Шүүхээс Г.Бум-Эрдэнэд 12 сая төгрөгөөр торгох ял оноолоо

Нийтэлсэн: Админ 2019-07-17 14:24:01

Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 16-ны өдөр хянан хэлэлцсэн байна. Шүүхээс Г.Бум-Эрдэнэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 12 сая төгрөгөөр торгох ял оноосон ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Хэргийг сануулахад, Г.Бум-Эрдэнэ болон нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудыг үгсэн тохирч, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг тус сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эх нараас удаа дараа хахууль авсан хэмээн буруутгагдан Авлигатай тэмцэх газарт шалгуулсан юм. 

Үүнээс гадна авлигын хэрэгт хамтран оролцож, өөртөө болон танилууддаа хууль бус давуу байдал бий болгосон үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхбатыг 10 сая, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал О.Оюунтунгалаг болон дээрх хүмүүст хахууль өгсөн хэрэгт холбогдсон А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг тус бүр 2.7 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлээд, дээрх албан тушаалтнуудын төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хассан байна.