
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг “эзэн”-д нь буцаах улс төрийн тохироо хийсэн үү?
Тэгвэл, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” анх яагаад “хөдөлгөөн”-д орсон бэ. Засгийн газрын 2008 оны “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 153 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ТӨХ-ны даргын 2009 оны 333 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс “Кью Эс Си” ХХК-ийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг концессын гэрээгээр хувьчлах тендерт санал болгосон. Улмаар, Засгийн газрын 2014 оны 69 дүгээр тогтоолоор “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээг байгуулах эрхийг ЭЗХ-ийн сайдад олгож, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг концессын гэрээний хугацаанд “Кью Эс Си” ХХК-д шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг ТӨХ-нд үүрэг болгосон. Энэ дагуу ТӨХ-ны 2014 оны 155 дугаар тогтоолоор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью Эс Си” ХХК-д шилжүүлжээ. Гэтэл, дараа нь Сангийн яам, ТӨБЗГ, Татварын ерөнхий газар, ГЕГ-ын хамтарсан шалгалтаар “…“Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д хөрөнгийн удирдлагын эрхийг хэрэгжүүлэхдээ концессын гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, олон зөрчил гаргаж, нийт 1 233 781 640 000 төгрөгийн хохирол учруулсан” гэдгийг тогтоосон. Тиймээс, ТӨБЗГ-аас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн, НПГ-аас “…“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон” гэдэг асуудлаар нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн. Цаашлаад, Засгийн газрын 2022 оны “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоол, ТӨБЗГ-ын 2022 оны “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью Эс Си” ХХК-аас буцаан шилжүүлэн авах тухай” 123 дугаар тогтоолоор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн концессыг хүчингүйд тооцож төрийн өмчид буцаан авсан. Ийм л зүйл болсон.
Тухайн үед, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “…Засгийн газар хувийн хэвшлийг дэмжиж ажиллаж байгаа ч мэдээлэлд ойр, улс төр, эрх мэдлийн давуу байдлаараа ард түмний өмчид халдсантай эвлэрэхгүй. Засгийн газар тус компанийн учруулсан бодит хохирлоос гадна алдагдсан боломжийг үнэлж байна. Олон улсын зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэн төмрийн хүдрийн баяжмалыг зарж борлуулсан. Зургаан компанид борлуулалтын хөнгөлөлт үзүүлж, 15 компанид өөрийн өртгөөс бага үнээр борлуулсан. Мөн 61 компанид зах зээлийн үнээс 2-3 дахин хямд үнээр борлуулсан. Эдгээрийн өртгийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцоход 3.5-5 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг олох боломжтой байсан. Гэвч, өнөөдөр борлуулалтын орлого 1.8 их наяд төгрөг гэжээ. Үүний цаана маш их алдагдсан боломж бий. Борлуулалтын орлого оффшор бүсэд бий гэсэн хардлага байна. Хууль хяналтын байгууллага үүнийг олж тогтоох ёстой. Энэ их хэмжээний байгалийн баялгаас орж ирэх ёстой байсан АМНАТ-ын орлогыг хэдээр тооцож, яаж олж авах вэ” гэж байсан юм. Харин, “Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижир өөр зүйл ярьдаг. Тэрээр хэвлэлд “…Бид тоггүй болохоор цахилгаанаар ажиллах гангийн үйлдвэр барих боломжгүй болсон. Тиймээс, 2017 оноос эхлээд гангийн үйлдвэрийг барьж байгуулах төслөө өөр бага эрчим хүчний хэрэглээтэй технологиор хэрэгжүүлэхээр өөрчлөлт хийж эхэлсэн. Үүн дээр мэргэжлийн байгууллага, яам, тамгын газруудтай хамтраад явж байсан. Гэтэл цар тахал гарсан. Энэ үед ч бид ажлаа зогсоолгүй бага багаар явуулсаар л байсан. 2021 оны есдүгээр сард ТЭЗҮ-ээ коксын эрчим хүчээр ажилладаг домен зуухны технологиор хийгдэх гангийн үйлдвэрлэлийн төслийг ЭБМЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлсэн. 2021 оны арванхоёрдугаар сард ТЭЗҮ-ээ батлуулсан. Төртэйгээ хамтраад л явж байсан. Тэгтэл 2022 оны дөрөвдүгээр сард “…Гангийн үйлдвэрлэлтэй холбоотойгоор “Кью Эс Си” ХХК-ийг юу ч хийгээгүй байна” гэх үндэслэлгүй шалтгаанаар концессын гэрээг цуцалж гацааж зогсоосон. Ингээд л биднийг хашаанаас хөөгөөд гаргачихсан. Тиймээс бид 2022 оны тавдугаар сараас бид шүүхэд хандаад явж байна. Захиргааны хэргийн шүүхийн процесс удаашралтай, одоог хүртэл үргэлжилсээр байна” гэдэг. Э.Шижир бас, Хөгжлийн банкны сонсгол дээр “…Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэгтэй хамааралгүй” гэж мэдэгдсэн.
Эндээс үзэхэд, Засгийн газар “Кью Эс Си”-д эрүүгийн хэрэг, “Кью Эс Си” нь Засгийн газарт захиргааны хэрэг үүсгүүлчихээд, аль аль нь шийдэгдэхгүй явж байгаа юм байна. Ийм үед “…“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг “эзэн”-д нь буцаах улс төрийн тохироо хийгдсэн” гэдэг яриа тарлаа. “…Даарин дээр давс” гэдэгчлэн, сүүлийн өдрүүдэд “Кью Эс Си”-гийн Э.Шижир ч том том дуугараад эхэлсэн нь ч хардлагыг лавшруулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД