Х.Мандахбаярыг ажлын хэсэгт оруулах нь ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзлээ

Нийтэлсэн: Админ 2019-08-05 13:51:41
 

 

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны долдугаар сарын 22-ны өдрийн А/367 дугаар тушаалын дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газар орчимд нүүрсний орд ашиглаж буй үйл ажиллагаанаас байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар газар дээр нь шалгалт хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгуулсан билээ. Уг бүрэлдэхүүнд ТВ8 телевизийн төлөөлөл Х.Мандахбаярыг багтаасан юм. Тэгвэл “Сауд гоби коэл транс” ХХК-иас ажлын хэсэгт Х.Мандахбаярыг оролцуулах нь ашиг сонирхолын зөрчилтэй, хяналт шалгалт хийх тэнцвэрт байдал алдагдана хэмээн үзэж, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Ц.Батбаярт гомдол гаргажээ.

Уг гомдолд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын тушаалаар батлагдан ахалж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ТВ8 телевизийн төлөөлөл Х.Мандахбаярыг тохиролцооны байдлаар ажлын хэсэгт багтаасныг манай компанийн зүгээс дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

Үүнд,

  1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг нээлттэй, ил тод байх.” Мөн 4 дүгээр зүйлийн 4.1.4. “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах” төрийн хяналт шалгалтын үндсэн зарчмууд алдагдах үндэслэлтэй байна. Учир нь иргэн Х.Мандахбаяр нь манай компанийн ажил хэргийн нэр хүндэд удаа дараа халдаж, олон нийтийн сүлжээгээр илт худал мэдээллийг санаатайгаар тарааж байгаа энэ хүн хяналт шалгалтын ажлын хэсэгт орсоноор хараат бус, шударга зарчим алдагдахаас гадна шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах боломжгүй нөхцөл байдал бий болох үндэслэл бүхий байна.
  2. Иргэн Х.Мандахбаяр нь уурхайн үйл ажиллагааг хаах, доголдуулах байдлаар сүрдүүлэн ихээхэн хэмжээний мөнгө нэхсэн үйлдлийг олон нийтэд манай компанийн зүгээс ил зарласан. Уг үйлдлийг нь олон нийтэд зарласаар байтал энэхүү ажлын хэсэгт оруулсан нь Х.Мандахбаярыг өөртөө ихээхэн хэмжээний ашиг олох үйлдэлдээ төрийн байгууллагыг ашиглаж байгаа мэт харагдуулж байна.
  3. Х.Мандахбаяр нь Өмнөговь аймгийн Тавантолгой ХК-ийн хөрс хуулалтын операторын үүрэг гүйцэтгэж байгаа “Их Шижир баялаг” ХХК-ийн 51 хувийг эзэмшдэг нь ашиг сонирхолын зөрчилтэйг нотолж байна.
  4. Х.Мандахбаярын гардан зохион байгуулсан “Тост, тосон бумба” хэлэлцүүлэг нь зөвхөн манай компанийг буруутгахад чиглэсэн, хэт нэг талыг баримталсан байсныг хэлэлцүүлэгт тавьсан оролцогчдын илтгэл, тухайн нурууны ойролцоо үйл ажиллагаа явуулж буй бусад уул уурхайн компаниудыг огт дурдахгүй байсан байдал, үйл явдлыг сурвалжилсан сэтгүүлчдэд өөр өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ дамжуулсан нэвтрүүлгүүдээр нотлогддог.
  5. Х.Мандахбаяр нь энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-д “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хоринлоно” гэсэн заалтйг зөрчиж байна гэжээ.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх