж эхэллээ. Өмнө нь Монгол Улсыг хар тамхи дамжин өнгөрүүлэгч улс гэсэн статуст багтаадаг байсан Хар тамхитай тэмцэх олон улсын байгууллага одоо “Хэрэглэгч улс” болсныг зарлаад байна. Энэ бол сайны дохио огтоос биш. Ийм дүгнэлтэд хүрэх болсон хэд хэдэн ноцтой шалтгаан бий байх. Ер нь энэ төрлийн бодис, эм бэлдмэлийн хэрэглээ хамрах хүрээгээ тэлснийг Цагдаагийн ерөнхий газраас гаргасан албан мэдээнээс ч тодорхой харж болж байна.

Жил бүр Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо 30-35 хувиар тогтмол өсч, шалгагдсан нийт хүний 88 хувь нь 13-35 насны хүүхэд, залуучууд байгаа гэх харамсалтай статистик бий.

Мөн өмнө нь ургамал, өвс татах зэргээр энэ төрлийн гэмт хэрэг хэмжигдэж байсан бол одоо бүх төрлийн мансууруулах бодис, хар тамхины худалдаа цэцэглэсэн гэж хэлж болохоор дүр зурагтай болжээ. Өнгөрсөн онд “Глобаль сан”-гийн санхүүжилтээр Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийнхэн 250 хар тамхи хэрэглэгчийг “Гялс” төв дээр эрүүл мэндийн үзлэгт хамруулсан юм байна. Элэгний B, C вирус, ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг авахын сацуу ямар төрлийн мансууруулах бодис хэрэглэж буйг нь энэ үеэр судалсан аж. Ингэхэд найман төрлийн бодисын хэрэглээ илэрсэн бөгөөд зарим хүн “Гурваас дөрвөн төрлийн бодис хэрэглэдэг” гэж мэдүүлсэн байна. Шалтгаан нь “Олдсоныг нь л хэрэглэдэг” гэсэн ганцхан хариулттай. Бас “Мөнгө байхад олдохгүй гэх зовлонгүй” гэх тайлбарыг ч хэлэх хүн байжээ.

ХТМБИХН-ийн тэргүүн Ш.Лхагвасүрэн 

Манай нийгэмлэг сүүлийн 20 жилийн хугацаанд 16 томоохон судалгаа хийсэн. Анх 1999 онд 1000 хүүхдээс судалгаа авахад 45 нь хэрэглэдэг, ямар нэгэн байдлаар хэрэглэж үзсэнээ хэлж байсан. Тэгвэл энэ тоо жил ирэх тусам өссөөр байна. Хамгийн сүүлд 2017 онд Цагдаагийн ерөнхий газар, Сурагчдын холбоотой хамтран Улаанбаатар хотын 1067 хүүхдэд судалгаа хийхэд өмнөх оноос хэрэглэгчийн тоо 20 хувиар өссөн байсан. Үнэхээр сэтгэл эмзэглэмээр нь залуучууд, сурагчид энэ аюул руу олноороо хөл алдаж байна. Одоо манай дээр л гэхэд судалгаагаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн 986 хүн байна. Хэрэглэж байгаагаа зөвшөөрсөн энэ хүмүүсээс гадна нуугдмал байгаа хэдэн мянган хүн Монголд байгаа бол?!

Үнэхээр ч Монголд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хэдэн хүн бий гээд яг таг, нарийн ширийн тоо хэлэх боломжгүй юм. Учир нь, хар тамхийг дэлхий нийтээр чимээгүй тахал гэж нэрлэсэн нь өнөөдөр нэг тоо яриад сууж байхад л нэг бус хүн шинээр хэрэглэгч болж энэ ангал руу унаж байдагтай холбоотой аж. Албан ёсоор ҮАБЗ-ийн Ажлын албанаас зарласан нэг тоо бол бий. 2012 оны гуравдугаар сарын 1-нд Төрийн ордны “Иргэний танхим”-д болсон “Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх нь” хэлэлцүүлгийн үеэр ҮАБЗ-ийн Ажлын албанаас Монголд 16 мянган хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүн байгаа гэж  мэдэгдэж байжээ. Түүнээс хойш харин цаг мөчөөр хар тамхи хэрэглэгчдийн тоо өсч буйг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын тооноос, ял шийтгэл сонсч байгаа хүмүүсээс багцаалж болох биз ээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд 

2019 оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдаж байна. Үүний 23 хэрэг нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Үүнээс харахад энэ төрлийн хэрэг зөвхөн Улаанбаатарт биш хөдөө орон нутагт ч гарах болсныг харж болно. Нийт хүний 282 нь буюу 85.4 хувь нь 18-35 насны залуучууд байгаа бол нийт холбогдогчийн дотор 13 сурагч, төрийн албан хаагч дөрөв байна. Шуудан илгээмж ашиглан гаднын орнуудаас Монгол Улс руу хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэх гэсэн 11 хэргийг илрүүлэн шалгаж байгаа. 2018 оны есдүгээр сартай харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өссөн байна. 2018 онд нийт 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 36 нь буюу 8.7 хувь, 2019 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 47 нь буюу 14.2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн байна.

Нүцгэн тоо худал хэлдэггүй гэдэг. Хар тамхины хэрэглээ хавтгайрч байгааг дээрх мэдэгдлээс харж болохоор байна. Тиймээс ч Монгол Улсыг “Хар тамхи хэрэглэгч улс” гэж дэлхий нийт харж, нэрлэж эхэлсэн биз. Үүнээс гадна Монголд хар тамхины томоохон сүлжээнүүд салбарлачихсан, үгүй юмаа гэхэд монголчууд тэдгээр сүлжээнд нэгдчихсэн нь “Хэрэглэгч улс” гэсэн жагсаалт руу орох нэг үндсэн шалтгаан болсон байх. Үүнийг бид үгүйсгэх гээд ч нэмэргүй. Турк дэх Монгол Улсын консулын газрын ажилтнууд 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан нь ердөө л хагас жил хүрэхгүйн өмнөх үйл явдал шүү дээ. Мөн Монголын дипломатууд энэ төрлийн гэмт хэрэгт ихээхэн холбогдож байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 

Дипломат албаныхан хар тамхины наймаанд холбогдсон тухай асуудлыг Гадаад харилцааны яам өнөөдөр хөндсөн хэрэг биш гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Учир нь, энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр буюу энэ хэрэг гарахаас дөрвөн сарын өмнө манай яамнаас холбогдох байгууллагад албан бичиг явуулсан. Яагаад албан бичиг явуулах болсон гэхээр ОХУ-ын Эрхүү хот дахь Ерөнхий консулын газарт ажиллаж байсан хүн өнгөрсөн оны сүүлчээр мөн л Чехээс ХБНГУ руу мансууруулах үйлчилгээтэй эм, эмийн бэлдмэлийг дипломат дугаар бүхий автомашинаар тээвэрлэж яваад баригдаж, хоригдсон. Энэ асуудалтай холбоотойгоор Европт байгаа манай Элчин сайдын яамдууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна гэдэг хүсэлт тавьсан. Манайхыг энэ хүсэлтийг тавихтай зэрэгцээд холбогдох байгууллагууд нь аль хэдийнэ тусгай шалгалтын ажлуудаа эхлүүлсэн байсан. Ажиллаж эхлэхдээ өөрсдийн олон улсын сүлжээ байгууллагуудтай хамтарч ажилласан гэж ойлгож байгаа. 

2019.06 сар

БООЛЫН ГЭРЭЭ

Болохгүй, бүтэхгүй гэдгийг нь мэдсээр байж хүн төрөлхтөн хар тамхинд шунан дурладаг шалтгаан ер нь юу юм бэ. Тэгэхээр энэ талаар хөндөх нь зүй ёсны хэрэг болов уу. НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх албаны 2018 оны тайланд дурдсанаар бол дэлхий дээр 275 сая хүн хар тамхи хэрэглэж байгаа аж. Энэ бол бага тоо биш. Хүн төрөлхтнийг чимээгүй идэж байдаг цагаан тахлын цаана ашиг хонжоо хайх гэсэн  бүлэглэл, амьдрал ахуйгаа залгуулах гэсэн олон л төрлийн хүн байдаг нь ойлгомжтой. Харин хэрэглэгчдийн хувьд нийтлэг ганцхан шинжтэй нь хар тамхиндаа донтдог.

Нэг л татсан бол дахин дахин хэрэглэх гэсэн дадал зуршил, өвчтэй болдог гэсэн үг. Энэ талаар сэтгэл зүйчид “Донтолт бол оюун ухаан ба зан үйлд нөлөөлж байдаг сэтгэцийн өвчин юм” гэж тодорхойлдог бол тархи судлалынхан “Донтолт нь сэтгэц ба зан үйлд нөлөөлж байдаг тархины архаг эмгэг” гэж үздэг ажээ.

Мөн донтсон зүйлдээ тухайн хүн боолчлогддог ч гэж хэлж болох юм. Угаас донтолт гэдэг үгийн язгуур үндэс болох Addictus гэх латин үгээр 1530-аад онд “Өөрийгөө дадал зуршил, ажил мэргэжилдээ зориулах” гэсэн утгыг илэрхийлдэг байсан бол Эртний Ромд хөл, гараа гинжлүүлсэн усан онгоцны сэлүүрчин боолуудыг тэгж дууддаг байсан аж. Энэ тухай сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг “Донтолт ба сэтгэл зүйн зөвлөгөө” номондоо дэлгэрэнгүй бичсэн байдаг.

Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг 

Би номоо 2010 оноос хийсэн судалгаанд үндэслэж бичсэн. Донтолтын шалтгаан, үр дагавар, гарах гарцыг оруулсан. Донтолт бол олон шалтгаантай. Жишээ нь хар тамхины асуудлыг ярья л даа. Хар тамхи Монголд аюулын харанга дэлдэж байгаа гэдэг үнэн. Хүүхэд залуучуудын, ялангуяа 10 жилийнхний дунд хэрэглээ өндөр байна. Хүүхдүүд гэнэн томоогүй, эсвэл найз нөхдийн нөлөөнд автах нь амархан. Эсвэл зүгээр л өөрийгөө мэдрэх гэж, хүн гэдгээ мэдрэхийн тулд энэ аюул руу хөл алдаад байна. Өсвөр нас буюу 18 хүртэлх насныхан өөрийнхөө үнэ цэнэ, мөн чанараа мэдэх үе байдаг. Бие физиологийн хувьд өөрчлөлт ороод, би ер нь хэн юм бэ гэж тусгаар бие хүнээ мэдэх гэсэн яг тэр эгзэгтэй үедээ хэн нэгний нөлөөнд автчих магадлал өндөр байдаг. Ялангуяа ганцаардмал, дотогшоо хүүхдүүд хар тамхи, өвс татах асуудалд өртөмтгий байна.

Монголд хар тамхитай тэмцэхийн тулд урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг сэтгэл зүйчид ч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд ч хэлж байна. Харин урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд ямар ажил хийгдэж байгаа бол? Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаа хүмүүс хаана, хэнд хандахаа мэддэг үү? Энэ асуултад хар тамхи гурван жил хэрэглэж байгаад сүүлийн гурван жил татаагүй нэгэн залуу ийн хариулав.

Иргэн Б

Намайг анх хар тамхи татаж эхлэх үед одоогийнх шиг сошиал ертөнцөөр шуурдаг ч байгаагүй. Нэг найзаараа дамжуулж анх хэрэглэсэн. Тэгж явсаар мөс эрчимтэй татаж эхэлсэн. Өөртөө байсан бүх юмаа үгүй хийсэн. Эргэн тойрон, гэр бүл, найз нөхдөөсөө холбоо тасарч нэг л мэдэхэд гурван жил өнгөрсөн байсан. Миний хувьд гуравхан сар юм шиг өнгөрсөн энэ хугацаанд их юмаа би алдсан даа. Надад юу ч хамаагүй, мөс л байхад хангалттай болчихсон байсан. Тэгээд больёо гэж бодно, гэвч чаддаггүй. Хэрэглэхгүй байхыг хичээж, гүрийж явсан. Тэгээд 7-10 хоног л тэсдэг. Нэг өдөр ээждээ хэлээд бүхнээ ярьсан. Эмчид, сэтгэл зүйчид хандсан. Одоо татаагүй гурван жил болж байна. Ээж минь намайг оройтох бүрт, ер нь 1.6 жил надаас хар тамхины тест авч явсан. Залуус сэтгэл зүйн дарамт, найз нөхөд гээд олон зүйлээс болж энэ рүү орж байна. Зарим нь зарж борлуулаад мөнгө олно гэж бодож байгаад өөрөө ордог. Монголд энэ чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, дэмждэг байгууллага үнэхээр муу байна.

Энэ залуугийн ярьсан шиг түүхтэй хүн Монголд цөөнгүй бий. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн гуай “Хар тамхи бол хүнийг эрүүл мэнд, эдийн засаг, эцэст нь гэмт хэргийн золиос болгодог. Донтсон хүмүүсийн нэг удаагийн хэрэглээ буюу нэг доз хар тамхи нь 350-500 мянган төгрөг гэдэг. Өдөрт хагас сая, сард 15 сая, жилд 180 сая төгрөг мансууруулах бодист зарцуулна гэсэн үг. Миний харснаар ямар ч баян айл эцэстээ ядуурдаг. Бүх юмаа өгөөд, хамгийн сүүлд байраа зараад л гудманд гардаг. Донтолт гэдэг тийм л аюултай зүйл” гэж ярьсан бол сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг бүр ноцтой мэдээллийг өгсөн юм.

Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг 

Нэг юмыг ойлгох хэрэгтэй. Хар тамхи, мансууруулах аливаа төрлийн бодис арьс өнгө, боловсрол, хүйс, баян ядуу, нийгмийн гарал үүслийг ялгадаггүй. Бүх түвшинд байдаг. Өндөр төлбөртэй сургуулийн сурагчдын дунд хар тамхины хэрэглээ өндөр байна гэж яригддаг. Яагаад гэвэл тэнд худалдан авах чадвар өндөр байдаг. Ээж, ааваасаа мөнгө худлаа хэлж авна, эсвэл хувцас хунарыг нь хулгайлж зарна. Гэтэл үнэндээ захын хороололд, авъя гэсэн ч аав, ээж нь мөнгөгүй, хулгайлъя гэсэн ч хувцас хунар нь үнэ хүрэхгүй айлуудад ч хар тамхинд донтсон хүүхдүүд, тэр тусмаа охид бишгүй олон бий. Тэр охид мөнгөгүй, ядуу байна. Гэхдээ бусад аргаар наймаалцдаг. Биеэ үнэлдэг. Зарж байгаа хүмүүс нь ч маш хувирамтгай. Мөнгөтэй залуустай уулзахдаа нэг арга хэрэглэж уруу татдаг бол мөнгөгүй хүмүүсийг бүр хямдханаар энэ ангал руу хөтөлдөг. Хамт кинонд явж, хоолонд орж, тэгээд л нэг мэдэхэд нөгөө охин хар тамхины төлөө биеийг нь үнэлүүлэхийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орсон байдаг.

Насны хувьд залуус, шинэ үе рүү чиглэж байгаа хар тамхины аюул хүйсийг харин ялгахгүй байгааг энэ чиглэлээр ажилладаг бүх хүн хэлж байна. Олон янзын судалгаа явуулж үзэхэд баян хоосны ялгаа, эр эм хүйсийн талаар нэг их ялгамжтай хариулт гарахгүй байгааг онцолсон юм. Тэгэхээр ирээдүй болсон залуусаа энэ аюулаас аврахын тулд сэтгэл зүйн нарийн мэдрэмж л эцэг, эхээс шаардагдах нь. Энэ бол хамгийн эхний, наад захын урьдчилан сэргийлэх арга хэлбэр байх талтай.

СЭМҮТ-ийн ахлах мэргэжилтэн К.Елена 

Өсвөр үеийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс хамгаалахын тулд эрүүл орчин бүрдүүлэх ёстой. Тэр эрүүл орчныг гэр бүлээсээ л олно. Гэтэл монголчуудын хэв маяг бол амьдралын шаардлагаар өөр улс руу явах, ажил ихтэйгээс хүүхдэдээ анхаарч чадахгүй байна. Эцэг эхчүүдийн тэмүүлэл зөвхөн мөнгө болоод байна. Гэтэл хүүхэдтэйгээ орой бүр өдрийг яаж өнгөрүүлсэн, таалагдсан, сэтгэл зовоосон зүйлийнх нь талаар ярилцахыг хэвшил болгох хэрэгтэй. Хүүхдийг стрессээс ангижруулж дэвшилттэй талыг нь дэмжиж байх хэрэгтэй. Стресс тайлдаг хамгийн сайн арга бол тэврэлт. Хүүхдийг өдөрт найман  удаа тэврэх нь аюулгүй байдлыг мэдрүүлдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан зүйл. Хүүхдээ тэвэрч, үнсэх, ярилцах хамт цагийг өнгөрүүлэх нь хамгийн эрүүл орчин юм. Мөн сургуулийн орчин маш чухал. Анги дүүргэлтээс эхлээд багш, нийгмийн ажилтны үүрэг чухал. Нэгэнт донтсон хүн донтуулж байгаа зүйлээ ээжийн хайр, аавын энэрэлтэй зүйрлэж үздэг гэдгийг сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг хэлсэн. “Хүнд юу хэрэгтэй байдаг юм. Хайр шүү дээ. үн ер нь хайрлуулахын тулд төрдөг. Тэр амьдралд нь эзэнгүй байсан хайр халамжийг, тайвшралыг донтуулж байгаа зүйлээсээ олж авдаг. Жишээ нь цахим донтолт байна. Тоглоомноос нь салгах, дахиж тоглуулахгүй гэх нь аав, ээжээс нь салгаж байгаа юм шиг гашуудлын тэр мэдрэмжийг өгдөг. Тиймээс салж чаддаггүй. Тэгээд тоглоомондоо донтоод байдаг. Хамгийн сайн найз нь хажууд нь байгаа юм шиг, өөрийг нь бүгд хайрлаад байгаа юм шиг, бүгд бүх зүйлийг нь ойлгож байгаа юм шиг тэр мэдрэмжийн төлөө хүн улайрдаг. Тиймээс хар тамхи, ер нь бүх төрлийн донтолттой холбоотой асуудлаар мэргэжилтнүүд бэлтгэх зайлшгүй шаардлагатай байна. Болдогсон бол улсаас тэтгэлэг өгөөд гаднын орнуудад сэтгэл зүйн чиглэлээр маш сайн боловсролтой хүний нөөц бэлтгэмээр байгаа юм” гэж байлаа. Сэтгэл зүйн эмгэг, энэ  чиглэлээр ажилладаг сэтгэл зүйч дутагдалтай байдгийг Ш.Лхагвасүрэн гуай ч мөн хэлж байсан. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийнхэн өөрт нь хандсан хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг, улмаар энэ чиглэлийн эмнэлэгүүдтэй холбож өгдөг юм байна. Тухайлбал, СЭМҮТ-өөс гадна Эрдэнэтэд байрлах “Оюу” эмнэлэг рүү хар тамхинд донтсон иргэдийг холбож өгөхийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд ОХУ-ын Буриад улсын Наркологийн төвтэй хамтарч ажиллаж байгаагаа хэлж байв. АНУ, Англи зэрэг өндөр хөгжилтэй улсуудыг бодвол зам ойр, зардал хямд болохоор өвчтнүүдээ тийшээ явуулах нь цөөнгүй гэлээ.

ХТМБИХН-ийн тэргүүн Ш.Лхагвасүрэн 

Би нэг зүйлд олзуурхаж байгаа. Нэг үеэ бодоход хар тамхитай тэмцэх чиглэлээр бүх түвшинд бага ч атугай ажил хийж эхэллээ. 2002 онд хуультай, 2017 онд үндэсний хөтөлбөртэй боллоо. Энэ нь магадгүй хар тамхины хэрэглээ хэт өссөнтэй холбоотой байх. Цагдаа дээр л гэхэд анх тасаг байсан, дараа нь хэлтэс болж, одоо газар байгуулагдлаа. Мөн удаан ч гэсэн хар тамхины эсрэг хөтөлбөрүүд хэрэгжиж эхэллээ. СЭМҮТ дээр Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр Олон улсын “Коломбо” хөтөлбөрийг нэвтрүүлж эхэлж байна. 20 хүнийг сургагч багшаар бэлдсэн. Төгс эмчилж чадахгүй ч тэнд хордлого тайлах эмчилгээ хийгдэж байна. Бас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран манайх Монголд ЕБС-ийн нийгмийн ажилтан, багш гээд 300 хүнд сургалт явуулсан. Одоо 500 хэв журмын болон замын цагдаад мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг таних чиглэлээр сургалт явуулж байна.

Нэг болчимгүй үйлдэл, саваагүй зан, бусдын ятгалгаас болж хар тамхины ертөнцөд хөл алдсан олон хүн буцаж гарахыг хичээдэг ч ихэнхдээ живдэг нь гачлантай. Нэг бол үхэл, нэг бол шорон гэсэн хоёрхон сонголт хар тамхитай холбогдсон хүн бүрийг хүлээж байдаг гэдгийг бидэнд ярилцлага өгсөн иргэн Б хэлж байсан юм. Тиймээс ч энэ аюулаас урьдчилан сэргийлэхэд л бүх анхаарлаа хандуулах ёстой юм байна. ДЭМБ-ын тодорхойлсноор нэг донтох эмгэгтэй хүнийг эмчлэх нь уушигны хатгалгаагаар өвдсөн 60 хүнийг эмчлэхтэй дүйх ур чадвар, хүчин чармайлт шаардагддаг ажил аж. Тэгэхээр энэ хэрээр хөрөнгө санхүү шаардагдах нь гарцаагүй. 

 

СЭМҮТ-ийн ахлах мэргэжилтэн К.Елена “Сэтгэцэд нөлөөт бодисонд донтсон хүмүүсийг эмчлэх нь дэлхийн хэмжээнд үр дүнтэй байж чадахгүй байгааг ч бид бас тооцох ёстой. Тиймээс дэлхий нийтээр донтох эмгэгтэй хүмүүст хордлого тайлах, сэтгэл заслын эмчилгээ хийгээд жилийн турш мансууруулах бодис хэрэглэхгүй байвал хамгийн өндөр үр дүнтэй гэж тооцдог юм байна. Насан туршдаа биш шүү дээ. Тэгэхээр эмчилгээ удаан хугацаатай, үйлчлүүлэгч болон гэр бүл, эмчээс их тэвчээр шаардана. Эдгэрдэг гэж хэлж чадахгүй ч насан туршдаа сайжралын байдалтай байх боломжтой. Сайжирсны дараа мансууруулах бодисыг дахин бага хэмжээгээр хэрэглэхэд эргээд л анхныхаа хэвэнд оччихдог” гэж ярилаа.

ТЭД

Монголын нөхцөл байдал ямархуу дүр зурагтай байгааг та дээрээс бага ч атугай анзаарсан биз ээ. Тэгвэл дэлхий нийтэд хар тамхитай хамгийн хатуу тэмцэж байгаа Филиппин улсын сургамжийн талаар эцэст нь өгүүлье. “Мянган арлын орон” гэгддэг 110 сая хүн амтай Зүүн өмнөд Азийн энэхүү улсын одоогийн Ерөнхийлөгч Родриго Дутерте хар тамхитай хатуу тэмцэхээ амлаж байж 2016 онд төрийн тэргүүнээр сонгогдсон. Түүний сонгуулийн гол амлалтыг маш товчоор хураангуйлбал “Би хар тамхитай хатуу тэмцэнэ. Та бүхэнд амлая. Манила (Филиппин)-гийн тэнгисийн эргийг би хар тамхичдын цогсоор дүүргэж, та бүхэн тарган загас оройн хоолондоо идэх болно”. Иймэрхүү агуулгатай зүйл Дутерте амлаж, сонгуулийн штабаас нь “Нэр дэвшигч наргиж байгаа юм” гэсэн тайлбарыг ч хийж байсан аж. Харин иргэд нь “Хар тамхитай үнэхээр тэмцэх нь” гэсэн итгэлээр сонголтоо хийж, өдгөө Родриго Дутерте Филиппиний засгийн эрхийг атгаж байна. Дэлхийн хамгийн хүчирхэг байгууллага болох НҮБ рүү “салаавч” гаргаж чаддаг, АНУ-аас ч айдаггүй Дутерте иргэддээ амласнаа харин бодитоор хэрэгжүүлж байгаа аж. “Иргэдийн оролцоо II” төслийн дэмжлэгтэйгээр тус улсын мэдээллийн агентлаг “Rappler”-ийн туршлагаас судлах, иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт хийх зорилготой очсон Монголын сэтгүүлчдийн баг ч үүнтэй газар дээр нь танилцсан юм. Энэ боломжийг олгосон “Иргэдийн оролцоо II” төсөл, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын хамт олонд энэ дашрамд сэтгүүлчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. 

Родриго Дутертегийн тухайд хар тамхины эсрэг хийж буй тэмцлээ дайны хэмжээнд авч үздэг нэгэн. Амлалт нь ч анхнаасаа наргиа бус үнэн байсныг филиппинчүүд уй гашуугаараа мэдэрч суугаа аж. Хэзээ хар тамхины дайн эцэслэх бол гэсэн асуулт нийт иргэдийнх нь олонхийнх нь хүлээлт болон хувирчээ. Анх гурван сар үргэлжилнэ, зургаан сар үргэлжилнэ гэж эхэлсэн түүний дайн өдгөө 20 гаруй мянган хүний аминд хүрээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, хар тамхинд холбогдсон гэдэг шалтгаанаар шүүхийн тогтоолгүйгээр цагдаа нарт хороогдсон хүний тоо 20 мянгад хүрсэн гэдгийг Филиппиний хүний эрхийн байгууллагууд онцолж байна. Харин Засгийн газар энэ тоог 5000 гэж ярьж, хэлсээр ирсэн ажээ.

“Rappler” агентлагийн сэтгүүлч Рамбо Талабон 

Бид Дутертег загас таргалах болно гэж амлаж байх үед наргиж байна, хар тамхитай хатуу тэмцэх нь л гэж ойлгосон. Өмнөх Ерөнхийлөгч хар тамхитай тэмцэх чиглэлээр тодорхой хөтөлбөр, бодлого хэрэгжүүлээгүй учраас Филиппиний ард түмэн түүнийг сонгосон. Гэвч өнөөдөр 20 гаруй мянган хүнийг цагдаа нар хар тамхи хэрэглэсэн, бидний өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн гэдэг нэрээр хороочихоод байна. Үнэндээ хар тамхичин гэж устгасан хүн нь хар тамхичин биш байх нь их байдаг. Бид одоо бол “Бодит байдал дээр юу болсон бэ”, “Яаж сэргийлэх вэ”, “Дахин давтахгүй байх вэ” л гэж ажиллаж байна. Энэ чиглэлээр мэдээ, сурвалжлага бэлтгэж байна.

Сүүлийн гурван жил “Хар тамхины дайн” тойрсон сэдвийг сурвалжилж буй Рамбо Талабон ийн ярьсан юм. Түүний хэлснээр Филиппинд, тэр тусмаа Манилагийн ядуусын дүүргүүдэд өглөө бүр гудамжинд цогцос хэвтэх болсон нь энгийн үзэгдэл гэнэ. Хүн үхдэг, цагдаа нар нь “Бидний өөдөөс эсэргүүцээд хөнөөгдсөн” гэж тайлбарладаг болсон талаар тэр харамсангуй хэлж байсныг онцолъё. Ямар ч шүүхийн тогтоолгүй, ямар ч хар тамхи хэрэглэсэн эсэх нотолгоогүйгээр мянга, мянган хүн цагдаа нарт хөнөөгдөж байгаа энэхүү дайн хэзээ дуусахыг Филиппиний хүний эрхийн байгууллагууд хүлээсээр байна. “Иргэддээ үйлчилж иргэдээ хамгаалъя, Хүмүүстээ хүрч хүмүүсээ хамгаалъя” уриатай цагдаагийн байгууллага нь хар тамхины дайны далимаар энгийн иргэдийг өдөр бүр хөнөөж байгаа, тэр байтугай “Viber” группээр хоорондоо хэдэн хүн алснаа бичиж байсныг ч эрэн сурвалжилж олсон гэдгийг “Raffler”-ийнхан Монголын сэтгүүлчдэд хэлж байсан юм. Цагдаа нар “Судлагдаж буй үхэл” нэртэй шинэ нэр томъёо гаргаж, хүссэн хүнээ хөнөөдөг болсон гэдгийг тэд онцолж байлаа. 

Холын Филиппиний энэхүү жишээг энд зориуд татсан нь Монгол Улс хар тамхитай хийх тэмцлээ одоо л эрчимжүүлэхгүй бол эцэстээ ийм замаар тэмцэх хүртлээ том золиос гаргаж болзошгүйг сэрэмжлүүлэх гэснийх. Хэдийгээр Монгол ардчилсан улс, парламентын засаглалтай орон ч гэсэн Филиппин ч саяхныг хүртэл бидэнтэй адил Парламентын Бүгд Найрамдах Улс байсныг санах хэрэгтэй... Юм хязгаарыг давбал юунд ч хүргэж болохын бодит сургамж нь Филиппин юм.