НМХГ: 45 сургуулийн цайны газрын 22 хувь нь нянгийн бохирдолтой гарсан

Нийтэлсэн: Админ 2019-06-20 12:19:00

Ерөнхий боловсролын сургууль, “Үднийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын дүнг НМХГ-аас танилцууллаа. Уг шалгалтад 121 сургууль, “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч 79 аж ахуйн нэгж, нийт давхардсан тоогоор 138 байгууллагыг хамруулжээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлүүд

Боловсролын хяналтын чиглэлээр:

Шалгалтад хамрагдсан 57 сургуулийн 19 сургууль бага, 34 сургууль дунд, 4 сургууль /төрийн бус өмчийн Номч нахиа, Тоолол, Сэн Лизэ, төрийн өмчийн 138-р сургууль/ их эрсдэлтэй буюу шалгалтад хамрагдсан нийт сургуулиудын 33% нь бага, 60% нь дунд, 7% нь их эрсдэл үүсгэх магадлалтай үнэлэгджээ.

Удирдлага зохион байгуулалт:

Шалгалтад хамрагдсан сургуулиудаас 21 сургууль нь /5, 37, 40, 44, 45, 47, 57, 76, 133, 138, Абсолют Элит, Гэгээрэл, Монгол бизнесийн сургууль, Номч нахиа, Номын ёс, Оюуны нахиа, Соёмбо, Сэн Лизэ, Тоолол, Хишиг, Элбэг/ сургуулийн зөвлөл, удирдах зөвлөл сургуулийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, тодорхой үнэлэлт дүгнэлт өгч ажиллаагүй, сургуулийн зөвлөлийн үйл ажиллагааны тайланг гаргаж, сургуулийн хамт олны хуралд танилцуулаагүй байна.

Сургалтын орчин:

12 сургуулийн /92, Сэн лизэ, Улаанбаатар эмпати, Төгсбилэг, 133, Эм Ай Ю, Номч нахиа, Элбэг, Галакси, 10, Алтан босго академи, Олонлог Эгзэ/ барилга байгууламж нь сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулах шаардлагыг бүрэн хангахгүй гэж дүгнэгдсэн байна.

Шалгалтад хамрагдсан сургуулиудын кабинет, лаборатори, дадлагын талбайн ашиглалтыг шалгахад 29 сургууль буюу 51% нь химийн, 27 сургууль буюу 47% нь физикийн, 29 сургууль буюу 51% нь технологийн, 21 сургууль буюу 37% нь мэдээлэлзүйн, 27 сургууль буюу 47% нь биологийн, 30 сургууль буюу 52% нь биеийн тамирын, 33 сургууль буюу 58% нь хөгжмийн кабинетгүй байжээ.

Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалтад аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраар хянуулж, баталгаажуулсан нэмэлт ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн ашигладаггүй 9 сургууль /Олонлог эгзэ, Тоолол, Алтан босго, Эм Ай Ю, Гэгээрэл, Наран нэг, Сэн Лизэ, Монгол Од, Шинэ Эхлэл/ байна.

Төрийн өмчийн сургуулиудын 62% -д нь бага анги, 38% нь дунд, ахлах ангийн бүлэг дүүргэлт 35-аас илүү.

Хүний нөөц:

  • Шалгалтад хамрагдсан сургуулиудын 32% нь мэргэжлийн багшаар бүрэн хангагдаагүй.
  • Төрийн бус өмчийн сургуулиудын 36% нь мэргэжлийн үндсэн багшаар бүрэн хангагдаагүй.
  • Шалгалтад хамрагдсан сургуулиудын 31 нь буюу 54% нь мэргэжлийн бус нийгмийн ажилтантай, 35 нь буюу 61% нь мэргэжлийн номын санчгүй байна.

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл:

Сургалт эрхлэх нөхцөл шаардлагад заасан чиглэлээр сургалт явуулдаггүй 12 сургууль /Олонлог эгзэ, Алтан босго, Номч нахиа, Гэгээрэл, Оюуны нахиа, Улаанбаатар Эмпати, Сэн лизэ, Монгол Од, 18, 92, 45/ байна.

Шалгалтад хамрагдсан сургуулиудын 14% нь төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, олон улсын сургалтын хөтөлбөрийн сургалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр зохион байгуулаагүй байна.

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр:

Шалгалтад хамрагдсан төрийн өмчийн сургуулиудад сурагчдын тоо хүчин чадлаасаа 1.2-2.2 дахин их, нэг ангид 40-54 сурагч суралцаж байна.

Нийт сургуулиудад сурагчийн ширээ сандлын стандартын хэрэгжилт хангалтгүй, ангийн ээлжийн хуваарилалт буруу байна. Тухайлбал: Чингэлтэй дүүргийн 17, 50 дугаар сургуулиудад ахлах анги, бага ангитай ээлжилж хичээллэдэг, 50 дугаар сургуульд ширээ сандал хүрэлцээгүй;

Нийт шалгалтад хамрагдсан 37 сургууль шаардлага хангасан тусгаарлах өрөөгүй, эрүүл ахуйн боловсрол олгоход шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн болон эмчийн өрөө нь шаардлагатай тоног төхөөрөмжөөр дутагдалтай, багаж хэрэгслээр бүрэн хангагдаагүй байна.

Хүнсний чанар, стандарт хяналтын чиглэлээр:

Үдийн цай хэрэгжүүлэгч нийт 79 аж ахуйн нэгжид төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийснээс сургуулийн цайны газруудын ажлын байр нь зориулалтын дагуу баригдаагүйгээс үйлдвэрлэлийн байр, үйлчилгээний танхимын технологи урсгал буруу, хүнсний бүтээгдэхүүний агуулах, туслах өрөө тасалгаа дутагдалтай хоол үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагааг нэг дор хийгддэг зөрчил нийтлэг илэрчээ.

Мөн хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын явцад хөргөгч, хөлдөөгчийн температурын заалтыг хянадаггүй, хүнсний агуулах зориулалтын бус, чийглэг температур хэмжигчгүй, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй, хүүхдийн хоол хүнсний чанар аюулгүй байдал, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд тавих дотоод хяналт хангалтгүй, тогтмол бус, шалгалтад үзүүлэх байдлаар баримт бүрдүүлдэг, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар арга хэмжээ авдаггүй, дотоод хяналт хийсэн тайлан гаргадаггүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Хяналт шалгалтын явцад 45 сургуулийн цайны газраас 300 эрүүл зүйн арчдас шинжилгээ авсны 22 хувь нь нянгийн бохирдолтой гарсан байна.

“Үдийн цай”-нд халуун хоол олгох болсонтой холбогдуулан зориулалтын бус ажлын байртай газруудад хоолны газрын хүчин чадал хэд дахин давсан ачаалалтай ажиллаж хүнсний түүхий эдийг хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх, цэвэрлэх болон бусад угаалга, цэвэрлэгээний ажиллагаа бүгд нэг дор явагдаж хоол, хүнс бохирдох, улмаар халдвар, хордлого гарах нөхцлийг бүрдүүлж байгаа аж.

Цаашид Үдийн цайг Үдийн хоол болгосонтой холбогдуулан зориулалтын бус ажлын байртай сургуулиудын хоолны газрыг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу засаж өргөтгөх, шинэчлэх ажлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй.

Шалгалтын явцад авсан арга хэмжээ:

Шалгалтын явцад боловсролын сургалтын байгууллагын удирдлага, багш нарт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, хууль тогтоомжийг мөрдөх талаар байгууллагын сургалтыг зохион байгуулсан байна.

Давхардсан тоогоор 1440 зөрчил илрүүлж 335 буюу 23.2 хувийг шалгалтын явцад арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 817 заалт бүхий 112 албан шаардлага /хамтарсан/, 13 албан даалгавар, шинжилгээний дүнг үндэслэн 63 дүгнэлт, холбогдох хуулийг үндэслэн нийт 39 байгууллага, аж, ахуйн нэгж, иргэнд 25.800 мянган төгрөгний шийтгэвэр оногдуулж, бүрэн барагдуулж ажиллажээ.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх