Д.Сарангэрэл: Сүрьеэгийн эрт илрүүлэг хийхэд зориулж Засгийн газар 50 аппарат авах хөрөнгийг гаргана

Нийтэлсэн: Админ 2019-05-29 15:20:01

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сүрьеэ өвчний тархалттай холбогдуулж улс төрийн жагсаал хийж Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн зохион байгуулж буй жагсаалын талаар мэдэгдэл хийлээ. 

Д.Сарангэрэл сайд мэдэгдэлдээ “Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөл нь Үндэсний хэмжээнд хийсэн сүрьеэгийн тархалтын анхны судалгааг үндэслэн урьдчилан сэргийлэх үзлэг явуулж байна. Үүний үр дүнд сүрьеэгийн халдвар, өвчлөлийг эрт илрүүлэн эмчилж байна. Хэрвээ энэ үзлэгийг цаг алдалгүй зохион байгуулаагүй бол сурагчдад ямар эрсдэл учрах байсныг таашгүй. 1997 оноос хойш дахин сэргэсэн халдварт сүрьеэ өвчин дэлхий нийтийн асуудал болсон учраас 2017 онд Москва хотод сүрьеэгийн асуудлаар Эрүүл мэндийн сайд нарын Их хурал, 2018 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей түүхэндээ анх удаа сүрьеэгийн асуудлыг тусгайлан авч хэлэлцээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд дэлхий дээр 10.8 сая хүн сүрьеэгээр өвдөж, 1.8 сая хүн нас барж байна. Үүний 45 хувь нь Энэтхэг, Орос, Хятад улсад бүртгэгджээ. Монгол Улсын Засгийн газар ч анхаарлаа хандуулж, Эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр баталсны дотор сүрьеэгийн асуудлыг онцгойлон авч үзсэн байдаг. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсний дараа орон даяар анх удаа 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныханд дөрвөн багцаар үзлэг шинжилгээг хийж байна. Энэ дотроос сүрьеэгийн өвчлөл хамгийн их бүртгэгдэж байгаа 18-34 насны иргэдэд анхаарал хандуулж, байгаа бол ЕБС-д газар дээр нь үзлэг шинжилгээ явуулж байна. 90 сургууль хамруулахаас 24-ыг нь хамруулж, 42 тохиолдлыг илрүүлж, эмчиллээ. Эмч мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд сүрьеэгийн тохиолдол жил ирэх тусам буурч байна. 2012-2016 онд 4100 гаруй сүрьеэ өвчний тохиолдол бүртгэгдэж байсан бол 2016 оноос хойш эрчимтэй буурч 3400 гаруй тохиолдол бүртгэгджээ. Цаашдаа ч бодлогын үйл ажиллагааны хүрээнд эрчимтэй бууруулахын төлөө ажиллаж байна” гэлээ. Эрүүл мэндийн яамны зүгээс сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн ажлын онцлог, нөхцөл байдлыг харгалзан үзэж цалинг нь 30 хувиар нэмэгдүүлжээ. 

Сүрьеэгийн эрт илрүүлэг хийхэд зориулж 16 рентген аппарат ашиглаж байгаа бол Засгийн газар дахин 50 аппарат авах хөрөнгийг гаргахаар болжээ. Харин энэ асуудлыг улстөржүүлж буй Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа нь харин өөрийн хувийн лабораториор дамжуулан их хэмжээний мөнгө угаасан гэх баримтыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгөөд буйгаа Д.Сарангэрэл сайд мэдэгдэв. Тэрбээр, энэ талаар ярихдаа “Ж.Амарсанаа таныг эрүүл мэндийн салбараар тоглож, өвчнөөр улс төр хийхээ зогсоохыг шаардаж байна. Та дэд сайд байхдаа ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудтай хийсэн уулзалтынхаа үеэр “Та нар сүрьеэ л яриад байх юм. Элэгний С, В вирусыг ярь л даа” гэж хэлээд хурал орхиод гарч байсан протокол үлдсэн байна. Дэд сайд байхдаа сүрьеэгийн асуудлаар хуруугаа ч хөдөлгөөгүй танд салбарын нөхөд чинь тун гомдолтой байдгийг дуулгая. Таны улс төрийн ашиг сонирхлын цаана хувийн эрх ашиг тань нуугдаж байна. Таны хувийн “Хаппи Веритас” лаборатори Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хувь нэмрээ оруулж байгаа. Гэвч элэгний вирусын шинжилгээ сөрөг гарсан 1882 хүн, эмчилгээнд огт ороогүй 4442 хүн нийт 6324 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх хуурамч баримтаар 700 гаруй сая төгрөг завшсан байх магадлалтай. Энийг бид хууль хяналтын байгууллагад хандсан. Иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс хуулийн байгууллага шалгаж тогтоосны дараа бид олон нийтэд мэдээлэх болно. АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн даргаар эрх ашгийн зөрчилтэй, иргэдийн өвчнөөр бах таваа хангаж, бодит байдлыг гуйвуулж улс төрийн ашиг хонжоо хайж байгаад харамсаж байна” гэв.