Б.Лхагвадорж: ХАБ-ыг хүн бүр сахиж ажиллах ёстой

Нийтэлсэн: Админ 2019-08-15 11:17:00

“Тавантолгой түлш” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг чадавхижуулах 45 хоногийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэргэжлийн ХАБЭА-н инженерүүдийг ээлжээр ажиллуулж байгаа юм. Хөтөлбөрийн талаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ХАБЭА-н инженер Б.Лхагвадоржтой цөөн хором ярилцлаа.


-Сайн байна уу? Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Лхагвадорж гэдэг. ХАБЭА-н инженер мэргэжлээр Эрдэнэс Тавантолгой ХК-д хоёр дахь жилдээ ажиллаж байна.

-“Тавантолгой түлш” ХХК байгуулагдаад нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Харьцангуй шинэ залуу компанийн хувьд ХАБЭА нь ямар түвшинд байна вэ.

-Мэргэжлийн хүний нүдээр хэрхэн дүгнэж байна вэ?

-Тавантолгой түлш ХХК байгуулагдаж маш олон ажлыг байр шинээр бий болгож байна. Мэдээж үйл ажиллагаа нь эхлэнгүүтээ бүх зүйл нь жигдэрнэ гэж байхгүй. Алдаа дутагдал гарна. Аажим аажмаар сайрч байгаа.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс 45 хоногийн хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ хугацаанд ямар түвшинд хүргэх вэ. Ямар үр дүн гарна гэж төлөвлөж байна вэ?

-Ажил хийхэд хөдөлмөрийн аюулгүй байдал ямар чухал зүйл болох вэ гэдгийг энэ компанийн ажилтан бүрт ойлгуулж, өдөр тутмын ажилд мөрдүүлдэг болгох зорилготойгоор ажиллаж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид багаар ажиллаж байгаа.

Ямар ч байсан ахиц гарах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ХАБ-ын хүмүүс хангуулах биш энэ компанид хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Тэгэхээр хүн бүр ХАБ гэсэн үг шүү дээ. Хүн бүрийн оролцоо чухал байдаг юм.

-Хөтөлбөр хэрэгжээд хэдий хугацааг өнгөрөөв. Үр дүнг дүгнэвэл?

-Бид дөрвөн ээлжээр ажиллаж байна. Миний хувьд гуравдугаар ээлжээр ирж ажиллаж байна. Холбогдох дүрэм журмыг боловсруулж, мөрдүүлж эхэлсэн. Үр дүнтэй хөтөлбөр болж байгааг хэлэхэд таатай байна.

-Тавантолгой түлш ХХК-ийн ХАБЭА-н инженерүүдийн ур чадвар ямар байгаа бол. Хамтарч ажиллахад ямар сэтгэгдэл төрж байна?

-Танай компанийн хувьд ХАБЭА-н инженер хоёр л хүн ажиллаж байна. Гэхдээ ур чадварын хувьд сайн байна. ХАБЭА-н инженер Энхболдтой хамтарч, гар нийлж ажиллаж чадаж байгаа.

-Манай компани 300 гаруй ажилтантай. Гэтэл хоёрхон ХАБЭА-н инженер байгаа нь хүртээмжтэй байж чадаж байна уу?

-Мэдээж аль болох бүх хүнд хүрч ажиллахыг хичээж байгаа. Гэхдээ орон тооны хувьд тийм ч боломжийн биш. Ийм хэмжээний ажилтай компанид ХАБЭА-н бүтэн баг байх ёстой. Эрүүл ахуйч, ХАБ, бичиг хэрэг гэх мэтчилэн орон тоо байх ёстой л доо.

-Тэгэхээр компанийн удирдлага, шийдвэр гаргагч нар хандаж хэлэхэд энэ төрлийн орон тоог нэмэх шаардлага байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Энэ төрлийн орон тоог нэмж бүтэн багтай болоосой л гэж зөвлөж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Жаргал