Ц.Шаравжамц: Тооллогод хамрагдаж амжаагүй цол зэрэгтэй тамирчдыг цахимжуулж бүртгэлийг нь хийлээ

Нийтэлсэн: Админ 2018-04-24 2:01:36

Ц.Шаравжамц: Тооллогод хамрагдаж амжаагүй цол зэрэгтэй тамирчдыг цахимжуулж бүртгэлийг нь хийлээ

 

 

-Биеийн тамир, спортын салбарт статистикийн үзлэг, тооллого зохион байгуулсан талаар ярилцлага эхлүүлье?



-Монгол Улсын хэмжээнд Биеийн тамир, спортын салбарт анх удаа статистикийн үзлэг, тооллогыг амжилттай зохион байгуулж дууслаа. Үүнийхээ дүнг энэ сарын 16-нд тайлагналаа. 2009 оноос эхлэн Биеийн тамир, спортын захиргааны статистик гаргадаг болсон. Энэ удаад орон даяар 21 аймаг, бүх сум, нийслэл, дүүргүүдийг хамруулан дөрвөн төрлийн асуумжаар нэг сарын турш тооллогоо хийлээ. Тооллогыг БСШУСЯ, Үндэсний статистикийн хороо, Биеийн тамир, спортын газар хамтран хийж 30 түр товчоо байгуулан 800 гаруй тоологч ажилласан нь ихээхэн ач холбогдолтой болсон. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Үндэсний статистикийн хороо мэргэжлийн арга зүйн удирдлагаар ханган стандарт арга аргачлалын дагуу тооллогын ажлыг хийж дуусгасан. Тооллогын үр дүнд захиргааны статистик мэдээллээр гарч байгаагүй дүн мэдээллийг гаргаж чадсан. Биеийн тамир, спортын үзлэг, тооллого нь салбарын статистикийн тоон үзүүлэлтийг бодитоор гаргаж, статистикийн мэдээллийг бүрэн шинэчилж, барилга байгууламжийн үйл ажиллагааны чиглэл, салбарын оруулж буй хувь нэмрийг тодорхойлох ач холбогдолтой арга хэмжээ боллоо.



-Статистикийн анхдугаар үзлэг тооллогын зорилго юу байв?



-Энэхүү анхдугаар үзлэг, тооллогын зорилго нь иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх заал талбайн хүртээмж, ашиглалт, барилга байгууламжийн нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж, цол, зэрэгтэй тамирчид, шүүгч, дасгалжуулагчдын мэдээллийг гаргаж, тухайн спортын төрлийн хөгжил, тэдгээрийн орон нутаг болон улсын хэмжээнд хөгжсөн байдлыг тодорхойлох, урд жилүүдийн захиргааны статистикийн мэдээлэлтэй харьцуулалт хийх, цаашид Биеийн тамир, спортын статистик мэдээллийг боловсронгуй болгох, үр дүнтэй ашигладаг болгоход чиглэгдсэн юм.



-Тооллогоор гарч ирсэн дүн дээр тулгуурлан ямар ажил явуулахаар төлөвлөж байна вэ?



-Тооллогоор гарч ирсэн үр дүнг нэн тэргүүнд салбарын эрдэм шинжилгээний судалгааны суурь болгоно. Биеийн тамир, спортын салбарт төрөөс баримтлах бодлого, эрчимжүүлэх арга замыг тооллогоор гаргасан бодит тоон мэдээллийг үндэслэн хэрэгжүүлнэ. БСШУСЯ,  Биеийн тамир, спортын газар хамтран ажлын хэсэг гаргаж, мэдээллийн цахим сангийн асуудалд анхаарч ажиллана. Тооллогын үр дүнгээр гарсан үзүүлэлтийг Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн “Биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх” гэсэн зорилтын хэрэгжилтийг хангахад ашиглах бөгөөд цаашид төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэхэд юм.



-Энэ тооллогоор ямар дүр зураг харагдаж байна вэ.  Бас ямар хүчин зүйлүүдийг хамруулсан бэ?



-Тооллогын үр дүнд салбарын статистикийн суурь мэдээлэл болоод биеийн тамир, спортын чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын мэдээллийг бүрдүүлэх, биеийн тамирын ажил үйлчилгээг боловсронгуй болгох, үндэсний спортын өв соёлыг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилтын орчинг судлах, тэмцээн, наадмын тогтолцоог боловсронгуй болгох, бүтцийг сайжруулах биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөлтийн хүрээнд сайжруулах боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Түүнчлэн биеийн тамир, спортын барилга байгууламжийн байршлын мэдээллийн цахим сан үүсгэж, салбарын мэдээллийн нэгдсэн нэг чухал дата бий болж байна. Үндэсний статистикийн хорооноос албан ёсоор батлагдсан нэг удаагийн үзлэг тооллогын маягтын дагуу спортын барилга байгууламж, үүнд гадна талбай, спорт заал, улсын цол зэрэгтэй тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг хамруулсан. Цол зэрэгтэй тамирчдын тоог Монгол Улсын хүн амын сантай харьцуулсан. Хувь хүний нэр, регистрийн дугаар зөрсөн үү гэдгийг нягталсан. Цол, зэрэг олгож эхэлснээс хойших материалд тухайн хүний талаарх мэдээлэл дутуу дутмаг байлаа. Тооллогод албан ёсоор хамрагдаж амжаагүй цол зэрэгтэй тамирчдыг цахимжуулж бүртгэлийг нь хийсэн. Бид 2018 онд цол зэрэгтэй тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийн бүртгэлийг шинэчлэн статистикийн тоонд нэмэлтээр оруулах болно. Энэ ажлыг хийхэд техник ажиллагаа учраас олон хүний хүчин чармайлт шаардсан гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Спортын заал танхимыг тоолохдоо урт, өргөн, өндөр гэсэн хэмжээг авч ямар стандартын заал болохыг нь тодорхойлсон. Жишээлбэл, орон нутгийн хэмжээнд тэмцээн, уралдаан зохион байгуулах уу, эсвэл улс, бүсийн тэмцээн зохиож болох уу, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах уу гэдгийг тооллогод тусгалаа. Заалны хийц, загвар, үндсэн чанар, анх байгуулагдсан он, засвар хийсэн байдал, дулаан хангамж зэрэг дээр нэлээд нарийвчилсан судалгааг гаргаж авсан.



-Тухайлбал?



-Улсын хэмжээнд тоологдсон 985 заалны байршлыг гаргаж, Монгол орны газрын зураг дээр тэмдэглэлээ. Үүнийг Үндэсний статистикийн хорооны 1212.mn цахим хуудсаар хэн ч орж үзэх боломжтой. Энэхүү газрын зургийг улсын хэмжээнд анх удаа гаргасан. Мөн заалныхаа улсын хэмжээний дүнг хүн амьтайгаа харьцуулан нэг хүнд ногдох хэмжээг гаргалаа.



-Нэг хүнд ногдох заалны хэмжээгээр ямар аймаг, бүс нутаг тэргүүлж байгаа нь сонин байна?



-Улсын хэмжээнд одоогоор нэг хүнд ногдох заалны талбайн хэмжээ нь 13 см байна. 6-64 насны спортоор хичээллэх бололцоотой хүн амд ногдож байгаа талбай юм. Нэг хүнд ногдох гадаад талбайн хэмжээ нь нэг метр 91 см гэж гарч ирсэн. Энэхүү хоёр талбайг нийлүүлээд үзвэл хоёр метр гаруй болж байна. Олон улсын дүнтэй харьцуулахад энэ бол чамлахааргүй тоо. Мөн судалгаагаар жилийн дөрвөн улиралд ашиглагддаггүй заал талбайг ч гаргасан байгаа. Үүнийг цаашид хэзээ ч ашиглаж болохоор зохицуулалтыг яаж хийх вэ гэдгийг бодлогын хүрээнд ярьж байна.



-Тодруулбал?



-Заалны талбайгаар Өмнөговь аймаг тэргүүлсэн бол түүний араас Говьсүмбэр, Дундговь аймаг жагсаж байна. Энэ нь хүн амд нь харьцуулсан тоо учраас Улаанбаатар, Өвөрхангай, Сүхбаатар аймаг заалны хүртээмжээр сүүл мушгисан байгаа.



-Тэгвэл гадна талбайн тооллогын тухайд?



-Анх хэдэн онд байгуулагдсан ямар хэмжээтэй, ямар төрөлд ашиглаж болох уу гэдгийг нь мөн гаргасан. Нэг хүнд ногдох талбайн хэмжээгээр Булган, Дорнод, Өмнөговь аймаг тэргүүлсэн байна. Харин Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгууд нэг хүнд ногдох гадна талбайн хэмжээгээр хамгийн бага дүнтэй гарсан. 



-Цол, зэрэгтэй тамирчдыг тоолсон талаар дэлгэрүүлж ярихгүй юү?



-Үндэсний төрлөөс бөхийн спортыг сонгосон. Хүн амдаа харьцуулахад ямар байна гэдгийг тооллогоор гаргаж ирсэн. Статистикийн байгууллагын зөвлөж байгаагаар энэ тооллого маань ямар нэгэн дүгнэлт хийхгүй.  Ерөнхийдөө байгаа нөхцөл байдлыг тэр чигээр нь гаргах юм.



-Биеийн тамир, спортын салбарт статистикийн мэдлэгийг дээшлүүлэх өдөр тутмын ажил хэрэглээ болгох тал дээр цаашид ямар арга хэмжээ авах вэ?



-Орчин үед хөгжил болон статистик гэсэн ойлголтуудыг салган ойлгох боломжгүй гэж манай нэртэй эрдэмтэд хэлдэг. Статистик бол хөгжлийн хэмжүүр, хөгжлийн хөтөч байдаг. Статистик бол өнгөрснийг баримтжуулж, өнөөдрийг дүгнэж, ирээдүйг тодорхойлогч юм. Тэгэхээр цаашид биеийн тамир, спортын салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр таамаглаж, болзошгүй эрсдэлийг тооцоолоход статистикийн мэдлэг зайлшгүй эрэлт хэрэгцээтэй болж байна. Тиймээс биеийн тамир, спортын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын статистикийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж, мэргэжилтэн болгон хариуцсан ажил дээрээ судалгаагаа хийх, бүтээлч байх эрмэлзлийг төрүүлэх хэрэгтэй. Ингэж байж манай салбар илүү хурдацтай хөгжиж, ард иргэдэд чанартай ажил, үйлчилгээ үзүүлэх боломж нь бүрдэх юм.